Цэс

Холбоо барих

УИХ-ын дарга Г.Занданшатар АХБ-ны Зүүн Азийн газрын ерөнхий захирал М.Тереза Хо-г хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.07.01) Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын ерөнхий захирал, хатагтай М.Тереза Хо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд Монгол Улс, Азийн хөгжлийн банкны хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн явц байдал болон 2022-2023 оны Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хөтөлбөрийн талаар ярилцаж, санал солилцлоо.


Хатагтай М.Тереса Хо УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Азийн хөгжлийн банкнаас ойрын ирээдүйд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, санхүүжилтийн гэрээ хэлэлцээрийн талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр, "Азийн хөгжлийн банк нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж, хөрөнгө оруулалт, зээл тусламжийн төслийг амжилттай хэрэгжүүлж ирсэн. “2022-2023 Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг байгуулах ажлын хүрээнд Сангийн яамнаас холбогдох арга хэмжээг авч Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, Улсын Их Хурлаар соёрхон батлуулах ажил үргэлжилж байна. Хоёр талын хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийг Улсын Их Хурал дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэв.


Монгол Улс Азийн хөгжлийн банктай 30 жил хамтран ажиллаж байна. Олон улсын хөгжлийн түншүүд дотроос Азийн хөгжлийн банк бол манай улсын гол түнш юм гэдгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэмдэглээд хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд парламентаас бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ. Мөн Улсын Их Хурлаас эдийн засгийг сэргээх, хувийн хэвшлийг дэмжих, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах чиглэлд онцгой анхаарч ажиллаж байгааг дурдаад Азийн хөгжлийн банктай аялал жуулчлал, хүнсний хангамж, аюулгүй байдал, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарын үр дүнтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар саналаа илэрхийлсэн.

Уулзалтад Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран болон албаны бусад хүмүүс оролцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл