Цэс

Холбоо барих

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Монгол Улсын Их Хурал - 2017.11.13-19

 

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд манай улсад айлчилсан Эрхүү мужийн Хууль тогтоох хурлын дарга Сергей Фатеевич Брилка тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсын Их Хурал, Эрхүүгийн Хууль тогтоох хурлын хооронд 2008 онд гарын үсэг зурсан хамтын ажиллагааны баримт бичгийг шинэчлэх, парламент болон Тамгын газруудын харилцааг өргөтгөх замаар хамтын ажиллагаагаа шинэ агуулгаар баяжуулах нь зөв гэж үзэж байгаагаа илэрхийллээ. 2017.11.13

 


УИХ-ын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн дарга, гишүүд Эрхүү мужийн Хууль тогтоох хурлын дарга С.Ф.Брилка тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, талууд хоёр улсын Ерөнхийлөгчийн ивээл дор бүс нутгийн хамтын ажиллагааны чуулга уулзалтыг жил бүр зохион байгуулж байхаар санал нэгдлээ. 2017.11.13

 


УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. 2017.11.14



УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 2017.11.14


УИХ-ын 2017 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг батлав. Мөн өдрийн хуралдаанаар ирэх оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны тухай хууль батлагдсантай холбогдуулж авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Түүнчлэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. 2017.11.14


 


УИХ-ын Өргөдлийн байнгын хороо нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу хүүхдийн хамгаалал болон аюулгүй байдалтай холбоотой асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг байлцуулан тайлбар, мэдээлэл авах үйл ажиллагааг зохион байгуулав. 2017.11.14


Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны “Хилчин” хотхоныг инженерийн шугам сүлжээнд холбуулах асуудлаар УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос хэлэлцүүлэг зохион байгуулж, Байнгын хорооноос албан бичгээр холбогдох байгууллагуудад чиглэл хүргүүлэхээр тогтлоо. 2017.11.14

 


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 2017.11.15


 

УИХ-ын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалан манай улсад айлчилсан ОХУ-ын Холбооны Хурлын Батлан хамгаалах Зөвлөлийн гишүүн Мамсуров Таймураз Дзамбекович тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. 2017.11.15

 


УИХ-ын НББСШУ-ны байнгын хороо, Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран “Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 2017.11.15


УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2012 оны “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 74 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах, Өргөдлийн байнгын хорооны 2017 оны 03 дугаар тогтоолыг мөрдөх талаар Засгийн газарт хуралдааны тэмдэглэлээр чиглэл өгөхөөр тогтлоо. 2017.11.15


УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд нийслэлийн Налайх дүүрэгт ажиллалаа. Эхлээд Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн үйл ажиллагаа, тус дүүрэгт баригдаж буй спорт цогцолборын талбайд очиж танилцав, дараа нь Ерөнхий боловсролын “Голомт” цогцолбор сургууль дээр тус дүүргийн бүх сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нартай уулзалт хийв. 2017.11.15

 


УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай санал-ыг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж, Батын Хурцыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөед Бүрэн эрхт Элчин сайдаар томилохыг дэмжив. 2017.11.15


Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. 2017.11.16


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг дэмжив. 2017.11.16

 


Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин өргөн мэдүүллээ. 2017.11.17


 

Жил бүр Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн орон даяар эхлэж буйтай холбогдуулан Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, УИХ-ын Тамгын газрын ажилтан, шатрын спортын олон улсын шүүгч Г.Алтан-Оч, Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Б.Баярболд нар сэтгүүлчдэд мэдээлэл хийв. 2017.11.17

 


Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх үеэр УИХ-дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авав. 2017.11.17


 

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол, Израилийн парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж ИзраильУлсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цви Хэйфецийг хүлээн авч уулзав. 2017.11.17

 


Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг өргөн мэдүүлэв. 2017.11.17

 


УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүн Х.Нямбаатар, Б.Пүрэвдорж нар Францын Нотариатын Дээд зөвлөлийн төлөөлөгчидтэй уулзаж, Монгол Улсын нотариатын эрх зүйн орчинтой холбоотой мэдээлэл өгөхийн зэрэгцээ Монгол, Францын нотариатын эрх зүйн орчны талаар санал бодлоо солилцсон юм. 2017.11.17

 


УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Оюунхорол нарыг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахаар тогтов. 2017.11.17

 


Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсын 330 сум, нийслэлийн 9 дүүрэгт нэгэн зэрэг эхэллээ. 2017.11.18


 

Эзэн богд Чингис хааны мэндэлсний 855 жилийн ойн баяр, “Монгол бахархлын өдөр” буюу өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслолын ажиллагаанд оролцов. 2017.11.19

 

 

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл