Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд К.Бойког хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан өнөөдөр (2021.09.10) Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойког хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтын эхэнд Элчин сайд Кшиштоф Бойко Улсын Их Хурлын дэд даргыг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Малгожата Гошевскагаас Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайханд ирүүлсэн Польш Улсад айлчлах урилгыг гардуулав. Тэрбээр, энэ айлчлал нь хоёр талын нийтлэг сонирхол, хөгжлийн ирээдүйн асуудлууд болон парламент хоорондын харилцаа, эдийн засаг, шинжлэх ухаан, соёлын салбар дахь хамтын ажиллагааны асуудлаар байр сууриа нэгтгэх, санал солилцох сайхан боломж олгоно хэмээснийг уламжлав.

Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан хоёр орны хамтын ажиллагаа олон салбарт идэвхтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа уулзалтын эхэнд тэмдэглээд Монгол, Польшийн харилцаанд парламент хоорондын хамтын ажиллагаа онцгой байр суурь эзэлдэг, энэ үйлсэд Польшийн Сеймийн дэд маршал хатагтай М.Гошевска үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархаж байна гэв. Тэрбээр, Сеймийн дэд маршал хатагтай М.Гошевскагийн урилгыг талархан хүлээж авч, энэхүү айлчлалд өндөр ач холбогдол өгч байгаагаа илэрхийлэв. Мөн Монгол, Польшийн уламжлалт найрсаг харилцаанд соёл, боловсролын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлж ирснийг бид өндрөөр үнэлдэг гэв.

 

Талууд хоёр улс хоорондын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, төлөвлөгдөж буй харилцан айлчлал зэрэг асуудлаар санал солилцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл