Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2014 оны 3 дахь дугаарын тойм

Эмхэтгэлийн шинэ дугаарт, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг нийтлэгдлээ.Зарлигаар, Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлэх “Том төрөөс ухаалаг төр лүү” төрийн шинэтгэлийн бодлогын хүрээнд төрийг хэмнэлттэй, үр ашигтай горимд шилжүүлж иргэдэд ойр, хүртээмжтэй болгох зорилгоор тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н.Алтанхуяг/-т чиглэл болгосон байна.

Нийслэлийн өмчийн Хангарьд ордонг төр түрээслэх нөхцөлтэйгээр хувьчилж, Үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах, онцгой байдлын асуудал эрхлэх болон хууль сахиулж, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий агентлагаас бусад бүх агентлагийг тус ордонд багтаах, төр хамгийн үр дүнтэйгээр ажлаа гүйцэтгэх нөхцөлийг хангасан, олон нийтийн хяналт, судалгаа, мэдээллийн болон дэвшилтэт технологийн нэгдсэн сүлжээтэй байх боломжийг бүрдүүлсэн, төр түрээслэх нөхцөл бүхий хувийн өмчийн барилгыг Төрийн ордны зүүн тал дахь хуучин хэвлэх үйлдвэрийн суурин дээр бариулах, уг барилгад Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яамнаас бусад бүх яамдыг багтаах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг даалгажээ.

Эмхэтгэлд нийтлэгдсэн Засгийн газрын тогтоолоор, Эдийн засгийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалтын газрыг байгуулжээ.Энэ тогтоолоор Хөрөнгө оруулалтын газрын үйл ажиллагааны стратеги хөтөлбөрийг баталж мөрдүүлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгасны зэрэгцээ Хөрөнгө оруулалтын тухай хууль шинээр батлагдан яамдын зарим чиг үүрэгт өөрчлөлт орж байгаатай холбогдон ажил хүлээлцэх комиссыг холбогдох хууль тогтоомжийн дагуу томилон ажиллуулж хэрэгжүүлэх, Хөрөнгө оруулалтын газрыг үйл ажиллагаа явуулах ажлын байраар хангах зэрэг арга хэмжээ авахыг зарим сайд болон Төрийн өмчийн Хороонд даалгасан байна.

Мөн дугаарт, Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ.

Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх чиглэлээр түүнчлэн эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хүн амын бодит орлогыг хамгаалах хүрээнд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд нийгмийн түншлэлийн оролцоог хангах, хамтын ажиллагааг өргөжүүүлэх зорилгоор ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхолыг төлөөлөн хамгаалах байгууллагатай чиглэлээр ямар арга хэмжээ авч хамтран ажиллахыг энэ тогтоолоор тогтоож өгсөн байна.

Эмхэтгэлд Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн тогтоолыг бүрэн эхээр нь нийтлэв гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

2014 оны 01 дүгээр сарын 17
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл