Цэс

Холбоо барих

Улаанбаатар-Эрхүүгийн цахим буухиад оролцож, үг хэллээ


Энэ онд Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож буй билээ. Түүхэн ойг угтаж “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэг, Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв хамтран “Хамтдаа 100 жил” найрамдлын буухиа цуврал цахим арга хэмжээг 2021 оны хоёрдугаар сараас эхлэн зохион байгуулж байна.

Найрамдлын буухиа нь Улаанбаатар-Москва, Улаанбаатар-Новосибирск, Улаанбаатар-Барнаул, Улаанбаатар-Горно Алтайск-Кызыл, Улаанбаатар-Эрхүү, Улаанбаатар-Улаан-Үд, Улаанбаатар-Чита, Улаанбаатар-Элиста гэсэн маршрутаар 8 сарын турш үргэлжлэх бөгөөд өнөөдөр (2021.05.20) Улаанбаатар-Эрхүүгийн 5 дахь шатны арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Шууд харилцааны нээлттэй онлайн орчин ажиллуулах, хамтран ажилладаг түнш байгууллагуудын хэлхээ холбоог өргөтгөх, улмаар Монгол, Оросын найрамдал, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд энэхүү арга хэмжээний гол зорилго оршиж байгаа ажээ.

Цахим буухиад Монгол, Оросын төр, нийгмийн зүтгэлтэн, бүс нутгийн удирдлагууд, их, дээд сургууль, шинжлэх ухаан, бизнес, үйлдвэрлэлийн төлөөлөл, найрамдлын нийгэмлэг, холбоодын удирдлага, ОХУ болон ЗХУ-д Монголоос сургууль төгсөгчид, соёл урлагийн салбарын төлөөлөл оролцож байна.

Өнөөдөр болсон арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож үг хэллээ.


Тэрбээр 100 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэх ажлын гарааг эхлүүлж, хамтран зохион байгуулж буй “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэг, Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн хамт олонд талархал илэрхийлээд, коронавирусийн цар тахал нүүр тулан уулзаж ярилцахад төвөг саад учруулж байгаа хэдий ч өнөөдөр Эрхүүгийнхэнтэйгээ учран золгох сайхан боломж олдсонд баяртай байна гэв.

Түүнчлэн Эрхүүгийн улс ардын аж ахуйн дээд сургууль буюу өдгөөгийн Байгалийн улсын их сургуульд суралцаж байсан үеэ дурсаж, “Орост суралцсан тэрхүү таван жил миний ирээдүйн ажил амьдрал өөдрөг байх олон чухал мэдлэг, чадварыг олгосон юм. Миний оюутан ахуй үе өөрчлөн байгуулалт, манай хоёр орны хөгжил шинэ гараанд шилжих цаг хугацаатай давхацсан бөгөөд энэхүү шинэ эриний эргэлт нь Зөвлөлтийн төдийгүй Монголын ард түмний хувь заяанд хүчтэй нөлөөлсөн билээ” гэж дурсав.

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ онд Эрхүү хот дахь Монголын ерөнхий консулын газар байгуулагдсаны 50 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд,  Ерөнхий консулын газар Эрхүү хотын захиргаа болон бусад байгууллагуудтай хамтран ойгоо өргөн хүрээнд тэмдэглэнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж, Эрхүүгийн улсын их сургуулийн Багшийн дээд сургуулийн үүдэнд Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Базарын Ширэндэвийн дурсгалын самбар босгосонд талархлаа. Мөн ах дүүгийн харилцаатай Дархан, Братск хотуудын хамтын ажиллагаанд амжилт хүсэж, олон зууны түүхтэй манай хөрш хоёр орны хувьд ийм харилцаа нэн чухал болохыг онцоллоо.  


Тэрбээр ”Энэхүү цахим буухиа Монгол, Оросын хамтын ажиллагаа, найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх чиглэлээр анд нөхөдтэйгээ яриа хөөрөө өрнүүлэх нээлттэй талбар болох нь дамжиггүй. Улаанбаатар-Эрхүүгийнхний энэ онлайн уулзалтаар бидний эртний улбаатай, бүхий л салбарыг хамарсан, ах дүү ёсны харилцааны талаарх сайхан дурсамжууд өрнөж, Улаанбаатар болон миний насан залуугийн хайртай хот Эрхүү хоорондын цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр шинэ санаа, санаачилгууд гарна гэдэгт найдаж байна” гэв.

Цахим буухиад Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор, “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, Монгол, ОХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор, Орхон, Дорноговь аймгийн Засаг дарга С.Батжаргал, О.Батжаргал, нийслэлийн Засаг даргын орлогч Б.Одсүрэн, ШУТИС-ийн ретор Б.Очирбат, Орос, Зөвлөлтөд их, дээд сургууль төгсөгчдийн Монголын холбооны дэд ерөнхийлөгч Д.Цогзолмаа, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх, “Россотрудничество” агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн А.Р.Базархандаев, Эрхүү мужийн хууль тогтоох хурлын дарга А.В.Ведерников, хурлын орлогч дарга К.Р.Алдаров, мужийн захиргааны орлогч дарга А.Л.Ситников, Дорнод Сибирийн худалдаа үйлдвэрлэлийн холбооны ерөнхийлөгч А.И.Соболь, УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн орлогч дарга И.В.Милостных, Эрхүүгийн Улсын их сургуулийн ректор А.Ф.Шмидт, Эрхүүгийн зам, харилцааны их сургуулийн ректор А.П.Хоменко нарын зэрэг хүмүүс оролцов.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл