Цэс

Холбоо барих

Боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүд зарим сургуулиудад ажиллалаа

Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийн хэрэгжилтийг хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа нар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 55 дугаар сургууль, Хөгжлийн бэрхшээлтэй нялхсын 10 дугаар сувилал болон Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.


Боловсролын тухай хуулийн 42.1 дэх хэсэгт “Боловсролын сургалтын байгууллагын барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж нь багш, ажилтан, суралцагчийн хөдөлмөрийн онцлогт тохирсон, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тусгай хэрэгцээнд нийцсэн, эрүүл ахуй,аюулгүй байдлын шаардлагыг хангасан байна“ гэж заасан байдаг.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 55 дугаар сургуульд тусгай хэрэгцээтэй  505 хүүхэд суралцаж байгаа бөгөөд 114 багштай. Сурагчдыг бэрхшээлээр нь ОУХБ-тэй,  аутизмын хүрээний эмгэг, дауны хам шинж, тархины саажилт, зан төлөвийн эмгэгтэй гэж ангилан хүүхэд тус бүрийн онцлогт тохирсон хөтөлбөр боловсруулж, хүүхэд нэг бүртэй тулж ажилладаг онцлогтой гэж тус сургуулийн захирал Ч.Ганбилэг танилцуулж байлаа.



Тухайн сургуулийн онцлог нь сурагчдаа нийгмийн амьдралд оролцоотой болгох, бусдын дэмжлэггүйгээр бие даан амьдрах чадвар, дадлыг олгоход түлхүү анхаарч ажилладаг аж. Хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүдэд онцгой арчилгаа шаардагддаг. Стандартын дагуу хөгжлийн бэрхшээлтэй сурагчид нэг ээлжид хичээллэж, үдээс хойш засан сайжруулах хичээлүүдэд хамрагдаж байх ёстой. Гэвч хүүхдийн тоо 500 гаруйд хүрч, хичээлийн 3 ээлжид шилжих дөхөөд байна. Иймд сургуулийн өргөтгөл, шаардлага хангасан биеийн тамирын заал шинээр байгуулах, бусад тохижилт шаардлагатай байгааг ажлын хэсгийн гишүүдэд уламжилж байв. Мөн мэргэжлийн сургалт олгож байгаа ахлах ангийн сурагчдад чадамжийн гэрчилгээ олгодог болгох гэхчлэн зохицуулалт шаардсан асуудал байдгийг ч дурдлаа.


Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборын шинэ байрны асуудлыг найман жил хөөцөлдсөний эцэст 2020 онд шийдэгдсэн. Одоо 6-12 насны хүнд хэлбэрийн саажилттай хүүхдүүдийн асуудлыг яах вэ гэдэг асуулт шийдлээ хүлээж байна. Хөнгөн хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүд тусгай сургуульд суралцдаг бол хүнд хэлбэрийн хүүхдүүдэд очих газар байхгүйгээс энэ яслид ирдэг. Эргээд яслийн насны шаардлагатай хүүхдүүдээ хамруулж чадахгүй байх зэрэг хүндрэл гарч байгаад шийдэл, гарц олох, холбогдох эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлага  байгааг онцолж байсан.



Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийн хэрэгжилтийг хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч,  УИХ-ын гишүүн Ч.Ундрам, ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа болон дэд ажлын хэсгийн гишүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 55 дугаар сургууль, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборын үйл ажиллагаатай танилцсаны дараагаар тэгш хамруулах боловсролын бодлогын хүрээнд багш, мэргэжилтэн бэлтгэж байгаа Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн багш нартай уулзаж, мэдээлэл солилцлоо.

УИХ-аар Боловсролын багц хуулийг хэлэлцэж байгаа энэ цаг үед Ажлын хэсгийн гишүүд салбарын эрдэмтэн судлаачдын үгийг сонсож, нөхцөл байдалтай газар нь дээр танилцаж байгаад талархалтай хандаж байгаагаа Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн багш нар илэрхийллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл