Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2022.04.25) хуралдаан 16 цаг 40 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Баттөмөр хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцуулсан.
Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдварт цар тахлын тархалт 2022 он гарснаар эргэн идэвхжиж, үүнтэй зэрэгцэн ОХУ болон Украин улсын хооронд нөхцөл байдал хүндэрсэн нь Монгол Улсад эдийн засаг, хэрэглээний үнийн өсөлтөд өндөр нөлөө үзүүлж буй учир 2022 оны төсвийн орлого тасалдах, зайлшгүй шаардлагатай зардлыг дахин хуваарилах нөхцөл байдал үүсээд байгааг А.Ариунзаяа сайд танилцуулгадаа тодотгоод Монгол Улсын Засгийн газар уг асуудлыг нэн яаралтай хэлэлцэж, дотоод нөөц бололцоогоо дайчлан төсвийн бүх шатны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд Төрийн хэмнэлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө гэв.
Мөн тэрбээр, үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан, Монгол Улсын Засгийн газраас хүнсний хомсдол, үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийн орлого, ажлын байрыг хамгаалах, нийгмийн баталгааг сайжруулах, цэцэрлэгийн хүртээмж зэрэг нийгмийн тулгамдсан асуудлуудыг үе шаттай шийдвэрлэхээр Төсвийн тодотголын төсөлд тусгасныг онцоллоо.
Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хувийн цэцэрлэгт олгох хувьсах зардлын хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж, 2022-2023 оны хичээлийн жилд хүүхэд сугалаагаар цэцэрлэгт элсдэг явдлыг зогсоохоор төлөвлөсөн байна. Мөн нэг сая болон түүнээс доош хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлоготой даатгуулагчдад бодит дэмжлэг үзүүлэх үүднээс 2022 оны 5-12 дугаар сард Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох эрх зүйн зохицуулалтыг бий болгоно.
Дотоодын хүнсний үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгож, импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг 2022 он дуустал хугацаанд импортын гаалийн албан татвараас чөлөөлж, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах төрийн өмчит компанийн бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлийг эхлүүлэхээр төлөвлөсөн байна.
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө, орон нутагт тогтвор суурьшилтай амьдарч, бизнес эрхлэх таатай нөхцөлийг үе шаттай бүрдүүлэх үүднээс 3 хувийн ипотекийн зээлийг урьдчилгаа төлбөрийн таатай нөхцөлөөр олгож, хөдөө, орон нутагт бизнес эрхлэхэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл, татварын ялгавартай бодлогоор дэмжинэ гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд танилцуулгадаа дурдсан.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан “Тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн үйлчилгээ нэвтрүүлэх төсөл”-ийн эхний ээлжийн шугамын санхүүжилтийг шийдвэрлэхэд шаардлагатай 510.0 сая ам.доллартой тэнцэх хэмжээний зээлд Засгийн газрын өрийн баталгаа гаргах боломжтэй эсэхийг лавлахын зэрэгцээ нийслэл бонд гаргах эрхтэй. Тэр хүрээнд уг асуудлыг шийдвэрлүүлэх боломжийн талаар болон төрийн өмчит хуулийн этгээдийн 34 хүртэл хувьцаа нэмж гарган олон нийтэд нээлттэй худалдахад холбогдох судалгааг хийсэн үү гэдгийг лавлаж байлаа.
Харин Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд агентлаг, төрийн захиргааны байгууллагын дарга, орлогчийн орон тоог хязгаарлах асуудлыг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ төрийн өмчийн томоохон аж үйлдвэрийн газруудын удирдлагын асуудалд оруулж байгаа хувь нэмэр, үйл ажиллагааны цар хүрээгээр нь ялгавартай хандах бодлого байгаа эсэхийг тодруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр төсвийн тодотголын хүрээнд халамжийн шинж чанартай авч байгаа арга хэмжээнүүд нь Монгол Улсын инфляцид хэр зэрэг нөлөөлөх талаар тооцоо, судалгаа хийсэн эсэхийг лавласан.
Ингээд хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Үргэлжлүүлэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр нар асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр хот доторх албаны суудлын автомашин ашиглахыг зөвшөөрөх байгууллагуудад шүүхийн байгууллага хамрагдах эсэхийг тодруулахад Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн 6.5.12-т “үндсэн үйл ажиллагаа нь тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл ашиглах хэрэгцээ, шаардлагыг бий болгодог бусад байгууллага” гэсний дотор шүүх, прокурорын байгууллагууд орох бололцоотой гэж томьёолсон байгаа хэмээн хариулсан.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдийн зүгээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн зөвшилцөхийг дэмжив
Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.
Хуулийн төслийн талаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг танилцуулав. Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээрийг 2016 онд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 72 дугаар чуулганаар баталсан бөгөөд хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх бүс нутгийн анхны хэлэлцээр гэдгийг салбарын сайд танилцуулгадаа онцлоод одоогийн байдлаар тус хэлэлцээрт БНХАУ, Бангладеш, Азербайжан, Филиппин, Исламын Бүгд Найрамдах Иран Улс зэрэг Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гишүүн орнууд нэгдэн орсон бөгөөд хэд хэдэн гишүүн орон хэлэлцээрт нэгдэн орох дотоод процедурыг дуусгах шатандаа явж байна гэв.
Мөн тэрбээр, тус хэлэлцээрийн зорилго нь олон улсын худалдааны хэлцлийг үр ашигтай, ил тод болгох, худалдаатай холбоотой цахим өгөгдөл болон баримт бичгийг харилцан хүлээн зөвшөөрч, солилцох нөхцөлийг бүрдүүлэн хил дамнасан цаасгүй худалдааг дэмжих, үндэсний болон бүс нутгийн нэг цонхны үйлчилгээ, бусад цаасгүй худалдааны системийн харилцаа холбооны уялдааг хангахад оршино. Цааснаас цахим өгөгдөл, мэдээлэл солилцох хэлбэрт шилжих нь олон улсын худалдааг илүү хялбар, ил тод, үр дүнтэй, улмаар хүртээмжтэй болгож, Монгол Улсын Засгийн газрын цахим үндэстэн хөтөлбөрийн зорилттой уялдан нийцнэ гэж үзэж байгааг танилцуулгадаа дурдлаа.
Монгол Улсын хувьд 2015 оноос Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын хүрээнд тус хэлэлцээрийн техникийн Ажлын хэсэгт орж ажилласан бөгөөд хэлэлцээрт нэгдэн орох бэлтгэл ажлын хүрээнд 2018 онд Монгол Улсын хил дамнасан цаасгүй худалдааны эрх зүйн орчин, техникийн бэлэн байдлын үнэлгээг гүйцэтгэсэн. Энэхүү судалгаагаар Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хэрэгжүүлбэл худалдааны зардлыг 10 орчим хувиар, харин тус хэлэлцээрийг Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээртэй хамтатган бүрэн хэрэгжүүлэх тохиолдолд худалдааны зардлыг 30 орчим хувиар бууруулж, улмаар экспорт, импортод зарцуулах хугацааг 55-60 хувиар хэмнэх тооцоо гарсан гэдгийг Гадаад харилцааны сайд танилцуулгадаа дурдсан.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Н.Энхболд нар асуулт асууж, хариулт авсны дараа Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжив.
Иймд энэ талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.