Цэс

Холбоо барих

Өнөөдөр-Монгол Улсын Их Хурал үйл ажиллагаагаа эхэлсэн өдөр тохиож байна

     1990 оны 7 дугаар сард Монголд анх удаа олон намын оролцоотой анхны чөлөөт, ардчилсан сонгууль болж  Ардын Их Хурлыг шинэчлэн байгуулсан билээ. Энэхүү Ардын Их Хурал “БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хууль батлан гаргаж, уг  хуулийн дагуу хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах эрх бүхий төрийн эрх барих байнгын дээд байгууллага болох Улсын Бага Хурлыг байгуулсан юм.


  Ингэж 1990 оны 9 дүгээр сарын 13-нд Улсын Бага Хурлын анхдугаар чуулган үйл ажиллагаагаа эхэлснээр  манай оронд байнгын ажиллагаатай Парламент хэмээх  төрийн байгууллын  шинэ тогтолцоо  бүрэлдэн тогтсон түүхтэй. 


   Монгол Улсын байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хурлын 1992 оны тавдугаар чуулганаараа Монгол Улсын Их Хурлын сонгууийн тухай, Монгол Улсын Их Хурлын тухай зэрэг 10 гаруй хууль баталсны зэрэгцээ Улсын Бага Хурлын чуулганы үйл ажиллагаа дуусгавар болж буйтай холбогдуулан Улсын Бага Хурлын чуулганаар эхний хэлэлцүүлгийг нь хийсэн 15 хуулийн төслийг шинээр байгуулагдах Монгол Улсын Их Хуралд уламжлан шийдвэрлүүлэхээр тогтсон байна.

    Улмаар 1992 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Их Хурлын анх удаагийн сонгууль болж, Улсын Бага Хурал нь Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн дагуу сонгогдон байгуулагдсан Монгол Улсын Их Хуралд эрх мэдлээ шилжүүлэн өгснөөр үйл ажиллагаа нь дуусгавар болсон билээ.

    Одоогоос 25 жилийн өмнөх яг энэ өдөр буюу 1992 оны 7 дугаар сарын 20, бичин жилийн зуны адаг сарын рашаан барилдлагат өлзийт сайн гал тахиа өдрийн могой цагт Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат Монгол Улсын Их Хурлын анхдугаар чуулганыг нээж, Улсын Их Хурлын сонгуулийн 26 тойргоос сонгогдсон 76 гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдан шинэ гишүүд тангараг өргөж байжээ.


    Монгол Улсын Их Хурлыг сонгох анхдугаар сонгуулиар байгуулагдсан 1992-1996 оны Улсын Их Хурал нь монголын парламентын хөгжлийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг. 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулиар “төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал байна” гэж заагаад “Монгол Улсын хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” хэмээн баталгаажуулсаны дагуу  манай улс  нэг танхимтай парламентын тогтолцоонд шилжсэн юм.   

    Монгол Улсын анхны Их Хурал нь бүрэлдэхүүний хувьд 76 гишүүнтэй болж өргөжсөний зэрэгцээ бүтцийн хувьд ч өөрчлөгдсөн. Улсын Их Хурлыг сонгох анхдугаар сонгууль нь сонгуулийн можаритар системээр, 2-4 мандат бүхий томсгосон 26 тойрогт болж МАХН 70, Монголын ардчилсан нам, Монголын үндэсний дэвшлийн нам, Ногооны намын  “Ардчилсан холбоо” эвсэл 4, МСДН 1, бие даан нэр дэвшигч 1 суудал тус тус авчээ. Сонгуулийн дүнд МАХН парламентын үнэмлэхүй олонхи болж, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр болов.


   Монгол Улсын Их Хурлын анхны даргаар Н.Багабанди, дэд даргаар Ж.Гомбожав нар парламентын гишүүдийнхээ итгэлийг хүлээн сонгогдон ажиллажээ. Харин энэ удаагийн сонгуульд Ардчилсан хүчин нийтдээ 5 суудал авснаас С.Зориг, Да.Ганболд, Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Р.Гончигдорж нарын лидерүүд сонгогчдын итгэл хүлээн Улсын Их Хурлын  гишүүнээр сонгогдсон байна.

