Цэс

Холбоо барих

МУ-ын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдыг томилох тухай асуудлаар БОХХААБХ болон Эдийн засгийн байнгын хорооноос гарсан санал, дүгнэлт

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ҮЙЛДВЭР, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫГ ТОМИЛОХ ТУХАЙ АСУУДЛААР БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БОЛОН ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРООНООС ГАРСАН САНАЛ, ДҮГНЭЛТ

2014 оны 6 дугаар                                                                                                                                                                                        Улаанбаатар

сарын 10-ны өдөр                                                                                                                                                                                                   хот

                                                                                                                                                    Илтгэгч: Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан


Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар Шаравдоржийн Түвдэндоржийг томилуулах саналаа 2014 оны
6 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг Байгаль орчин, хүнс, хөдөө ахуйн болон Эдийн засгийн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.6, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хамтарсан хуралдаанаар хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр, А.Тлейхан, Я.Содбаатар нар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Ч.Сайханбилэг болон нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авсан болно.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Дашдорж нэр дэвшигчийг дэмжиж хөдөө аж ахуйн салбарт Сайншандын аж үйлдвэрийн парк байгуулах ажил хангалтгүй байгаад анхаарч ажил хэрэг болгох нь зүйтэй гэсэн саналыг хэллээ.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад нэр дэвшигч Шаравдоржийн Түвдэндорж нь 1985-1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг радио, холбооны инженер, 1999 онд Отгонтэнгэр их сургуулийг хуульч, 2000 онд Удирдлагын академийг төрийн захиргааны менежерээр төгссөн бөгөөд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.

Тэрээр Ардын армийн 124 дүгээр ангид салааны захирагчаас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар тус тус ажиллаж иржээ.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар Шаравдоржийн Түвдэндоржийг томилуулах Ерөнхий сайдын саналыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хороо Шаравдоржийн Түвдэндоржийг Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар томилуулах Ерөнхий сайдын саналыг дэмжихдээ түүний удирдах ажлын туршлага, гүйцэтгэх чадварыг харгалзан үзсэн болно.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар Шаравдоржийн Түвдэндоржийг томилох тухай асуудлаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.




БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС,                                                        ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН
ХӨДӨӨ АЖ АХУЙН                                                                   БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА
ХОРООНЫ ДАРГА Г.БАЯРСАЙХАН                                     Б.ГАРАМГАЙБААТАР


































































































Хуваалцах:

Холбоотой мэдээлэл