Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар өнөөдөр (2022.01.21) “Монгол Улсын Үндсэн хууль” сэдвээр хүүхэд, залуусын төлөөлөлд нээлттэй хичээл заах үеэрээ ардчилсан Үндсэн хуулийн 30 жилийн ойг тэмдэглэж буй хүрээнд Үндсэн хуулийг хэлэлцэн, батлахад хамгийн хүчтэй цөөнхийн дуу хоолой болж, парламентын ардчиллыг хөгжүүлэх, бэхжүүлэх, хүний эрхийг дээдэлсэн ардчилсан Үндсэн хууль батлахад хамгийн үнэтэй хувь нэмэр оруулсан Санжаасүрэнгийн Зоригийн гэгээн дурсгалыг хүндэтгэн Улсын Их Хурлын Тамгын газар, “Зориг сан” хамтарч “Монгол Улсын Үндсэн хууль ба С.Зориг” нийтлэлийн уралдааныг хүүхэд, залуусын дунд зарлаж буйг мэдээллээ.
Тэрээр амьд сэрүүн байсан бол ирэх дөрөвдүгээр сарын 20-нд 60 нас хүрэх байв. 60 насны ойг нь тохиолдуулаад эрдэм шинжилгээний бага хурал зарлаж буйг Улсын Их Хурлын дарга мөн мэдээлэхийн зэрэгцээ “Үндсэн хуулийг хэлэлцэх үеэр Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгох, парламентын ардчиллыг бэхжүүлэх, хүний эрхийг хангах тухай хамгийн жинтэй үгнүүдийг хэлж байсан хүн бол Санжаасүрэнгийн Зориг юм. Үндсэн хуулиа баталж чадах уу, үгүй юу гэдэг гацаанд орсон байх үед “Би монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэж агуу үгийг хэлээд, бүх улс төрийн намуудыг зөвшилцөлд уриалан, зөвшилцлийн баримт бичигт гарын үсэг зуруулж, Үндсэн хуулиа батлахад оруулсан хувь нэмрийг нь онцлон дурьдах нь зүйтэй гэж үзсэн. Ардчилсан Үндсэн хуулийг хэлэлцэн, батлахад улс орны өнцөг булан бүрээс сонгогдон оролцсон Ардын Их Хурлын 430 деупатат бий. Ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн депутатууддаа Санжаасүрэнгийн Зоригоор төлөөлүүлэн гүн хүндэтгэл илэрхийлж байна” гэлээ.