   1992-1996 оны Улсын Их Хурал нь өөрийн бүрэн эрхийн хугацаанд нийт 137 хууль шинээр баталж, 142 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан олон улсын 40 гэрээг соёрхон баталж, 46 хуулийг хүчингүй болгожээ. Тэдгээрээс зарим онцлог хууль, тогтоолыг дурдвал:

ü  Шинэ Үндсэн хуулийн дагуу эрх зүйн шинэтгэл хийх ажлыг эхлүүлсэн. Үндсэн хуулийн үзэл санааны дагуу нийгмийн бүх салбарын харилцааг эрх зүйн хүрээнд шинээр уялдуулан зохицуулах өргөн хүрээтэй ажлыг хийжээ.

ü  Үндсэн хуулийн үзэл санаанд нийцүүлэн засаглалын байгууллагуудыг шинээр бүрдүүлэн  бататгаж, тэдгээрийн статус, хоорондын харилцааны тэнцвэрийг эрх зүйн хүрээнд бий болгож өгсөн. Улсын Их Хурал, Засгийн газар, Ерөнхийлөгч, Шүүхийн тухай зэрэг хуулийг шинэчлэн баталжээ. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль батлан орон нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах Үндсэн хуулийн зарчмыг хэрэгжүүлсэн.

ü  Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль баталж, 1993 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүх нийтийн анхдугаар сонгууль явуулахаар товлосон тогтоол батлав.

ü  Энэ парламентын үед зах зээлийн эдийн засгийн харилцааны тулгуур хуулиудыг баталжээ. Тухайлбал, Улсын төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэл, Татварын багц хууль, Онцгой албан татвар, Гаалийн болон Гаалийн тарифын тухай, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай  зэрэг хуулиудыг дурдаж болно.

ü  Энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаанд Хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр хийх өмч хувьчлал дуусч, үнэт цаасны хоёр дахь зах зээлийг нээж ажиллуулсан нь шинэ нийгмийн эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэхэд чухал алхам болсон билээ.

ü  Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай шинэ хууль, Нийгмийн даатгалын тухай, Дархлалын олдмол хомсдол өвчнөөс сэргийлэх тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Усны тухай, Батлан хамгаалах тухай, Төрийн болон Байгууллагын, Хувь хүний нууцын тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Шүүх эрх мэдэл, хууль хяналтын байгууллагуудын тухай хуулиудыг  тус тус батлан гаргажээ. 


    Монгол Улсын анхны Их Хурал нь бүтцийн хувьд 10 Байнгын хороотой үйл ажиллагаагаа  явуулж ирсэн байна.  Үүнд:

1. Байгаль орчныг хамгаалах байнгын хороо (даргаар нь  Ч.Хурц, М.Мэндбилэг нар сонгогдон ажилласан)

2.    Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байнгын хороо (Ж.Батсуурь, Б.Дэмбэрэл)

3.    Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хороо (Д.Лүндээжанцан)

4.    Дотоод асуудлын байнгын хороо (С.Чулуунбаатар)

5.    Төсөв, санхүү, мөнгө, зээлийн бодлогын байнгын хороо (А.Базархүү)

6.    Хурал, захиргааны байнгын хороо (Д.Дашцэдэн, А.Болат)

7.    Хууль зүйн байнгын хороо (С.Төмөр, Ц.Нямдорж)

8.    Хүн ам зүй, эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн байнгын хороо (Г.Зуунай, Д.Мөнхөө)

9.    Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо (Ж.Норовсамбуу, Н.Баяртсайхан)

10. Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн бодлогын байнгын хороо (Г.Цэдэндагва).

     Энэ удаагийн Улсын Их Хурал өөрийн бүтцээ боловсронгуй болгож, 1995 оноос Байнгын хорооны тоог цөөрүүлэн Нийгмийн бодлогын, Төрийн байгуулалтын, Төсөв, санхүү, мөнгө, зээлийн бодлогын,  Хууль зүйн, Хөдөөгийн бодлого, байгаль орчны,  Эдийн засгийн бодлогын гэсэн нийт 6 Байнгын хороотой  ажиллажээ. 

    Өнгөрсөн 25 жилийн хугацаанд ард түмний төлөөлөл болсон Монгол Улсын Их Хурал бүх нийтийн ардчилсан чөлөөт сонгуулиар долоо дахь удаагаа сонгогдон байгуулагдаж, улс орондоо ардчилсан шинэ нийгмийн харилцааг төлөвшүүлэх хууль, эрх зүйн үндэс суурийг бүрдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн билээ.  


УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ,

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл