Цэс

Холбоо барих

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотноо ажиллалаа

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 25-28-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотноо ажиллалаа.

Монголын парламентын төлөөлөгчид Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо-гийн хүрээнд зохион байгуулсан Монгол-Хятад-Оросын хамтын ажиллагааны өндөр түвшний уулзалтад оролцон экспогийн үйл ажиллагаатай танилцаж, албаны хүмүүстэй уулзав. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүнЭдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нар  багтан ажилласан.

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав БНХАУ-ын ӨМӨЗО-ны Намын хорооны

Нарийн бичгийн дарга Ли Жихөнтэй уулзав

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав есдүгээр сарын 25-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Намын хорооны Нарийн бичгийн дарга Ли Жихөн, ӨМӨЗО-ны тэргүүлэгч Бу Шяолинь нартай уулзсан.

Уулзалтын үеэр УИХ-ын дэд дарга Я.Санжмятав Монгол-Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бодит агуулгаар баяжуулахад чухал ач холбогдолтой Монгол-Хятадын экспо-г хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулж байгаа БНХАУ-ын Засгийн газар, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газарт талархаж буйгаа илэрхийлсэн юм

Энэхүү арга хэмжээ нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, иргэд хоорондын солилцоог идэвхжүүлэхэд түлхэц өгч буйг тэрбээр онцлоод Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хоёр улсын парламент хоорондын харилцаа идэвхтэй өрнөж буйг тэмдэглэсэн. Мөн БХАТИХ-тай байгуулсан Байнгын уулзалтын механизмын ээлжит уулзалтыг ойрын хугацаанд хийхээр төлөвлөж буйг дурдав.


УИХ-ын дэд дарга Я.Санжмятав ӨМӨЗО нь Монгол, Хятадын худалдаа, эдийн засаг, соёл хүмүүнлэгийн хамтын ажиллагаанд онцгой үүрэг гүйцэтгэж ирснийг онцлоод 2020 он гэхэд хоёр орны худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтод хүрэхийн тулд худалдаанд тулгарч байгаа саад бэрхшээлүүдийг хамтран шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Хоёр улсын худалдааны гол нэр төрлийн бүтээгдэхүүний нэг болох нүүрсний худалдаанд холбогдох зохицуулалт хийх, тухайлбал Гашуун сухайт-Ганц мод боомтоор нэвтрүүлэх нүүрс ачсан машины тоо сүүлийн саруудад буурч буй асуудлыг шийдвэрлэх үүднээс хоёр талаас Тусгай ажлын хэсэг байгуулж ажиллахыг санал болгохын зэрэгцээ манай улсын төвийн бүсээс мах, махан бүтээгдэхүүн Хятад руу экспортлох нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд анхаарч ажиллахыг санал болгосон юм.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Намын хорооны Нарийн бичгийн дарга Ли Жихөн ӨМӨЗО цаашид ч Монгол, Хятадын харилцааг хөгжүүлэхэд идэвхтэй хувь нэмрээ оруулахын төлөө ажиллана гэлээ. Тэрбээр Монгол-Хятадын экспо арга хэмжээний хэлбэр, агуулгыг баяжуулан үргэлжлүүлэн зохион байгуулах, дэд бүтцийн хамтын ажиллагаа, боомтын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, хүмүүнлэгийн солилцоог өргөжүүлэх, хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэсэн саналуудыг дэвшүүлсэн юм.

Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо-гийн нээлтийн ёслол, Монгол-Хятад-Оросын

хамтын ажиллагааны өндөр түвшний уулзалтад оролцов

Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав тэргүүтэй төлөөлөгчид есдүгээр сарын 26-ны өдөр Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо үзэсгэлэн, нэгдсэн арга хэмжээний нээлтэд оролцлоо. Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридорыг бүтээн байгуулж, дэлхийд чиглэсэн хамтдаа хожих хамтын ажиллагааг хөгжүүлье сэдвийн дор зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээг Монгол Улсын ХХААХҮЯ, БНХАУ-ын Худалдааны яам болон ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар  хамтран зохион байгуулсан бөгөөд нэгдсэн арга хэмжээнд Монголын талаас 383 аж ахуйн нэгжийн 800 гаруй бизнес эрхлэгчид оролцохоор иржээ.


