Элчин сайд Чай Вэньрүй Монголын төр засаг, ард түмэнд талархал илэрхийллээ

  2020-02-21 17:55  334

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.02.21) Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньрүйг хүлээн авч уулзаж, цаг үеийн асуудлаар санал солилцлоо.


Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар коронавирусийн өвчлөлөөс сэргийлэх, эрүүл ахуй, хүнсний бүтээгдэхүүний хангамжид хомсдол үүсгэхгүй байх чиглэлээр УИХ-аас холбогдох Байнгын хороог хуралдуулж, тодорхой шийдвэр, чиглэлүүдийг Засгийн газарт өгсөн. Өвчний нөхцөл байдлаас шалтгаалан хамтын ажиллагааны төслүүдийн хэрэгжилт, эдийн засгийн хамтын ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх хандлага ажиглагдаж байна. Иймд учирч болзошгүй эрсдэлийг хоёр тал хамтын хүчээр даван туулах, нөөц бололцоогоо ашиглах шаардлага зүй ёсоор гарч байна хэмээн тэмдэглэв.

Үргэлжлүүлэн тэрбээр, ““Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг”, “Тэнүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэсэн монгол ардын зүйр үгс бий. Энэ цаг үед Монголын ард түмэн, төр засаг, түүний дотор Улсын Их Хурал халдварт вирусээс иргэдээ болон дэлхий дахиныг хамгаалах, учирсан хор уршгийг богино хугацаанд даван туулахаар тэмцэж буй БНХАУ-ын ард иргэдтэй эв санааны нэгдэлтэй байна. Үүний илэрхийлэл болгож Засгийн газраас “Мөнхийн хөршийн дэмжлэг” аяныг улс орон даяар эхлүүлсэн. Хүн төрөлхтний өмнө тулгарч буй энэхүү сорилт, бэрхшээлийг Та бид хамтдаа давж гарч чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.  


Элчин сайд Чай Вэньрүй “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Си Зиньпин биечлэн удирдаж, Засгийн газрын тэргүүн Ажлын хэсгийг ахалж коронавирусийн халдвар, тархалттай тэмцэж байна. Бид ард нийтийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах асуудлыг эн тэргүүнд тавьж, улсын хэмжээнд халдвараас урьдчилан сэргийлэх нэгдсэн тогтолцоо бүрдүүлэн, эрчимтэй ажиллаж байгаа. Халдварыг дотооддоо хязгаарлах, гадагшаа тархаахгүй байхад онцгой анхаарч, арга хэмжээ авч байгаа нь үр дүнтэй байна. Монгол Улсын зүгээс манай улс, ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж, дэмжлэг үзүүлж буй явдалд туйлын их баярлаж байгаагаа тэмдэглэж, чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. Энэ бол хоёр орны найрамдал, хамтын ажиллагаа бэхжиж, ард түмний харилцаа улам бүр гүнзгийрснийг харуулж байна” гэлээ. 

Уулзалтын үеэр хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг сааруулалгүй, экспорт, импортын эргэлтийг нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтой болохыг санал нэгтэй тэмдэглэв.

 


  2020-02-21 17:55  334