ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Улсын Их Хурал - Энэ долоо хоногт /2018.01.08-13/

  2018-01-15 11:11  232

 

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Б.Дэлгэрсайхан, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, А.Сүхбат, Я.Санжмятав, Д.Тэрбишдагва нар ХХААХҮ-ийн яамны үйл ажиллагаатай танилцаж, салбарын бодлого, зорилт, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсов. 2018.01.08


УИХ-ын Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжлээ. 2018.01.09




Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд “Өгөөж-Чихэр боов”, “Үлэмж органик” ХХК, “Сүү” ХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, сүү, цагаан идээний үйлдвэрлэл, хэрэглээг дэмжихийг уриаллаа. 2018.01.09

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар  Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэн Байнгын хорооны хуралдаанаар ахин хэлэлцэж эцэслэхээр тогтлоо. Дараа нь Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэнгүй. Мөн хуралдаанаар Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив. 2018.01.09

 

 


УИХ-ын НББСШУ-ны байнгын хороо, БСШУС-ын яамтай хамтран Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, тус салбарын хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, санал, дүгнэлт боловсруулах ажлын хүрээнд соёл, урлагийн салбарын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа. 2018.01.10


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Дараа нь “Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын саналыг дэмжив. Мөн Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа. 2018.01.10


УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Улсын Хурлын тогтоолын төсөл -ийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудал хэлэлцэхийг дэмжив. 2018.01.10


УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос иргэдээс ирүүлж байгаа өргөдлийн талаар болон цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийж Хувь хүний орлогын албан татварын тухай, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцад холбогдуулан ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдол, Түүнчлэн Агаарын бохирдол, түүний хор хохирлыг бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцуулав. 2018.01.10



УИХ-ын дарга М.Энхболдын захирамжаар “Улсын Их Хурал болон Байнгын хороо, Дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх” үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэгээр ахлуулан, 15 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа. 2018.01.10


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос эрхлэн "Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн асуудал, туршлага" сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцогчид Улсын Их Хурлын гишүүдийн сахилга хариуцлага, ирц, ёс зүй, төлөвшил, чадавхи, нэр хүнд, мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл, улс орны хөгжлийн тулгамдсан асуудалтай холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлэв. 2018.01.10




УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны эхэнд Мал, амьтны эрүүл мэндийн тухай болон Малын генетик нөөцийн тухай хуулийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээллийг сонсов. 2018.01.10


УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг Дэлхийн банкны Зүүн өмнөд Ази болон Номхон далайн бүсийн  Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарын менежер Филип Окейфийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар ярилцлаа. 2017.01.11


УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахаар тогтлоо. Мөн хуралдаанаар Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаархи Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулан хэлэлцүүлэхээр тогтлоо. 2017.01.11 




Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж, тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах байнгын хороонд шилжүүллээ. Дараа нь Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дуусгаж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй болон Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. 2017.01.11 


УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй болон Төсвийн байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 2017.01.11 


Улсын Их Хурлын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. 2017.01.11 




Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өргөн мэдүүллээ. 2018.01.12


Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл - ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр нь батлав. Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл -ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж бүхэлд нь батлав. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн санаачлан боловсруулж 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Төвбанк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь баталлаа. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг бүхэлд нь батлахыг дэмжив. 2018.01.12


УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр батлав. Дараа нь Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ. 2018.01.12


УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэддээ хандан үндэсний цагаан идээний үйлдвэрлэл, хэрэглээг дэмжих уриалга гаргасан билээ. Уг уриалгад дэвшүүлсэн асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх нарт хүсэлт хүргүүлж, албан тоот илгээлээ. 2018.01.12


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар зарим хүнийг төрийн дээд цол, одонгоор шагнасныг Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойн өдөр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд гавьяат эдийн засагч цолоор Аюушийн Бааст, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Доржхүүгийн Лонжидсүрэн, Раднаажавын Чойжинням, Ламжавын Батчулуун нарыг шагнав. 2018.01.13


Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол боллоо. 2018.01.13


Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүн УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Саранчимэг, Н.Оюунхорол нар Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд ажиллав. 2018.01.13


Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойг тохиолдуулан үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж, Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанд 256 бөх зодоглосноос Увс аймгийн Улаангом сумын харьяат улсын шинэ гарьд Ө.Бат-Орших түрүүлж, Булган аймгийн Могод сумын харьяат начин Э.Энхбат үзүүрлэв. 2018.01.13

 

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс



  2018-01-15 11:11  232