МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ БАТЛАГДСАНЫ ДАРАА МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ХЭЛСЭН ҮГ
Бүрэн эрхт тусгаар Монгол Улсын нийт иргэд ээ,
Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд аа,
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт батлагдлаа.
Хорь гаруй жил яригдаж, сүүлийн 3 парламент дамжин идэвхтэй өрнөсөн, 4 төсөл өргөн баригдсан Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, ирээдүйн зам мөрөө тэгшлэн засах олон жилийн, олон хүний хүсэл эрмэлзэл ажил хэрэг боллоо.
Монголын ард түмний сонголтоор байгуулагдсан 7 дахь удаагийн Улсын Их Хурал энэхүү үйл хэргийг 3 жилийн турш өрнүүллээ. Нэмэлт, өөрчлөлтийн төслийн эх өргөн баригдсанаас хойш Улсын Их Хурал 5 сарын турш тасралтгүй хэлэлцэж, зуны сард ч завсарлагагүй ажилласан. Энэ хугацаанд чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанаар нэмэлт, өөрчлөлтийн төслийг 36 удаа 105.9 цаг хэлэлцжээ. Улсын Их Хурлын гишүүд төслийн танилцуулга, хэлэлцүүлгийг 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулж, иргэдээс 306 мянган санал ирсэн байна.
Төрийн ордонд олон өдөр үргэлжилсэн хэлэлцүүлгээр төрийн болон төрийн бус байгууллага, улс төрийн намууд, эрдэмтэн судлаачдаас 600 гаруй санал гарсан. Эдгээр санал нэг бүрийг нухацтай авч үзэж, хэлэлцлээ. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг нийгмийн зөвшилцлийг хангаж, өргөн хүрээг хамруулан хэлэлцэж, баталж байгаа юм.
Энэ үйл хэрэг амар хялбар байгаагүй ээ. Гэхдээ бэрхшээл саад тохиолдсон гэхээсээ илүүтэй асар их хариуцлага, эх орон, ард түмэн, ирээдүй маргаашаа бодсон чин сэтгэл, хичээнгүй тууштай зүтгэл, нөр их хөдөлмөрийг шаардсан гэж хэлж болно. Ойлголцол, зөвшилцлийг гүнээ эрхэмлэж, түмний төлөөх үйл хэрэгт хүчээр түрэхийг бус, хүлцэн тэвчих, нэгдэн хамтрах зарчмыг баримталж ажилласан.
Төсөл, санал ирүүлж, зөвшилцөн хэлэлцэж, хамтарч ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурлын эрхэм гишүүд, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудад гүн талархлаа илэрхийлье.
Энэхүү үйл хэрэг зөв оновчтой, бүтэмжтэй сайн байгаасай хэмээн мэргэн ухаан, үнэт сургаалаа харамгүй хайрласан Монголынхоо нийт ард түмэнд, эрдэм мэдлэг, оюун билгээ шавхан дайчилсан эрдэмтэн судлаачдадаа, түүний дотор ачааны хүндийг үүрсэн Ажлын дэд хэсгийн гишүүдэд, нүсэр ажлын найдвартай ар тал болж ажилласан Улсын Их Хурлын Тамгын газрын хамт олонд, онцгойлон Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын албаныханд чин сэтгэлийн талархал дэвшүүлье.
Эрхэм нөхөд өө,
Бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нам, улс төр, бүлгийн ашиг сонирхлоос ангид, зөвхөн Монгол Улс, Монголын ард түмний язгуур эрх ашигт нийцэж байх тулгуур зарчмыг баримталсан. Түүнчлэн одоо л өөрчлөхгүй бол оройтно, өнөөдрийг алдвал маргаашийн өмнө хариуцлага хүлээнэ, бид хийхгүйгээр хэн хийнэ гэж хүлээж суух вэ гэсэн итгэл үнэмшлээ мөрдлөг болгосон.
