Цэс

Холбоо барих

НББХ: Ажлын хэсгийн тайланг сонсож, Байнгын хорооны тогтоолоор тодорхой үүрэг чиглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэв

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2020.12.22) хуралдаан 11 цаг 15 минутад ирц бүрдсэнээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөснийг Байнгын хороон дарга М.Оюунчимэг танилцуулав.


Эхлээд 2020.04.07-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийг хэлэлцэх, эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаарх товч танилцуулгыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хийж, төсөлд тусгасан зарчмын шинжтэй шинэ зохицуулалтуудыг онцлон танилцуулав. Үүнд ажил олгогч эхний ээлжинд дотоодоос ажилтан авч ажиллуулах, гадаадаас ажилтан сонгох, авах зөв гарцыг бий болгох, албан бус зуучлалыг зогсоох зорилгоор гадаадын ажиллах хүч, мэргэжилтний мэдээллийн санг бүрдүүлэх, ажил олгогч ажилтнаа мэдээллийн сангаас сонгох, гадаадаас ажилтан авахад орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын оролцоо хангалтгүй байсныг өөрчилж, оролцоог хангах, зарим чиг үүргийг орон нутагт шилжүүлэх, салбарын яамдаас гаргасан тоог үндэслэн гадаад ажилтны тоог жил бүр Засгийн газар тогтоох, ажлын байрны төлбөрийн доод хэмжээг хуулиар тогтоох, ингэхдээ салбарын онцлогийг харгалзан ялгаатай байлгах, Монгол Улсын иргэнийг гадаад улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйлчилгээ эрхлэх харилцааг нарийвчлах, зуучлуулагчийн эрх ашиг зөрчигдөхөөс сэргийлэх, учирсан хохирлыг урьдчилан бууруулах, барагдуулах, гадаадад ажиллаад ирсэн иргэдээ эргэн суурьшихад дэмжлэг үзүүлэх төсөл, хөтөлбөрт хамруулах, зуучлалын хөлсний нийт хэмжээ нь зуучлуулагчийн зуучлагдах ажлын байрны нэг сарын хөдөлмөрийн хөлснөөс хэтрэхгүй байхаар тогтоож, зуучлалын зардлын дийлэнх хэсгийг ажил олгогч хариуцахаар зохицуулсан байна.


Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Л.Энх-Амгалан, С.Чинзориг, С.Ганбаатар, Ц.Сандаг-Очир, Б.Баярсайхан, Б.Саранчимэг, М.Оюунчимэг нар асуулт асууж, хариулт авлаа. Мөн  Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Б.Бейсен, Л.Энх-Амгалан, Б.Баярсайхан, С.Чинзориг, Ц.Сандаг-Очир, М.Оюунчимэг, Ц.Мөнх-Оргил нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Үг хэлсэн гишүүдийн дийлэнх нь сургууль, цэцэрлэгийн багш, ажилтан, хувь хүний болон өрхийн хэрэгцээнд зориулсан асаргаа, сувилгаа, гэрийн үйлчилгээ, барилга, замын ажил, машин засвар зэрэг монгол залуучууд ажиллах боломжтой ажлын байруудад гадаадаас ажиллах хүч авахгүй байхаар зохицуулах, гадаадад ажиллаж байгаа иргэдийн бүртгэлийг нарийвчлан гаргах, эрх ашгийг нь хамгаалах, хуулийн төслийг бусад хууль тогтоомжуудтай нийцүүлэн, уялдааг хангаж байж дахин оруулж ирэх шаардлагатай зэрэг санал хэлэв.

Хуралдаанаар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэнээр Байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.


Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл –ийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Тогтоолын төсөлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Б.Баярсайхан, Б.Саранчимэг нар асуулт асууж, хариулт авснаар гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явууллаа.

Ингээд тогтоолын төслийг Байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг гишүүдийн гаргасан саналын хамт Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв.


Төгсгөлд нь Байнгын хорооны 2020 оны 01 тогтоолоор байгуулсан Эрүүл мэндийн даатгалын байгууллага болон Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаатай танилцах, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг сонслоо. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг ахалж, гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, С.Ганбаатар, С.Одонтуяа, Л.Энх-Амгалан болон Эрүүл мэндийн яамны удирдлагууд ажиллажээ.  

