Монгол Улсад Байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд хийх ажлын талаар хэлэлцлээ

  2020-08-24 16:26  386

Монгол Улсад Байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 30 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ.

Монгол Улсын Их Хурлын даргын 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 12 дугаар захирамжаар уг ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах комиссыг Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайханаар ахлуулан байгуулсан юм. Өнөөдөр (2020.08.24) комиссын гишүүд хуралдаж, ойг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар хэлэлцэв.


Комиссын бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, С.Батболд, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Улсын Их Хурлын даргын зөвлөх Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар, Байнгын ажиллагаатай анхны парламентчдын холбооны тэргүүн Д.Балдан-Очир, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Төрийн ёслолын хэлтсийн дарга Э.Одмөнх,  Улсын Их Хурлын Тамгын газрын Ахмадын хорооны дарга Ш.Ринчин нар ажиллаж байна.

Дашрамд тэмдэглэхэд, мөн энэ онд Монгол Улсад Байнгын ажиллагаатай Парламентын Тамгын газар байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.   


  2020-08-24 16:23  386