“Өнгөрсөн бол сургамж, өнөөдөр бол боломж, маргааш харин бэлэг” гэж Махатма Ганди хэлсэн байдаг. Тиймээс өнгөрсөн сургамжаа цэгнэн дүгнэж, өнөөгийн түүхэн боломжийг алдалгүй ашиглаж, маргаашийнхандаа бэлэг барих ёстой гэж бид үзсэн юм.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан энэхүү томоохон нэмэлт, өөрчлөлт төр тогтвортой, түмэн амгалан, засаглал нь тэнцвэртэй, шүүх нь хараат бус, нутгийн удирдлагын тогтолцоо нь зөв болж, ТӨР ЦЭГЦРЭХ ИХ ӨӨРЧЛӨЛТ-ийг авчирна гэдэгт эргэлзэхгүй байна. Үүний төлөө бид хичээн зүтгэсэн билээ. Тиймээс ӨӨРЧЛӨЛТ маань эрүүл нийгэм, шударга улс төр, хөгжсөн эдийн засаг руу биднийг хөтлөн замчилна гэдэгт итгэлтэй байна.
“Холын зорилго үгүй бол ойрын зовлон оршино” гэж Эзэн богд Чингис хаан хэлсэн билээ. Тиймээс ойрын зовлонгоо арилгаж, холын зорилгодоо хүрэх нь энэ цагийн бидэнд ногдсон хүндэт үүрэг юм.
Эх хуулийн энэхүү нэмэлт, өөрчлөлт хууль эрх зүйн хувьсгалын эхлэл болох болно. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагалдан Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Шүүхийн тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хууль зэрэг 30 шахам хуульд өөрчлөлт орно. Эрх зүйн хувьсгалаар нийгэмд шударга ёс, төрд эмх цэгц, сахилга хариуцлага баттай ноёрхох суурийг тавих болно.
Үр дүнд нь парламентат ёс бэхжиж, зөвхөн хууль засагласан, шударга ёс ердийн хэм хэмжээ болон төлөвшсөн, хариуцлага сахилга бүх шатанд хэвшсэн, баялгийн өгөөж тэгш, шударга хүртээгдэж, хүний хийгээд нийгмийн хөгжилдөө зориулагдсан хөгжингүй улс орон болно гэдэгт эргэлзэхгүй байна.
Өнөөдрөөс өөр байхыг, өөрчлөгдөн хувьсахыг, буруудсанаа залруулахыг Монгол Улсын эрх ашиг шаардаж байна. Энэ шаардлагыг хэрэгжүүлэхийн төлөөх өөрчлөлт Үндсэн хуулиасаа эхэлж байна гэдгийг бид ойлгох ёстой. Тиймээс Үндсэн хуулиа сахин дагаж, шинэ нэмэлт, өөрчлөлтийг сайн цагийн уриа дуудлага хэмээн хүлээн авч, зөв тууштай хэрэгжүүлэхийн төлөө бүх нийтээрээ хамтран зүтгэцгээхийг уриалъя. Монголоо Монголоор нь үлдээж, монгол түмнээ мохоохгүйн төлөөх эрхэм зорилго энэ өөрчлөлтөөр дамжин хэрэгжих учиртай.
Эцэг өвгөдийн бидэнд өвлүүлсэн, эрдэнэсийн эх орондоо амар түвшин, айх аюулгүй, бухимдах зовлонгүй, аз жаргалтай амьдран суухыг л ард түмэн маань хүсэж байгаа. Энэ хүсэмжлэлийг төр нь биелүүлэх ёстой. Монголын төр оршин байхын утга учир ч энэ билээ.
Монгол түмэндээ төрөө түшиж, түмнээрээ жаргаж, Их Монголын суу алдрыг эгнэгт бадраахын өлзийт ерөөлийг өргөн барья.
Мөнх тэнгэрийн дор Монгол орон мөнх оршиж, мандан бадрах болтугай.