Анхны буюу 2015 онд болсон экспогийн үеэр зохион байгуулагдсан худалдаа, хөрөнгө оруулалтын уулзалтаар 166 хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, хөрөнгө оруулалтын хэмжээ 140 тэрбум гаруй юаньд хүрсэн аж. Экспог зорьсон үзэгчдийн тоо 800 мянгад хүрсэн бөгөөд энэ удаагийн экспо өмнөх амжилтаа ахиулна хэмээн нээлтийн үеэр албаны хүмүүс онцолж байв.


Дараа нь төлөөлөгчид уг арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан Монгол-Хятад-Оросын хамтын ажиллагааны өндөр түвшний форум-ын нээлтэд оролцсон юм. Энэ үеэр УИХ-ын дэд дарга Я.Санжмятав "Монгол, Хятадын гадаад худалдааны эргэлт 2017 оны наймдугаар сарын байдлаар 4.4 тэрбум ам.долларт хүрсэн нь манай улсын гадаад худалдааны 64.4 хувийг бүрдүүлжээ" гээд 1990-2017 оны хооронд БНХАУ-аас таван тэрбум гаруй ам.долларын шууд хөрөнгө оруулалт орсон нь манай улсад орсон нийт хөрөнгө оруулалтын 27.2 хувийг эзэлж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоогоороо тэргүүлж байгааг онцоллоо.


Тэрбээр, энэ удаагийн экспо Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалт-ыг гол сэдвээ болгон хэлэлцэж байгаа нь гурван улс энэхүү бүтээн байгуулалтыг бодитойгоор урагшлуулах ажлыг чухалчилж буйн илрэл хэмээв. Мөн Эдийн засгийн коридорыг бодитойгоор урагшлуулахын тулд хамтын ажиллагааны холбогдох механизмыг боловсронгуй болгохын зэрэгцээ хамтын ажиллагааг удирдан чиглүүлэх үүрэг бүхий Төрийн тэргүүн нарын уулзалтыг үргэлжлүүлэн зохион байгуулах нь чухал гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.


Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр-т тусгагдсан 32 томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд Монгол, Хятад, Орос болон бусад орны хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүд, олон улсын санхүүгийн байгууллагуудын оролцоо нээлттэй байгааг мөн тэмдэглээд, манай улсын эдийн засагт гарч буй нааштай өсөлт, хандлагуудыг бэхжүүлэн тогтвортой хөгжлийн замд баттай ороход хөрш орнууд, бүс нутгийн орнуудтай олон талын болон хоёр талын хамтын ажиллагаа хөгжүүлэх нь чухал болохыг дурдлаа.

Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо-гийн хүрээнд үзэсгэлэн яармаг, хурал, форум, худалдаа, хөрөнгө оруулалтын хэлэлцүүлэг, соёл спортын солилцоо зэрэг 4 үндсэн чиглэлийн 22 томоохон арга хэмжээ зохиогдсон бөгөөд УИХ-ын гишүүд есдүгээр сарын 26-27-ны өдрүүдэд болсон салбар хуралдаанхэлэлцүүлгүүдэд оролцсон юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Болд Монгол-Хятад-Оросын худалдаа, аж үйлдвэр эрхлэгчдийн өндөр түвшний уулзалт, УИХ-ын гишүүн Ж.Батзандан Монгол-Хятадын хөрөнгө оруулалтын орчин болон томоохон төслүүдийг танилцуулах хэлэлцүүлэг, УИХ-ын гишүүн Д.Мурат Монгол-Хятад-Оросын уул уурхайн баялгийн ашиглалтын асуудлаарх хэлэлцүүлэг-т тус тус оролцож, үг хэлсэн.


Харин есдүгээр сарын 27-ны өдөр УИХ-ын дэд дарга Я.Санжмятав тэргүүтэй төлөөлөгчид Монголын бизнес эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэнг сонирхож, тус экспод бараа бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулж буй аж ахуй эрхлэгчидтэй уулзсан юм.


Мөн "Монгол үхэр" корпораци, "Монгол хонь", "Монгол өвс" ХХК-иудын үйл ажиллагаатай танилцлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл