УИХ-ын гишүүн З.Нарантуяа Завхан аймагт ажиллалаа

  2017-11-07 13:58  1249

УИХ-ын гишүүн З.Нарантуяа 2018 оны улсын төсвийг хэлэлцэж гэж байгаа энэ үед Завхан аймгийн төсвийн хөрөнгө оруулалтын үр ашигтай байдал, зарцуулалт, ажлын гүйцэтгэл зэрэгтэй газар дээр нь танилцахаар  энэ сарын 4-5-ны өдрүүдэд тойрогтоо ажиллалаа.

Улсын төсвийн санхүүжилт нь тодорхой шалтгааны улмаар саатаж, гүйцэтгэл хийгдэж дуусаагүй удаж байгаа тус аймгийн Хөгжимт жүжгийн театрын барилгын явц байдалтай танилцан, 2020 оноос өмнө барилгыг ашиглалтад оруулахад тулгараад байгаа бэрхшээлийг арилгах талаар орон нутгийн удирдлагатай санал солилцов.


Мөн шинээр нээгдэхэд бэлэн болсон Спорт цогцолборын барилгын ажлын явц болон Онцгой байдлын газрын үйл ажиллагаанд шаардагдаж байгаа үйл ажиллагааны зардлын өсөлт зайлшгүй нэмэгдэх хэрэгтэй гэсэн саналуудыг судалж, тооцоолол бодитой төлөвлөгдсөн эсэхийг шалгав. Энэ үеэр тэрээр өнгөрсөн жилүүдэд Завхан аймагт хийсэн бүтээн байгуулалтуудын үр дүнг дүгнэж, ирэх жилүүдэд хийх хөрөнгө оруулалт, санхүүжилтын төсөл хөтөлбөрүүдээ ач холбогдлын хувьд үнэлж, эрэмбэлж, хамгийн чухлаас нь эхэлж санхүүжүүлэх бодлого баримтлана гэдгээ илэрхийллээ.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд төсвийн санхүүжилт хөрөнгө оруулалт бараг хийгдээгүй говийн сумдын эмнэлэг, цэцэрлэг, сургуулийн засваруудыг дуусгах, шинээр  нэмж барих, тухайлбал, аймгийн төвөөс  хамгийн хол оршдог Сантмаргац суманд 320 хүүхдийн суудалтай сургууль, Дөрвөлжин суманд 100 хүүхдийн цэцэрлэг зэрэг шинэ хөрөнгө оруулалтын ажлууд эхэлнэ гэдгийг иргэдтэй уулзах үеэрээ хэлж байлаа.


УИХ-ын гишүүн З.Нарантуяа УИХ дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга бөгөөд Австри улсад ажлын шугамаар явах үедээ тус улсад суугаа элчин сайдаар дамжуулан Монгол Улсад элэгтэй, монголын хүүхдүүдэд туслах чин сэтгэлтэй хүмүүстэй холбоо тогтоож, Завхан аймгийнхаа цэцэрлэгүүдийг үе шаттайгаар хүүхдийн тоглоомоор хангах ажлыг эхлүүлсэн. Энэ ажлын хүрээнд Австри улсын Зальцбург, Тирол муж дахь Монгол улсын өргөмжит консул болон Дунайн их сургуулиас бэлэглэсэн хүүхдийн тоглоомыг Улиастай сумын 6 дугаар цэцэрлэгийн багш, хүүхдүүдэд хүлээлгэн өгөв.


  2017-11-07 13:58  1249