ХЗБХ: Дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

  2021-01-14 17:49  198

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2021.01.14/ 16 цаг 08 минутад хуралдаж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.


Хуралдаанаар Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээ хэлэлцэнэ” гэж заасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцлээ.

Хуулийн төслийн 1, 2 дугаар зүйлтэй холбогдуулан асуулт асуух, бичгээр санал гаргасан гишүүн байгаагүй ба Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах тухай горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 66,7 хувийн саналаар дэмжигдэв.

Ийнхүү Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  2021-01-14 17:47  198