Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Төсвийн байнгын хорооны гишүүд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабт ажиллалаа

  2018-01-23 17:30  387

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Төсвийн байнгын хорооны зарим гишүүд өнөөдөр (2018.01.23) Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабт ажиллалаа.


УИХ-ын гишүүн,  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэг, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ц.Мөнх-Оргил, Г.Тэмүүлэн, Н.Оюундарь, Н.Амарзаяа, Б.Энх-Амгалан нарыг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хүлээн авч, товч мэдээлэл өгсний дараа Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр яамны үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.   


Тэрбээр яам үүсэн байгуулагдсан түүх болон салбарын эрх зүйн орчны шинэчлэл, гадаад хамтын ажиллагаа, НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцож буй байдал хийгээд хийж гүйцэтгэсэн томоохон ажлын талаар танилцуулав.

Салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлын талаар төсөв нэмэгдүүлэх, зэвсэглэл, техникийг сайжруулах шаардлага байгааг онцолсон.

Эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд Улсын нисэхийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Дайчилгааны тухай хууль, Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хууль, Дайны байдлын тухай хууль зэрэг хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар бэлтгэж байгаа болон шаардлагатай бодлогын баримт бичгүүдийг гаргуулахаар ажиллаж буйгаа мөн тэмдэглэсэн юм.


Үүний дараа УИХ-ын гишүүд Зэвсэгт хүчний жанжин штабт очиход Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Даваа танилцуулга, мэдээлэл хийлээ.

Тэрбээр Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн батлан хамгаалах шинэчлэлийн бодлогын хүрээнд мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг бүрдүүлж, хөгжүүлэх төрийн бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд бүхий л хүч бололцоо, мэргэжлийн ур чадвараа дайчлан албаа сайн хааж байгааг тэмдэглэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 


  2018-01-23 17:30  387