“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2013 оны 48 дахь дугаарын тойм

  2013-12-23 00:00  312
Эмхэтгэлийн энэ дугаарт, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудыг нийтэллээ.

Үүнээс гадна Хуулийн төсөл буцаах тухай, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төсөл буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтлэв.

Эмхэтгэлд “Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх, шагнах журмыг батлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хавсралтын хамт нийтэллээ.

Түүгээр ямар болзол хангасан иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнах мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Их эзэн Чингис хааны өдөр буюу Их эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр зарлиг гарган Монгол Улсын иргэн, гадаадын иргэнийг “Чингис хаан”-ы одонгоор шагнахаар журамласан байна.

Журмаар шагнах ёслолын ажиллагааг хэрхэн зохион байгуулах, одон хүртэгчийг хэрхэн алдаршуулах, урамшуулахыг нарийн тогтоож өгсөн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өөр нэгэн зарлигаар, Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийг хамгаалах, хот, суурин газрын иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл өгсөн байна.

Мөн дугаарт Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг тус тус нийтлэв

Эмхэтгэлийн шинэ дугаарт, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг бүрэн эхээр нь нийтэллээ.

УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийтэй харилцах хэлтэс

2013 оны 12 дугаар сарын 23

  2016-09-22 08:16  312