Тайланг Ажлын хэсгийн ахлагч М.Оюунчимэг танилцуулав. Тус Ажлын хэсэг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу 2020 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хөнгөлөлттэй эм, эмнэлгийн үйлчилгээг ард иргэдэд хэрхэн хүргэж байгаатай танилцахаар Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв болон өрхийн эмнэлгүүд, эмийн сангууд, Эрүүл мэндийн даатгалын газар зэрэг байгууллагуудад ажилласан байна. Хууль хэрэгжиж эхэлсэн эхний өдрүүдэд хөнгөлөлттэй эмийн жор бичүүлэх гэсэн хүмүүсийн бөөгнөрөл үүсэх, бичүүлсэн нэг жороор 2 өөр эмийн сангаас эмээ хувааж авах боломжгүй байх, хурууны хээ уншигч төхөөрөмж гацах, зарим эмийн сангууд зөвшөөрөл аваагүй гэх шалтгаанаар хөнгөлөлттэй эмээр үйлчлээгүй зэрэг ард иргэдэд хүндрэл учруулсан асуудлууд үүссэнийг хугацаа алдалгүй шийдвэрлэх үүргийг Ажлын хэсгээс холбогдох газруудад өгч, арилгуулсан төдийгүй иргэдийн тавьж буй гомдол саналын дагуу нийлмэл найрлагатай зарим эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад нэмж оруулснаар жагсаалтыг шинэчлэн 136 нэр төрлийн 522 худалдааны нэршлийн эмэнд 30-70 хувийн хөнгөлөлт үзүүлэх, ховор тохиолдох өвчний улмаас өндөр үнэтэй эм байнга хэрэглэдэг хүмүүст тухайн эмээ хөнгөлөлтөөр авдаг болгох, улсын хэмжээнд ажилладаг эрүүл  мэндийн даатгалын ажилтны тоо 50 байсныг 105 болгож хүний нөөцийг нэмэгдүүлэх, хөнгөлөлттэй эмийн санхүүжилтийг 10 тэрбумаар нэмэгдүүлэх, 3382 эмч жор бичдэг байсан бол 6500 орчим болгон өргөжүүлэх, хөнгөлөлттэй эм худалдаалах эмийн сангуудын тоог нэмэгдүүлснээр бүх шатлалын улсын болон хувийн 1600 гаруй эмийн сан сарын бүх хоногуудад хөнгөлөлттэй эмээр үйлчлэх зэрэг ахиц дэвшил гарсныг Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа онцоллоо.

Түүнчлэн, Ажлын хэсэг цар тахлын улмаас үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр коронавируст (Ковид-19) цар тахлын халдвар авсан эрүүл мэндийн ажилтнуудын нөхцөл байдлын талаарх мэдээллийг цахимаар сонссоноор халдварын голомтод ажиллаж буй эмч нарын ачааллыг тэнцвэржүүлэх, анхан шатны нэгж, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд халдвар хамгааллын хэрэгсэл дутагдалтай байгааг анхаарч, эрүүл мэндийн цахим үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр шуурхай ажиллан шийдвэр гаргах үүрэг даалгаврыг Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-ийн холбогдох албан тушаалтнуудад өгсөн байна.


Ажлын хэсгийн тайлантай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, С.Чинзориг, С.Ганбаатар, Ц.Сандаг-Очир, Б.Бейсен, Ж.Чинбүрэн, М.Оюунчимэг нар асуулт асууж, хариулт авч, байр сууриа илэрхийллээ. Гишүүд  цар тахлын нөхцөл байдал өдөр өдрөөр өөрчлөгдөж буй учир эмнэлгүүдийг халдварын голомт болохоос урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авах,  цаашид орлого нь тасарч, татаас авч болзошгүй эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаанд анхаарал хандуулах,  хөдөө орон нутгийн иргэд хурууны хээ уншуулж байж хөнгөлөлттэй эм авдаг асуудалд уян хатан хандах эрх зүйн орчин бий болгох, сум, багт эмийн хангалтыг нэмэгдүүлэх зэрэг шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар байр сууриа илэрхийлэв.  

Хуралдаанаас Байнгын хорооны тогтоолоор тодорхой үүрэг чиглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл