ОХУ-ын Холбооны зөвлөлийн гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны 1-р орлогч Калашников Сергей Вячеславович манай улсад айлчилж байна

  2019-05-17 19:25  224

Өнөөдөр /2019.05.17/ УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар ОХУ-ын Холбооны зөвлөлийн гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны 1-р орлогч Калашников Сергей Вячеславович болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар  2017 онд ОХУ-д Монгол-Оросын хамтын ажиллагааны уулзалтыг амжилттай зохион байгуулсанд талархаж, хоёр орны Парламентын харилцааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна хэмээсэн юм.

 

ОХУ-ын Холбооны зөвлөлийн гишүүн Калашников Сергей Вячеславович Орос, Монголын эдийн засагт үүссэн ижил төстэй хүндрэл бэрхшээлүүдийг хамтран даван туулах, харилцан ярилцаж, туршлага солилцох хэрэгтэйг онцоллоо. Иймээс хоёр улсын Эдийн засгийн байнгын хороодын хамтын үйл ажиллагааг нягтруулж ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар энэ саналыг бүрэн дэмжиж, Парламент хоорондын үйл ажиллагааг хөгжүүлж, Эдийн засгийн байнгын хороодын хамтын ажиллагаанд онцгой анхааран ажиллах болно гэлээ. Мөн аялал жуулчлал, иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэх, томоохон төслүүд дээр хамтран ажиллах, Владивостокоор дамжуулан олон улсын зах зээлд нүүрс гаргах сонирхол байгаа үүнийг ОХУ нааштайгаар шийдэн дэмжинэ гэдэгт итгэлтэй байна хэмээсэн юм. Уулзалтын төгсгөлд хоёр улсын Эдийн засгийн байнгын хороодын хамтын ажиллагааг сайжруулж, ижил төстэй асуудлуудыг шийдэх зөв гарцыг хамтдаа гаргах хэрэгтэй гэдэг дээр талууд санал нэгдэв.

 

Үүний дараа  УИХ-ын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалан ОХУ-ын төлөөлөгчдийг мөн хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Оросын хамтын ажиллагаа 2016, 2017 нэгдсэн арга хэмжээ, Монгол-Оросын санаачилга 2018 форумын хүрээнд яригдсан зарим асуудлууд бодит ажил хэрэг болж, Монгол Оросын харилцаа, хамтын ажиллагаа Бүс нутгийн хэмжээнд өргөжин хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Монгол-Оросын парламентын бүлгийн дэд даргын хувиар ажлын хэсгийг ахалж байсан юм. “Монгол- Оросын санаачлага 2018” чуулга уулзалтаар байгуулсан санамж бичигт дурдагдсан Сибири, Алс дорнодод мах, ноос, ноолуур, арьс шир, сүү сүүн бүтээгдэхүүн нийлүүлэх, Монгол улсын бүх аймагт ОХУ-ын явуулын мал эмнэлэгтэй болох, баруун, зүүн, төвийн бүсэд хоёр улсын итгэмжлэгдсэн лаборатори байгуулах ажлуудыг цаашид эрчимжүүлж ажиллах нь зүйтэй. Үүн дээр Сибирийн шинжлэх ухааны академ идэвхтэй ажиллаж байгааг онцоллоо.

 

БНЭАУ-ын тусламжаар Дорноговь аймгийн Алтанширээ суманд Нефтийн үйлдвэр барьж эхэлсэн. Уг үйлдвэрийн бүтээн байгуулалтад ОХУ-ын технологи, туршлага чухал хэрэгтэй байгааг Зам тээврийн хөгжлийн сайд онцлоод хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Үүнээс гадна энэ жил Монгол, Оросын хувьд чухал он жил тохиож байна. Атар газар хамтран эзэмшсэн 60 жил, УБТЗ ХНН байгуулагдсаны 70, Халх голын 80 жилийн ойн баярууд тохиож байна.  Халх голын түүхэн ойн баярт албан ёсоор оролцохыг урьж байгаагаа уулзалтын үеэр хэллээ.

ОХУ-ын Холбооны зөвлөлийн гишүүн Калашников Сергей Вячеславович түүний тавьсан тодорхой ажил хэрэгч саналуудыг хүлээн авч байгаагаа уламжиллаа. Мөн энэ сарын 30-нд Монгол-Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны хоёр орны Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болно. Энэ хуралдаанаар зам тээвэр болон бусад салбаруудын харилцааг шинэ түвшинд гарган ахиулна гэдэгт итгэлтэй байгаагаа талууд тэмдэглэлээ хэмээн  УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ


  2019-05-17 14:44  224