“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 33 дахь дугаарын тойм

  2018-09-10 09:49  73

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Журамд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг нийтэлсэн байна.


Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 9.2-т заасныг үндэслэн “Журам, тооны хязгаар батлах тухай” Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 513 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журам”-ын 1.3, 2.5, 4.2, 5.5, 5.6.2, 6.1 дэх заалтыг өөрчлөн найруулжээ.  Хүүхэд харагч нь сум, дүүргийн Засаг даргатай гэрээ байгуулах бөгөөд гэрээний загварыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлах юм байна. Мөн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ журмын 2.3-т заасан саналыг хянан нэгтгэж, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцын саналд тусган санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад зохих журмын дагуу хүргүүлэх бөгөөд аймгийн төвийн сумаас бусад суманд үйлчилгээ эрхэлж байгаа хүүхэд харагч нь энэ журмын 4.1-д заасан мэдээг мөн хэсэгт заасан хугацаанд сумын Засаг даргын Тамгын газарт ирүүлэх аж. Сумын Засаг даргын Тамгын газар мэдээг нэгтгэж, тухайн сарын 10-ны дотор аймгийн боловсролын газарт цахим болон цаасан хэлбэрээр хүргүүлнэ гэж заажээ.

Аймаг, нийслэлийн боловсролын газар хүүхэд харах үйлчилгээ болон сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа хүүхдийн давхардлыг улиралд нэг удаа шалгахаас гадна хүүхэд харагч-иргэн, төвүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих юм байна.

Мөн эмхэтгэлийн шинэ дугаараас Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 12 дугаар захирамж Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоолтой танилцах боломжтой хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


  2018-09-25 09:49  73