Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжлээ

  2021-01-14 11:24  663


Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.01.14) нэгдсэн хуралдаан 10 цаг 02 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр цахимаар эхлэв. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр танилцуулав.

Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы энэ сарын 08-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Улсын Их Хурлын даргын 2020 оны 32 дугаар захирамжаар уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Н.Алтанхуяг, Ц.Мөнх-Оргил, Ш.Раднаасэд, Ц.Сандаг-Очир, Ж.Сүхбаатар нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан. Мөн Хууль зүйн байнгын хорооны 2020 оны 05 дугаар тогтоолоор ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах чиглэлээр холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулсан ажлын дэд хэсгийг байгуулан ажиллуулжээ.


Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, ажлын хэсгийн танилцуулгыг сонсож, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1, 42.2.3-т заасны дагуу ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж шийдвэрлэжээ. Тухайлбал, шүүгчийн хараат бус байдлын нэг баталгаа болсон цалин, нэмэгдлийг төсөлд тодорхой тусгах, Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг чөлөөлөх үндэслэлийг тусгах болон хуулийн төслийн уялдааг хангах талаарх саналуудыг ажлын хэсгээс гаргажээ. Мөн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийн шатанд Улсын дээд шүүхийн шүүгчийг Улсын Их Хуралд танилцуулах талаарх төслийн заалтыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нийцүүлэх, үүнтэй уялдуулан Нийтийн сонсголын тухай хуульд холбогдох өөрчлөлт оруулах шаардлагын үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн сонсголын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсныг Байнгын хороо дэмжжсэн байна. Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан "Шүүгчид нэмэгдзл олгох журам батлах тухай", "Хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг боловсруулсныг хэлэлцэж дэмжжээ.

Байнгын хороо хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган үндсэн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй зарим засвар оруулан эцсийн хувилбарыг боловсруулж гишүүдэд тараасан байна.


Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Т.Аубакир, Ж.Ганбаатар, П.Анужин, Ж.Ганбат, С.Амарсайхан, Б.Баттөмөр, О.Цогтгэрэл, Б.Энх-Амгалан, С.Ганбаатар, Ц.Анандбазар, Ж.Бат-Эрдэнэ нар Байнгын хорооны дарга болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт, мэдээлэл авсан юм. Асуулт асууж тодруулсан гишүүд хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхэд мэтгэлцээний зарчмыг хэрэгжүүлэх, гишүүдийн санал бодлыг авч өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлэхэд Байнгын хороо, ажлын хэсэг сайн ажилласныг дурдаж байв.

Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, зарчимд нийцүүлж боловсруулсныг хэлэлцүүлгийн явцад Байнгын хороо, ажлын хэсэг нухацтай ярилцаж улам чамбайруулсан. Хуульд маш том өөрчлөлт орж байгаа. Шүүх, шүүгчдийн хараат бус байдлыг хангах, хариуцлага сахилгыг дээшлүүлэх, хэрэв шүүгч нь хариуцлага алдсан, ашиг сонирхол, ёс зүйн зөрчил гаргасан бол хариуцлага хүлээдэг байх зарчмыг нарийвчлан зохицуулж өгсөн. Тухайлбал, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий биө даасан байгууллага болох Шүүхийн сахилгын хороо улсын хэмжээнд ажиллах юм. Харин шүүгчдэд зэрэг дэвийн нэмэгдэл олгох санал дэмжлэг аваагүй, гэхдээ шүүгчдэд үндсэн цалин дээр онцгой нөхцөлийн нэмэгдэл, мөн докторын зэрэг цолны нэмэгдэл олгохыг дэмжсэн. Тиймээс шүүгчдийн цалин одоогийнхоос буурахгүй, хууль батлагдсанаар ажлын ачаалал нь ч боломжийн хэмжээнд шийдэгдэнэ гэж үзэж байгаа гэсэн хариултыг Байнгын хорооны дарга С.Бямбацогт өгөв.


Мөн ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль тогтоомжтой зөрчилдөж байгаа учраас шүүгчийн тэтгэврийг цалингийн 80 хувиар тогтоох, Төрийн албаны тухай хуультай зөрчилдөж байгаа тул 5-аас дээш жил ажилласан шүүгчийн цалин жил тутам 2 хувиар нэмэгдэх зохицуулалтууд төслийн анхны хэлэлцүүлгийн үед дэмжигдээгүй. Тиймээс бие даасан институцийн хувьд шүүгчдийн цалин хөлсийг одоо авч байгаагаас нь дордуулах нөхцөл үүссэн учраас холбогдох зохицуулалтыг хийх шаардлага гарсан учраас төрийн тусгай албан хаагчдад олгодог ажилласан жилийн буюу 5-25 хувь хүртэлх нэмэгдэл, мөн онцгой нөхцөлийн хувийн нэмэгдэл зэргийг авах зохицуулалтыг тусгахаар холбогдох саналын томьёоллыг боловсруулсан. Хуулийн төслөөр шүүгчдийн цалинг бууруулсан зүйл огт байхгүй. Шүүгчдийн цалин нь үндсэн цалин, онцгой нөхцөлийн нэмэгдэл, докторын нэмэгдэл зэргээс бүрдэж байгааг дурдав. Түүнчлэн Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт нар гишүүдийн зарим асуултад нэмэлт хариулт, тайлбар, мэдээлэл өгсөн юм.

