“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 32 дугаарын тойм

  2018-08-28 09:23  71


Эмхэтгэлийн шинэ дугаарт Журам батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэлжээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас “Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам”, “Даатгуулагчид өндөр насны тэтгэвэр тогтоох насыг тодорхойлоход баримтлах журам”-уудыг баталсан байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу даатгуулагч өөрийн хүсэлтээр эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 насандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгож болох бөгөөд энэ тохиолдолд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацаа 2018 онд 20 жил 3 сар, 2019 онд 20 жил 6 сар, 2020 онд 20 жил 9 сар, 2021 онд 21 жил, 2022 онд 21 жил 3 сар, 2023 онд 21 жил 6 сар, 2024 онд 21 жил 9 сар, 2025 онд 22 жил, 2026 онд 22 жил 3 сар, 2027 онд 22 жил 6 сар, 2028 онд 22 жил 9 сар, 2029 онд 23 жил, 2030 онд 23 жил 3 сар, 2031 онд 23 жил 6 сар, 2032 онд 23 жил 9 сар, 2033 онд 24 жил, 2034 онд 24 жил 3 сар, 2035 онд 24 жил 6 сар, 2036 онд 24 жил 9 сар, 2037 он болон түүнээс хойш 25 жил тус тус байна. Тухайлбал, Нийгмийн даатгалын шимтгэлийг 20 жил 3 сараас доошгүй төлсөн 1958 оны 3 дугаар сарын 22-нд төрсөн эрэгтэй даатгуулагчийн хувьд өөрөө хүсвэл 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр буюу 60 нас хүрээд өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх юм байна. “Малчин” гэж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг ойлгох бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-д заасан болзлыг хангасан 55 нас хүрсэн эрэгтэй малчин, 50 нас хүрсэн эмэгтэй малчин тус тус өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж журамд заажээ.

Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 9.2 дугаар зүйлийн 13 дахь хэсэг нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг нийтэлсэн байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


  2018-09-25 09:23  71