ТОЙМ: Улсын Их Хурал – Энэ долоо хоногт (2020.01.13-17)

  2020-01-18 08:17  715

ТОЙМ: Улсын Их Хурал – Энэ долоо хоногт

(2020.01.13-17)


УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Үндсэн хуулийг батлалцсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд, үе үеийн Улсын Их Хурлын гишүүд, нийт ард түмэндээ хууль тогтоох дээд байгууллага-Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэв.

УИХ-ын дарга мэндчилгээндээ, жил бүрийн нэгдүгээр сарын 13-ныг Үндсэн хуулийн өдөр хэмээн УИХ-аас хуульчилсан билээ. Энэхүү өдөр бол Та бидний улс үндэстнийхээ түүхээр бахархах, Үндсэн хуульт ёсоо дээдлэх, ардчилсан Монгол Улсын иргэн нь, эх орныхоо бүрэн эрхт эзэн нь байгаагаараа омогших өдөр юм.

Хорин найман жилийн тэртээ 1992 онд монгол түмэн шинэ Үндсэн хуулиа баталж, даяар олноо зарлан тунхагласан. Энэ бол шинэ эриний эхлэлийг тавьж, иргэний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгмийн дэвшлийн төлөө Та бидний хийсэн түүхэн сонголт байлаа. Энэхүү зөв, мэргэн сонголтын үр шимээр өнгөрсөн 28 жилд улсын маань нийгэм, улс төр, эдийн засаг, иргэдийн маань амьдралын чанарт олон чухал дэвшил өөрчлөлт гарч, олон улсын тавцан дахь Монгол Улсын нэр хүнд, байр суурь бэхэжсэн. Туршлага, сургамж ч чамгүй хуримтлагдсан. Олсноо бататгаж, алдсанаа засах, ирээдүйгээ шинээр тодорхойлох гарцаагүй шаардлага ч үүссэн билээ.  

Ард түмнийхээ хүсэмжлэл, зорьсон зорилго, хүссэн ирээдүйдээ хүрэхийн тулд хоёрхон сарын өмнө бид, бас нэгэн түүхэн сонголт хийгээд байна. Энэ бол Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт юм. Хорин жил яригдаж, гурван парламент дамнан өрнөсөн түүхэн чухал үйл хэргийг парламентаар 158 хоног тасралтгүй хэлэлцэн батлахад монгол хүн бүхэн хувь нэмрээ оруулсан. Эрүүл нийгмийг төлөвшүүлж, шударга ёсыг бататган, хөгжил цэцэглэлтийг дархлахын тулд бид урагшаа илүү олон алхах ёстой. Үүнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ. 2020.01.13. http://www.parliament.mn/n/6xko


УИХ-ын гишүүн А.Ундраа, Ж.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Л.Мөнхбаатар нарын санаачлан боловсруулсан Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг  УИХ-ын гишүүн А.Ундраа, Л.Мөнхбаатар нар өргөн мэдүүлэв.    

Хуулийн төсөл нь Эрдэнэсийн сангийн үйл ажиллагааг өргөжүүлж, уг харилцаанд төрийн байгууллагын эдлэх бүрэн эрх, иргэн, хуулийн этгээдийн оролцоог тодорхойлж, зохицуулсан нийт 6 бүлэг, 18 зүйлтэй. Хуулийн төслөөр эрдэнэсийн санд холбогдох нэр томьёог холбогдох олон улсын стандарт, Монгол Улсын бусад хууль тогтоомжид нийцүүлэн тодорхойлсноос гадна гүйлгээ сангийн зарцуулалт, эрдэнэсийн сангийн бүртгэл, Эрдэнэсийн санд олборлосон алт авах, гадаад валютын улсын нөөц нэмэгдүүлэх үйл ажиллагаа, иргэн, хуулийн этгээд эрдэнэс эзэмших, Монголбанк үнэт металлын сорьц тогтоох үйл ажиллагаа явуулах зэрэг зохицуулалтыг тусгажээ. 


Олон улсын туршлагаар алтны сорьц тогтоох үйл ажиллагааг тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн байгууллага гүйцэтгэхээс гадна Төв банк, тусгай зөвшөөрөлтэй хувийн хөрөнгө оруулалт бүхий бусад хуулийн этгээд эрхэлдэг байна. Хуулийн төслийг дагалдан Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулан, Монголбанкинд тушаах үнэт мөталлын сорьцыг сорьц тогтоох төрийн захиргааны байгууллагаас гадна, тусгай эөвшөөрөлтэй хуулийн этгээд, эсхүл Монголбанк тогтоож болох зохицуулалтыг тусгасан байна. 2020.01.13. http://www.parliament.mn/n/6mko


Монгол Улсын Анхны ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсны 28 жилийн ойн өдөр “Монгол Улсын Үндсэн хууль ба эрх зүйн шинэтгэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болов. УИХ-ын Тамгын газар, МУИС-ийн Хууль зүйн сургууль, “Чимид сан”-гаас хамтран НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан энэхүү хурлыг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан даргалан явуулсан юм.

Эрдэм шинжилгээний хурлыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэн үгэндээ, Монгол Улс ардчиллын замыг сонгож, шинэ Үндсэн хуулиа баталсны 28 жилийн ой өнөөдөр тохиож байна. Шинэ Үндсэн хуулийг хууль тогтоох дээд байгууллага АИХ-ын хуралдаанаар хуулийн төслийг 75 хоног хэлэлцэн, 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн 11 цаг 35 минутад баталсан түүхтэй.

Энэ удаагийн УИХ иргэд, олон нийт, эрдэмтэн судлаачдынхаа санал, дүгнэлтэд тулгуурлан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг бодит ажил хэрэг болгохоор шийдвэрлэсэн юм. Улмаар улс төрийн нам, иргэний нийгмийнхэнтэй хэлэлцэж, ард түмэндээ танилцуулж, санал бодлыг нь авч, бүхий л түвшний ойлголцол зөвшилцлийг ханган ажилласны үндсэн дээр 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 64 гишүүний 100 хувийн саналаар Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулаад байна гэлээ.

Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр Төр цэгцрэн, Засаглал тогтворжиж, Шударга ёс тогтох өөрчлөлт, эрх зүйн хувьсгалын эхлэл тавигдах учиртайг УИХ-ын дарга онцлоод тийм ч учир УИХ 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг  нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай“ УИХ-ын тогтоолыг баталсан. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт бол нэг алхам. Одоо үүнийгээ амилуулж, бодитоор хэрэгжүүлэх ёстой хэмээсэн юм. Энэ хүрээнд Байгалийн баялгийн зохицуулалтын талаарх нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг шинээр баталж, Ашигт малтмалын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Байгаль орчны тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Цөмийн энергийн тухай хууль болон холбогдох бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах болно гэлээ.

Түүнчлэн улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төсөв, санхүүтэй холбоотой нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг болон холбогдох бусад хуулиудыг, УИХ-ын үйл ажиллагааг боловсронгуй болгож, хариуцлагыг сайжруулах нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан  УИХ-ын тухай хууль, Ард нийтийн санал асуулгын тухай хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна.

Улс төрийн намтай холбоотой нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг шинэчлэн, Засгийн газрыг эмхлэн байгуулах нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай,  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиудыг шинэчлэх шаардлагатайг дурдлаа.


УИХ-ын дарга Г.Занданшатар “Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах талаарх нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан Шүүхийн захиргааны тухай хуулийг шинэчлэн, Шүүхийн сахилгын хорооны тухай хуулийг шинээр баталж, холбогдох бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой. Шүүх, хуулийн байгууллага бол төрийн зэвсэг гэсэн хуучны ойлголт байдаг. Одоо бол тийм биш. Шүүх зөвхөн хуулийг дээдэлж, хуулийн өмнө хүн бүр эрх тэгш байх хүний эрхийг баталгаатай хангаж, үйл ажиллагаа нь хариуцлага, ёс зүйд суурилах ёстой.

Мөн Хот, тосгоны эрх зүйн байдлыг тодорхой болгох нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг шинэчлэн, холбогдох бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгалаа. Энэ өөрчлөлтөөр Дархан, Эрдэнэт, аймгийн төвүүд хот болох боломж бүрдэж байна. Сумд ч гэсэн тосгон суурин болж хөгжих үүд хаалга нээгдэнэ. Сумдад суурин газрын төлөвлөлтийн шинэ орчин бүрдэж эхэлсэн. Хотоос дутуугүй орчинд амьдрах шинэчлэлт 10 гаруй суманд хийгдэж байгаа. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, дагуул хотуудыг хөгжүүлэх, тухайлбал Налайх, Багануур зэрэг дүүрэгт хотын статус олгох нь нийгмийн хөгжлийн эрэт хэрэгцээтэйгээ нийцэж байгаа гэж үзэж байна гэлээ. 

Эдгээр эрх зүйн шинэтгэлийг хийснээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл баримтлал хэрэгжиж, парламентын ардчилал төлөвшин, ард түмний төрд итгэх итгэл нэмэгдэх, ард түмний засаглах эрхийг бодитоор хангах, хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдэл хоорондын зааг ялгаа тодорхой болж, харилцан хяналт-тэнцэл сайжрах, Засгийн газрын тогтвортой байдал хангагдах, шүүх эрх мэдлийн чадавхи дээшилж, хүний эрх, эрх чөлөөний баталгаа сайжрах, нутгийн өөрийн удирдлагын чиг үүрэг, эрх хэмжээ тодорхой болж, бие даан хөгжих боломж бүрдэх, хот, тосгон төлөвшин хөгжих бодит нөхцөл хангагдана гэж үзэж байгаагаа тэрбээр илэрхийлсэн юм.


Дараа нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, Хууль зүйн шинжлэх ухааны доктор Ж.Эрдэнэбулган нээлтийн арга хэмжээнд хэлсэн үгэндээ, шинэ Үндсэн хуулиар нийгэм, эдийн засгийн харилцаанд төдийгүй хувь хүн, гэр бүл, нийгмийн салбарт хөгжил дэвшлийг авчирч, дэлхий дахинд Монгол Улс бүрэн эрхэт, тусгаар тогтносон ардчилсан Монгол Улс хэмээн нэгэнтээ хүлээн зөвшөөрөх томоохон баталгааг улам бэхжүүлсэн.

Үндсэн хуулийн талаарх олон улсын болон үндэсний эрдэмтдийн хийсэн олон судалгааны дүнгээс үзвэл Монгол Улсын 1992 оны Үндсэн хууль өөрийн чадавхаа бүрэн шавхаагүйн дээр, одоо ч хүний эрх, эрх чөлөөг хангаж, баталгаажуулах, тэрийн эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах нийгэм, улс төрийн үүргээ бүрэн биелүүлж байна. Тэгвэл 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр УИХ-аас Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан 19 зүйл, 36 заалт бүхий нэмэлт, өөрчлөлт нь нэгд,1992 онд бидний хийсэн түүхэн сонголт болох Парламентын ардчиллыг төгөлдөржүүлэх, улмаар ард түмний засаглах эрхийг нэмэгдүүлэх чиглэлээр, хоёрт, төрийн эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах үүднээс Гүйцэтгэх эрх мэдэл бодлогоо бүрэн тодорхойлж, хариуцлагаа үүрэх боломжийг хангах чиглэлээр, гуравт, Үндсэн хуулийн эдийн засгийн суурь ойлголт, байгалийн баялаг ард түмний мэдэлд байж, төрийн хамгаалалт байх зарчмыг тодруулах чиглэлээр, дөрөвт, Шүүхийн хараат бус байдлыг хангаж, шүүгчийн хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр, тавд, төвлөрлийг сааруулах зорилгоор орон нутгийн эдийн засаг, эрх зүйн эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлд хийгдсэн нь Монгол Улсын түүхэнд томоохонд тооцогдох үйл явдал болсныг харуулж байна гэлээ.


Мөн хуралдаанд Академич, МУИС-ийн Эмерит профессор, Монгол Улсын Их Хурлын гишүүн асан С.Нарангэрэл “Монгол Улсын Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлал, утга санааг хэрэгжүүлэх асуудал” сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрбээр, “Монголын төрд нүүрлэж ирсэн ужигарсан гүн хямралыг үгүй болгох зорилгод 1992 оны Үндсэн хуульд энэ удаад оруулсан нэмэлт, өөрчлөлт чиглэгдсэн билээ. Монголын нийгэмд багагүй ажил, санал зөрөлдөөн, маргаан өрнөсний үр дүнд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан хоёр дахь удаагийн нэмэлт, өөрчлөлт эцэслэн батлагдав. Иймээс Монгол Улсын Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлал, утга санааг ягштал, нэг мөр хэрэгжүүлэх асуудал монголын нийгмийн хойшлуулшгүй бөгөөд нэн тулгамдсан зорилт болон тавигдаж байна. Энэ нь нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулж, хэлэлцэж батлахаас бүр ч илүү  нарийн чимхлүүр, хариуцлагатай, нөр хичээнгүй ажил үйлсийг шаардаж байна” гэлээ.

