Инфографик: Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн танилцуулга

  2022-03-25 10:54  286

    Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит болон 2022 оны ээлжит бус чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн

 тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

 ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

    Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталсан.

    Дэлхий дахинд өргөн тархаж буй блокчэйн технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээ Монгол Улсад ч өргөн дэлгэрч сүүлийн саруудад виртуал хөрөнгийн арилжааны платформын тоо ихээр нэмэгдэж, койн, токен гаргах нь олширч, олон нийтээс хөрөнгө татахын зэрэгцээ иргэд, олон нийт эдгээрт хөрөнгө оруулах сонирхол нь өсөн нэмэгдсээр байна.

    Виртуал хөрөнгийн үйлчилгээ нь технологийн дэвшлийг ашиглаж, бага зардалтайгаар санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх давуу талтай ч койн, токенуудыг арилжаалах үйл явц нь богино хугацаанд, өндөр үнийн дүнтэйгээр явагдаж байгаагаас энэхүү үйл явцыг дагасан цахим гэмт хэрэгт иргэд, хөрөнгө оруулагчид өртөх, цаашлаад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгт холбогдох өндөр эрсдэлтэй тул тусгайлсан эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай байсан.

    Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль нь виртуал хөрөнгийн зах зээл дээр үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг бүртгэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих, түүнтэй холбоотой эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон суурь харилцааг зохицуулсан 4 бүлэг, 17 зүйлтэй анхдагч хууль юм. 


    Хуульд “виртуал хөрөнгө” гэх нэр томьёог тодорхойлсон бөгөөд эдийн бус хөрөнгөд хамааруулахаар зохицуулсан. Гэхдээ виртуал хөрөнгө нь мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөрийн хэрэгсэл биш.

    Виртуал хөрөнгийг зөвхөн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлсэн компаниар дамжуулан нийтэд санал болгох, худалдах бөгөөд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй компаниудын (хөрөнгийн эх үүсвэр нь хууль ёсны байх, мэдээлэл, технологийн дэд бүтцийн тасралтгүй, найдвартай ажиллагаа, нууцлал, аюулгүй байдлыг хангасан байх, бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологитой холбоотой мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээг хийсэн болон эрсдэлийг бууруулах, удирдах талаар авах арга хэмжээний төлөвлөгөөтэй байх зэрэг) болон мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор баталсан бусад журмуудад заасан шаардлагуудыг хангаснаар виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлэх боломжтой болох юм.

    Түүнчлэн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь энэ хуульд заасан дээрх журмуудаар тодорхойлсон үүрэг, шаардлагыг хангаж Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэгдсэн тохиолдолд үйл ажиллагаандаа харилцагчдаа таньж мэдэх, тэдгээрийн хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны эсэхийг тогтоох, виртуал хөрөнгийг эзэмших, арилжихад учирч болох техникийн болон залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болох эрсдэлүүдийг урьдчилан харилцагч нарт мэдэгдэх үүргийг биелүүлж ажиллах талаарх зохицуулалтыг тусгасан. 

    Хуульд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэх болон мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор тухайн компаниудын үйл ажиллагаанд хяналт тавих, эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийх, эдгээртэй холбоотой нарийвчилсан харилцааг зохицуулах буюу виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн бүртгэл, зохистой засаглал, үйл ажиллагаа, тайлан мэдээнд тавигдах шаардлага, тохиромжтой этгээдийг тодорхойлох, хувь нийлүүлсэн хөрөнгө болон өөрийн хөрөнгийн хэмжээг тогтоох, үйл ажиллагаанд зайны болон тухайн газар дээр нь хяналт шалгалт хийх, хязгаарлалт тогтоох, түр зогсоох зэрэг асуудлыг Санхүүгийн зохицуулах хорооны бүрэн эрхэд хамааруулахаар зохицуулсан. 

    Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэснийг тухайн виртуал хөрөнгөд өгч буй баталгаа гэж үзэхгүй бөгөөд виртуал хөрөнгийн үйлчилгээнд хамаарах үйл ажиллагааны үр дүнд үүссэн хохирлыг төр хариуцахгүй байх, түүнчлэн виртуал хөрөнгийг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлсэн компаниар дамжуулахгүйгээр нийтэд санал болгох, худалдахыг хориглосон бөгөөд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан мэдээлэх үүрэгтэй этгээд болох тул тухайн хуульд заасан үүргүүдийг биелүүлж ажиллахыг зааж өглөө.

    Виртуал хөрөнгийн үйлчилгээг бүртгэлгүйгээр эрхэлсэн, үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлсэн компаниар дамжуулахгүйгээр нийтэд санал болгож худалдсан, өөрийн харилцагчийн тухайн үйлчилгээнд хамаарах виртуал хөрөнгийг гүйлгээ хийх, шилжүүлэх, арилжих, хадгалах, удирдах нөхцөл, боломжийг тасралтгүй хангаж ажиллах, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч, түүний эрх бүхий албан тушаалтан болон холбогдох этгээд нь хуульд заасан шаардлагыг хангаж ажиллаагүй, эсхүл үүргээ хэрэгжүүлээгүй бол Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагыг хүлээлгэхээр, түүнчлэн виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашиглах, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашигласан тохиолдлуудыг гэмт хэрэгт тооцож Эрүүгийн хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг тусгаж өгсөн.

    Энэ хууль батлагдсанаар төвлөрсөн бус тархмал систем (блокчэйн), дэвшилтэт технологи дээр суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, виртуал хөрөнгийг хүлээн зөвшөөрдөг, цахим шилжилтийг дэмжсэн, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн холбогдох харилцааг зохицуулсан эрх зүйн орчинтой улс болсноор гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах, цаашид эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх суурь нөхцөл бүрдсэн гэж үзэж болох юм. 

Улсын Их Хурлын Тамгын газар



  2022-03-25 10:54  286