Цэс

Холбоо барих

Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Д.Батлут, Ц.Идэрбат, Н.Наранбаатар, Ц.Сандаг-Очир, Т.Энхтүвшин нар УИХ-ын дарга Г.Занданшатарт Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр (2022.03.24) өргөн мэдүүллээ. 


Зөрчлийн тухай хуулийг Монгол Улсын Их Хурлаас 2015 оны арван хоёрдугаар сарын 4-ний өдөр баталж, 2016 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтсон ч хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил бүрэн хангагдаагүй, шаардлагатай дүрэм, журам батлагдаагүй, хуулийн хэрэгжилтийг хангах алба хаагчдад зориулсан сургалт, олон нийтэд шинэ хуулийн үзэл баримтлал, агуулгыг таниулах сурталчилгааны ажлууд хийгдээгүй зэрэг шалтгааны улмаас Монгол Улсын Их Хурал 2016 оны наймдугаар сарын 30-ны өдөр Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталж, дагаж мөрдөх хугацааг 2017 оны долдугаар сарын 1-ний өдөр хүртэл хойшлуулж байсан.


Зөрчлийн тухай хууль нь 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн ч зөрчлийг тодорхойлохдоо Эрүүгийн хуульд заасан зарим төрлийн гэмт хэргийн шинжтэй давхардуулсан, зарим зөрчлийг тусгалгүй орхигдуулсан, зөрчлийн хариуцлагыг давхардуулан тодорхойлсоноос тус хуулийг хэрэгжүүлэхэд төвөгтөй нөхцөл үүсгэж, хууль ёсны зарчмыг гажуудуулах үр дагаврыг бий болгосныг засаж, боловсронгуй болгох шаардлагатай хэмээн хууль санаачлагчид үзжээ.

Мөн зарим тодорхой төрлийн зөрчилд оногдуулах торгуулийн хэмжээг хэт өндөр хэмжээгээр тогтоосон, үр дагаврын хувьд харьцангуй хөнгөн, түүнийг тэр даруй залруулах боломжтой, цаашид дахин уг зөрчлийг гаргахгүй байхыг эрх бүхий этгээдээс анхааруулж сануулан шийдвэрлэх боломжтой олон тооны зөрчил байхад ийм үр дүнтэй аргыг ашиглахгүйгээр шууд торгох шийтгэлийг урьтал болгодгийг залруулан, эхний удаа “Сануулах”, үүний дараа “Торгох” гэсэн зарчмыг баримтлах шаардлагатай байгаа тул нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилсан байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл