ТУСГАЙ ХЯНАЛТЫН ДЭД ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦСЭН ТАЛААР АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНООС ГАРГАСАН САНАЛ, ДҮГНЭЛТ

  2014-01-29 00:00  607
Илтгэгч нь: Улсын Их Хурлын
гишүүн Н.Энхболд

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Дамдингийн Дэмбэрэлийг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахаар, 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгээс Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс Улсын Их Хурлын гишүүн Раднаасүмбэрэлийн Гончигдоржийг чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн Гаваагийн Батхүүг дэд хорооны бүрэлдэхүүнд оруулах тухай саналыг тус тус Улсын Их Хуралд ирүүлснийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдоржийг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөх, Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү нарыг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд оруулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжсэн болно.

Улсын Их Хурлын гишүүд ээ,

Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн тухай Байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү.

Анхаарал тавьсанд баярлалаа.


АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД
БОДЛОГЫН БАЙНГЫН
ХОРООНЫ ДАРГА Ц.ОЮУНБААТАР



  2016-09-22 08:28  607