БНАСАУ, АНУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын өмнө Улаанбаатар хотноо “Солонгосын нэгдлийг хангах нь” сэдэвт олон улсын бага хурал болж байна. Энэхүү хурлыг нээж УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэг үг хэллээ.
Тэрбээр "Энэхүү олон улсын бага хурал нь бүс нутгийн улс орнуудын төрийн бус байгууллагуудын санал, санаачилгаар болж буй нь цаг үеэ олсон чухал ач холбогдолтой арга хэмжээ юм. Сар гаруйхан хугацааны өмнө болсон нэгэн томоохон үйл явдал бол өнгөрсөн сарын 27-ны өдөр БНСУ-ын Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин болон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын уулзалт бөгөөд “Солонгосын хойгийн энх тайван, хөгжил цэцэглэл, нэгдлийн талаарх Панмунжеомын Тунхаглал”-д гарын үсэг зурсан явдал байлаа.
Мөн удахгүй АНУ-ын Ерөнхийлөгч, Хойд Солонгосын удирдагчийн дээд хэмжээний түүхэн уулзалт болох гэж байгаа нь цаашид тус бүс нутаг дахь хурцадмал асуудлыг намжаахад томоохон хувь нэмэр болох учиртай бөгөөд улмаар Солонгосын хойг цөмийн зэсвэггүй бүс нутаг болоход алхам алхмаар ойртож буйн илрэл юм.
Манай улс БНАСАУ-тай 1948 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Харин 1990 онд БНСУ-тай дипломат харилцаа тогтоож, эдүгээ хоёр орны харилцаа бүхий л салбарт амжилттай хөгжиж байгаа билээ.
Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагаанд цөмийн зэвсгээс ангид статустай манай улс бүхий л түвшинд идэвхтэй оролцож ажиллах нь зүйн хэрэг юм" хэмээн онцлов.
Олон улсын энэхүү бага хуралд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, БНСУ-ын Парламентын гишүүн И Жон Гил, Япон Улсын Парламентын гишүүн асан Кимата Ёшитаке, “Нэг Солонгос сан”-гийн тэргүүн, доктор Жай Пүн Риу, Дэлхийн Энхийн сангийн гүйцэтгэх захирал Жеймс Флинн, Дипломат академийн захирал О.Бэхбат, Элчин сайд Ч.Ломбо болон Монгол Улс дахь БНАСАУ-ын Элчин сайдын яамны ажилтнууд, судлаач эрдэмтэд зэрэг 80 гаруй төлөөлөл оролцож байна. Бага хурал маргааш үргэлжлэх юм.