Цэс

Холбоо барих

УИХ-ын Тамгын газрын ажилтнуудад зориулсан статистикийн мэдээллийн танилцуулах сургалт боллоо

Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын судалгааны хүрээлэнгээс Үндэсний статистикийн хороотой хамтран Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудад зориулсан статистикийн мэдээллийн танилцуулах сургалтыг өнөөдөр (2021.03.29) цахим хэлбэрээр зохион байгуулав. Уг сургалтад Улсын Их Хурлын гишүүний ажлын алба, УИХ дахь намын бүлгийн ажлын албаны ажилтнууд зэрэг нийт 58 ажилтан хамрагдлаа.

Сургалтад ҮСХ-ны Хүн ам, нийгмийн статистикийн газрын Хүн ам, орон сууцны тооллогын товчооны дарга Т.Болор-Эрдэнэ “Байшин, орон сууцны 2019 оны тооллогын үр дүн, мэдээллийн хэрэглээ, ашиглалт”, ҮСХ-ны Хүн ам, нийгмийн статистикийн газрын Хүн ам, орон сууцны тооллогын товчооны ахлах статистикч Т.Уянга “Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын дүн, мэдээллийн хэрэглээ, ашиглалт” сэдвээр тус тус танилцуулга хийлээ.

Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Үндэсний статистикийн хороо Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа бүх байшин, орон сууцны сан хөмрөгийг бүрэн тодорхойлох, орон сууцны фонд, хийц, ашиглалт, хүчин чадал, дэд бүтцийн хүртээмжийн талаар дэлгэрэнгүй мэдээллийн сан бий болгох, улсын хэмжээнд өрх, хүн амын дэлгэрэнгүй үзүүлэлтийг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хамгийн бага нэгжийн түвшинд гаргах зорилгоор хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллогыг 10 жил тутам, завсрын тооллогыг 5 жил тутам хийдэг.

Нэгдсэн мэдээллийн сантай болсноор Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийг судалгаа шинжилгээний үндэслэлтэй хийж, олон улсад гаргаж буй хөгжлийн үзүүлэлтийн суурь мэдээллийг бий болгоход чухал ач холбогдолтой гэдгийг илтгэгч нар онцоллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл