Цэс

Холбоо барих

“Өсвөрийн парламент” хөтөлбөрийн оролцогчид “Эрүүл хооллолт-эрүүл ирээдүй” дэд хөтөлбөр эхлүүллээ


    УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар УИХ-ын Тамгын газраас хэрэгжүүлж буй өсвөр үеийнхний хамтын оролцоог нэмэгдүүлж, тэдний идэвх санаачлагыг дэмжин, зорилтот сэдвийн хүрээнд суралцаж, хөгжих боломжийг олгох, шийдвэр гаргах түвшинд тэдний дуу хоолойг хүргэх зорилготой “Өсвөрийн Парламент” хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүд “Парламентын боловсрол”, “Уур амьсгалын өөрчлөлт” зэрэг сэдэвт цуврал хичээлд хамрагдаж, үеийнхэндээ сургалт зохион байгуулах, орон нутагтаа нөлөөллийн ажлуудыг үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлж эхлээд байна. 

    Хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооноос санаачлан НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, “Пийпл Ин Нийд” олон улсын байгууллага, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв  болон бусад дэмжигч газрууд “Өсвөрийн парламент” хөтөлбөрт оролцогчид хамтран зөв хооллох дадал, шим тэжээлийн хэрэглээний цэгцтэй мэдлэгийг түгээх, эрүүл амьдралын хэвшлийг төлөвшүүлэх зорилготой “Эрүүл хооллолт Эрүүл ирээдүй” сэдэвт дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр  болов.  Хоёр сар үргэлжлэх уг дэд хөтөлбөрийн нээлт өнөөдөр (2022.03.19) болов. 


    Хөтөлбөрийн нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа, НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин зохицуулагч Эваристе Коуасси-Комлан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын зохицуулагч Винод Ахужи, бусад төрийн болон олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцсон. 

    УИХ-ын дарга Г.Занданшатар дэд хөтөлбөрийг нээж хэлсэн үгэндээ, сургуулийн орчинд худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд онцгой анхаарах шаардлагатайг онцлон тэмдэглээд, “Үдийн хоол” хөтөлбөрт 2023 оноос ерөнхий боловсролын сургуулийн бүх сурагчдыг хамруулахаар зорьж буйг дурдлаа. 


    Мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа хэлсэн үгэндээ, Ахлах ангийн хүүхүүдийн худалдан авалт дүү нартаа үлгэрлэдэг тул ухамсартайгаар эрүүл сонголтыг чухалчилж, энэ талаар үнэн зөв ойлголт мэдлэгтэй байх шаардлагатайг онцолсон.

   Хөтөлбөрийн нээлтэд хөдөө орон нутгаас 60 хүүхэд цахимаар оролцсоны зэрэгцээ эцэг, эхчүүдийн төлөөлөл  хүрэлцэн ирж гэр бүлийнхээ хооллолтод хэрхэн анхаардаг талаар санал бодлоо хуваалцан, туршлагаа солилцсон юм. Хүүхдүүд эрүүл, ухаалаг сонголт хийхийн тулд үнэн бодит эх сурвалжаас, өөрт тохирсон хялбар хэрэгслээр хэрэгтэй мэдээллээ тогтмол хүлээн авах боломжийг дэмжиж, зөв хооллолтыг хэвшүүлэх уриалга, санамж, видео хичээл зэрэг контент бүхий платформыг хөгжүүлэхээр Өсвөрийн парламентын гишүүд ажиллаж байгаа аж. 




 “Эрүүл хооллолт - Эрүүл ирээдүй” хөтөлбөрийн үр дүнд хүүхдүүд хоол хүнсний бүтээгдэхүүний зөв тогтолцоо, аюулгүй байдал, үр нөлөө, зохистой хэрэглээнд суралцаж, хүнсний хог хаягдлыг багасгах талаар нэгдсэн ойлголттой болохоос гадна хувь хүний хөгжлийн цуврал хичээлүүдэд хамрагдах юм. 

   Ташрамд дурдахад,  манай улсад 10-19 насны хүүхдийн 13,9 хувь нь илүүдэл жинтэй, 4,2 хувь нь таргалалттай, өсвөр үеийнхний 38,5  хувь нь өглөөний цайгаа уудаггүй, 85,1 хувь нь ус, шингэн зүйлсийг бага хэрэглэдгээс гадна  гурван хүүхэд тутмын  хоёр нь чихэр, шоколад зэрэг сахарын агууламж ихтэй хүнсийг өдөр бүр хэрэглэдэг гэж судалгаагаар тогтоогдсон байна. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл