УИХ-ын дарга Г.Занданшатарын өгсөн үүрэг чиглэлийн дагуу УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр /2021.01.26/ “Оюутолгой”-н асуудлаар өлсгөлөн зарлаад буй УИХ-ын гишүүн С.Ганбаатартай Сүхбаатарын талбайд очиж уулзлаа. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар УИХ-ын гишүүн С.Ганбаатарын тавьж буй шаардлага, биеийн эрүүл мэндийн талаар ярилцсан болохыг дурдаад, “Таны байр суурь, санал бодлыг албан ёсоор сонсохоор ирлээ” гэдгээ уламжиллаа. Мөн идэр есийн хүйтэн, цар тахлын үед эрүүл мэндээ бодох ёстойг зөвлөв.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар Лондон, Нью-Йорк, Хонконгийн олон улсын шүүх дээр сөхөж тавиад буй “Оюутолгой” төслийн гэрээтэй холбогдох авлигын асуудлыг УИХ-аар нээлттэй хэлэлцэх, цаашид Монгол Улсын Засгийн газар энэ асуудлаар нэхэмжлэл гаргах ёстой гэсэн шаардлага тавьж, өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдээд, УИХ-ыг төлөөлөн биеэр хүрэлцэн ирж үгийг нь сонсож байгаад талархал илэрхийлэв.
УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ түүний энэ шаардлагыг УИХ-ын даргад уламжлахаа мэдэгдлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.