Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн дарга Д.Цогтбаатар өнөөдөр (2021.05.24) Бүгд Найрамдах Казакстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Адилбаев-г хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн дарга Д.Цогтбаатар хоёр орны уламжлалт найрсаг харилцаа өргөжин хөгжиж байгааг тэмдэглээд БНКазУ-ын Ерөнхий сайд Аскар Маминыг Монгол Улсад айлчлахыг урьсныг дахин нотлов.
Элчин сайд Жалгас Адилбаев Казахстан, Монголын найрсаг харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулахын төлөө байгаагаа илэрхийллээ. Тэрбээр, ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн дэд ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Сенатын дэд дарга Аскар Шакировыг нэр дэвшиж байгааг дурдаад олон талт хамтын ажиллагааны хүрээнд хоёр орон бие биенээ дэмжиж ажиллахын чухлыг онцолсон юм.
Энэ онд Монгол, Казакстан улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 29 жилийн ой тохиож байна. Уулзалтын үеэр талууд хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээг эрчимжүүлэх талаар болон дэлхий нийтийн өмнө тулгарч буй цар тахлын сорилт бэрхшээлийг даван туулах, вакцинжуулалтын нөхцөл байдлын тухай ярилцаж, санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.