УИХ-ын гишүүн, УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал ОУПХ-ны Байнгын хорооны Удирдах товчооны хуралд оролцлоо

  2021-05-14 18:27  237

ОУПХ-ны 142 дугаар Ассамблей 2021 оны 5 дугаар сарын 24-нөөс 28-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдах бөгөөд холбогдох чуулган, салбар хуралдаанууд эдгээр өдрүүдэд үргэлжилж байна.  

ОУПХ-ны НҮБ-ын асуудлаарх байнгын хорооны Удирдах товчооны 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн цахим хуралд УИХ-ын гишүүн, УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал оролцлоо. Тэрээр 2019 онд Катар Улсын нийслэл Дохад зохион байгуулагдсан ОУПХ-ны 140-р Ассамблейн үеэр явагдсан сонгуулиар ОУПХ-ны НҮБ-ын асуудлаарх байнгын хорооны Удирдах товчооны гишүүнээр сонгогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа юм.  

Товчооны хурал 2021 оны зун нийтлэгдэх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тайланд тусгах “НҮБ-75”- “Нийтлэг хөтөлбөр”-ийн тухай хэлэлцүүлэгт парламентчдыг оролцуулах зорилгоор явагдаж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Н.Учрал уг асуудлаар саналаа илэрхийлж үг хэлэв.  

ОУПХ-ны гишүүн 20 гаруй орны 33 төлөөлөгч оролцсон энэ хурлаар “НҮБ-75” Тунхаглалд олон талт харилцааны цар хүрээнд шийдвэрлэх шаардлагатай арван хоёр үүрэг, амлалт багтсаныг онцолж эдүгээ олон орны Засгийн газруудын нэрлээд буй “Нийтлэг хөтөлбөр”-ийг бүрдүүлэгч нэг чухал хэсэг гэж үзэж байгаа юм.

Эдгээр нь бүхэлдээ НҮБ-ын манлайлалтай, олон улсын хүчин чармайлтыг шинэчлэн, илүү тогтвортой, шударга, энх тайвныг эрхэмлэсэн дэлхийг бүтээх зорилготой юм. 



  2021-05-14 18:27  237