УИХ-д суудал авсан гэх нэрийн дор эрх мэдэл, албан тушаалын төлөө улайрсан биегүй хий хоосон, сүүмгэр улс төрийн нам, бүлгийн хэрээс хэтэрсэн явцуу эрх ашиг нь Засгийн газруудын үйл ажиллагааг зогсоож, хүчгүйдүүлж, олон Засгийн газрыг түлхэн унагааж байсан. Улс төрийн нам хэмээсэн хаацайллын  дор ёс суртахуунгүй, мэдлэг чадваргүй, тохиолдлын нэлээдгүй хүмүүс улс төрд шургалан, төрийн нэр хүндийг олон түмний дунд унагаж, төр улсын зохион байгуулалтыг үгүй болгож, эх орон, ард түмний төлөөх үүрэг хариуцлага, хүчин зүтгэлийг үгүй хийж, улсын сан хөмрөгөөс хумслах, бусармаг үйлд гаршиж ирсэнийг таслан зогсооход Үндсэн хуулийн энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлал, агуулга бүхэлдээ чиглэгдэж буйг доктор С.Нарангэрэл онцлов. Мөн Үндсэн хуулийн зүйл, заалтыг хэрэглэх талаар үүссэн хоёрдмол утга, ойлгомжгүй байдлыг арилгах хууль ёсны арга зам нь Үндсэн хуулийн үзэл баримтлал, утга санааг гуйвуулахгүйгээр түүний зүйл, заалтыг зөв тайлбарлах явдал гэдгийг онцолж байв. 2020.01.13. http://www.parliament.mn/n/65ko


Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит Монгол Улсын Их Хурлын шагнал гардуулах ёслол Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд болов. Шагнал гардуулах ёслолд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын Тамгын газрын удирдлагууд болон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн гэр бүл, үр хүүхэд, шавь нар нь болон албаны бусад хүмүүс оролцов.

Ёслолын арга хэмжээний эхэнд УИХ-ын даргын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Б.Чимидийн нэрэмжит 2020 оны Монгол Улсын Их Хурлын шагналаар шагнах тухай” 07 тоот захирамжийг уншиж сонордуулав. Монгол Улсын Үндсэн хуульт ёсны үнэт зүйл, үзэл баримтлалыг олон нийтэд таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуулийн эрх зүйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан “Ардчилсан эрх зүйт ёс”, “Монгол Улсын Үндсэн хуулийн товчоон”, “Үндсэн хуулийн эхийг баригч” бүтээлүүдийг туурвисан Академич, Гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Амарсанааг төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит 2020 оны Монгол Улсын Их Хурлын шагналаар шагнахаар шийдвэрлэсэн байна. Академич, Гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Амарсанаа нь ийнхүү Б.Чимидийн нэрэмжит Монгол Улсын Их Хурлын шагналыг хүртэж буй зургаа дахь эрдэмтэн боллоо.


УИХ-ын дарга Г.Занданшатар Академич, Гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Амарсанаад Б.Чимидийн нэрэмжит шагналыг гардуулж, баяр хүргэж хэлсэн үгэндээ, “УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс 2020 оны шагналыг Академич, Гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Амарсанаад олгох шийдвэр гаргаад байна. Тэрбээр 44 жил хууль зүйн сургалт, эрдэм шинжилгээ, хууль зүйн практикын ажил эрхэлж, олон тооны шилдэг бүтээл туурвисан. Монгол Улсын Үндсэн хуулийг боловсруулахад гар бие оролцож, Үндсэн хуулийн цэцийн даргаар ажиллаж байсан манай нэрт эрдэмтдийн нэг, төр нийгмийн зүтгэлтэн юм. Ж.Амарсанаагийн туурвисан “Ардчилсан эрх зүйт ёс”, “Монгол Улсын Үндсэн хуулийн товчоон”, “Үндсэн хуулийн эхийг баригч” бүтээлүүд Үндсэн хуульт ёсны үнэт зүйлийг бэхжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуулийн эрх зүйн судлалыг хөгжүүлэх, парламентат ёс, үндэсний эрх зүйн тогтолцоог төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа учраас энэхүү нэр хүндтэй шагналаар шагнаж байна. Танд баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөр, бүтээл туурвил, судалгааны ажилд өндөр амжилт хүсэн ерөөе” гэлээ. 

