“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 21 дугаарын тойм

  2018-06-05 10:24  309


“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудыг нийтэлжээ. Дээрх хуулиудаар импортоор оруулж байгаа гуалингаас бусад бүх төрлийн түлшний зориулалтын мод, тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг гаалийн боло нэмэгдсэн өртгийн албан татвараас 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд тус тус чөлөөлөхөөр заасан бөгөөд Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийг 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр баталсантай холбогдуулан 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд импортоор оруулсан тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцэд ногдуулсан гаалийн болон НӨАТ-ыг татвар төлөгчид буцаан олгохоор хуульчилсан байна.

Мөн дугаарт Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх тухай, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох тухай, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолуудыг нийтэлсэн байна.

Монгол Улсын Их Хурлын санал болгосноор Шилагарьдын Солонгыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Батсүхийн Буяндэлгэр, Цагааны Нанзаддорж, Гомбожавын Туулхүү нарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилж, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Дуламын Сугар, Наваанпэрэнлэйн Жанцан, Тогоочийн Лхагваа, Даваасүрэнгийн Наранчимэг нарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлсөн юм. Түүнчлэн Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүнээр Хээмчигийн Сонинбаярыг томилсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Агаарын бохирдлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг нийтэлжээ.

Мөн дугаарт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг нийтэлсэн байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


  2018-06-05 10:24  309