Ингээд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 28 саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хурааж шийдвэрлэв. Тухайлбал, төслийн 20 дугаар зүйлд “Энэ хуулийн 20.2.3-т заасан тайланг Нийт шүүгчийн чуулганаар сонсохдоо хэлэлцүүлэг явуулахгүй бөгөөд дүгнэлт, шийдвэр гаргахгүй.” гэсэн агуулгатай 20.13 дахь хэсэг нэмэх, төслийн 22 дугаар зүйлийн 22.9 дэх хэсгийг “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар гаргасан албан ёсны тайлбар, Улсын дээд шүүхээс хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад ач холбогдолтой гэж үзсэн шийдвэрийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтэлнэ.” гэж өөрчлөн найруулахаар болов. Мөн  төслийн 24 дүгээр зүйлд “Шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй хэрэг, маргааны талаар сургалтын хөтөлбөр, арга зүйд тусгахыг хориглоно.” гэсэн агуулгатай 24.5 дахь хэсэг, 25 дугаар зүйлд улс төрийн намын бүртгэл хөтлөх;” гэсэн агуулгатай 25.8.8 дахь заалт нэмэхийг дэмжив.


Түүнчлэн төслийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгийн “тухай саналыг Ерөнхийлөгчид, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулах тухай албан бичгийг Улсын Их Хуралд холбогдох баримт бичгийн хамт хүргүүлнэ” гэснийг “саналыг, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулснаар томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ” гэж өөрчлөхөөр тогтов. Энэ санал дэмжигдсэнтэй холбогдуулан төслийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг “Улсын Их Хурал Улсын дээд шүүхийн шүүгчид нэр  дэвшигчтэй Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 104 дүгээр зүйлд заасан журмын дагуу танилцана”, “Ерөнхий зөвлөл энэ хуулийн 36.2-т заасны дагуу Улсын Их Хурал танилцсан нэр дэвшигчийг долоо хоногийн дотор Улсын дээд шүүхийн шүүгчээр томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ.” гэж өөрчлөн найруулж, 36.2, 36.3 дахь хэсэг болгохыг дэмжлээ.

Мөн хуулийн төслийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн албанд ажилласан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ.” хэмээн өөрчлөн найруулж, 46.7 дахь хэсгийн журам, шалгуур үзүүлэлтийг” гэснийг “шалгуур үзүүлэлт, шүүгчид нэмэгдэл урамшуулал олгох журмыг” гэж өөрчлөх, 48 дугаар зүйлийн 48.2.1 дэх заалтын “өв залгамжлагчид” гэснийг “гэр бүлд” гэж өөрчилж, мөн зүйлд Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно.” гэсэн агуулгатай 48.9 дэх хэсэг нэмэх, 77 дугаар зүйлийн 77.10 дахь хэсгийг “Ерөнхий зөвлөлийн шүүгч биш гишүүний албан тушаалын зэрэг зиндаа, цалин хөлс, нэмэгдлийн хэмжээг Улсын Их Хурал тогтооно.” гэж өөрчлөн найруулахыг дэмжсэн юм.

Төслийн 100 дугаар зүйлийн гарчгийн “гишүүнийг” гэсний дараа “чөлөөлөх,” гэж, мөн зүйлд Сахилгын хорооны дарга, гишүүнийг бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, эрүүл мэндийн байдал, бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон; өөрөө хүсэлт гаргасан бол үүрэгт ажлаас нь чөлөөлнө гэсэн агуулгатай 100.1 дэх хэсгийг нэмэхээр тогтов.

Үргэлжлүүлэн уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан бусад хуулийн төслүүд болон Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн талаарх саналын томьёоллуудаар санал хурааж шийдвэрлэв. Үүгээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн баригдсан хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг дуусгаж, төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.


Дараа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулсан юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжжээ.

Байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 70.5 хувь нь Байнгын хорооны горимын саналыг дэмжсэн тул төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүлэв.

Үргэлжлүүлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан Нийтийн сонсголын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг нэгдсэн хуралдаанд танилцуулав. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Ц.Даваасүрэн нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг дэмжив. Иймээс төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


  2021-01-14 13:51  663