Дараа нь Академич, Гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Амарсанаа үг хэлэхдээ, “Нэр хүндтэй энэхүү шагналыг хүртээсэнд гүнээ талархаж байна. Би 1971 онд МУИС-ийн оюутан болоод анхны хичээлээ Б.Чимид багшаар заалгаж байв. Дараа нь багшийнхаа удирдлага, зөвлөмжөөр олон жил сургалт, эрдэм шинжилгээний ажлыг хийж иржээ. Сургалт, эрдэм шинжилгээ, бүтээл туурвил бүрд багш мааь надад байнга зөвлөж, намайг чиглүүлж ирсэн. Мөн төрийн болон эрдэм шинжилгээ, сургалтын, олон нийтийн байгууллагад хамтран ажиллаж тэр хүний үр өгөөж, ивээл хайрыг хүртэж ирсэн. Өнөөдөр ч гэсэн бараг 50 дахь жилдээ Б.Чимид багшийнхаа ивээл, хайрыг хүртэж байгаадаа маш их баяртай байна” гэлээ.

Энэхүү нэр хүндтэй шагналыг өмнө нь УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Монгол Улсын Гавьяат хуульч И.Дашням, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Баярсайхан, Академич Х.Нарангэрэл, профессор, хууль зүйн ухааны доктор Х.Сэлэнгэ нар хүртэж байв. 2020.01.13. http://www.parliament.mn/n/6uko


“Монгол Улсын Үндсэн хууль ба эрх зүйн шинэтгэл” эрдэм шинжилгээний хурал салбар хуралдаануудаар үргэлжилж, нэгдүгээр салбар хуралдаан “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт - 2019: Хууль тогтоох ба гүйцэтгэх эрх мэдлийн хяналт-тэнцэл” сэдвийн хүрээнд өрнөв. Тус салбар хуралдаанд илтгэл тавьсан илтгэгчид Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зүйл, заалт бүрийн агуулга, ач холбогдол болон засаглал хоорондын хяналт, тэнцлийг хангах олон улсын жишиг туршлагуудын талаар харьцуулан танилцуулж, саналаа солилцсон юм.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь 1992 оны Ардчилсан шинэ Үндсэн хуулийн суурь зарчим, үзэл баримтлалыг хөндөхгүйгээр 2000 оны “дордуулсан” гэх долоон өөрчлөлтийг хэсэгчлэн болон бүрэн сэргээсэн. Иргэдийн сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулж, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх, төрийн эрх мэдлийн хяналт-тэнцлийн зарчмыг хангасан чухал үйл хэрэг болсныг илтгэгчид онцолж байлаа. Мөн сүүлийн гурван парламент дамжиж яригдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тогтвортой төрийн бодлогыг хэрэгжүүлж, эрх мэдэл хоорондын харилцан хяналт-тэнцлийг хангах томоохон өөрчлөлтийг энэ удаагийн парламент хийж чадсаныг хэлэлцүүлэгт оролцогчид санал нэг буйгаа илэрхийлэв. Үндсэн хуулийн үг үсэг бус үзэл санааг нь хууль тогтоогчид баталж буй хуулиараа, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр засаж, залруулж, хөгжүүлдэг. Иймд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг тунхаглалын чанартай үлдээхгүйн тулд түүнийг дагалдан гарах бусад салбар хуулиудад нэгдсэн концепцтой нарийвчилсан зохицуулалтыг тусгах хэрэгтэйг сануулж байв.


Салбар хуралдааны төгсгөлд УИХ-аас 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр баталсан “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолын дагуу цаашид гарах Улсын Их Хурлын тухай, Ерөнхийлөгчийн тухай, Засгийн газрын тухай, Төсвийн тухай, Төрийн аудитын тухай зэрэг голлох органик хуулиуд болон бусад хууль тогтоомжид тусгах санал, зөвлөмжийг нэгдсэн хуралдаанд хүргүүлэхээр тогтсон юм.

Хоёрдугаар салбар хуралдаан “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт - 2019: Шүүх эрх мэдэл”, “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт - 2019: Нутгийн удирдлага” сэдвээр болов. Салбар хуралдаанд “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт - 2019: Шүүх эрх мэдэл” сэдвээр илтгэл тавьсан МУИС-ийн Хууль зүйн сургуулийн нийтийн эрх зүйн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан илтгэлдээ Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд шүүх эрх мэдлийн шинэчлэлтэй холбоотой тусгасан зохицуулалтыг танилцуулав. Мөн дагалдаж гарах органик хуулиудад оруулах өөрчлөлтийн төслийн талаар саналаа танилцуулсан юм.


Үндсэн илтгэлтэй холбогдуулан Шүүхийн захиргааны байгууллага буюу Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус таван гишүүнийг хэрхэн бүрдүүлэх вэ гэдгийг тал бүрээс нь хөндөж хэлэлцээд гүйцэтгэх эрх мэдлийн болон улс төрийн хамааралгүйгээр энэхүү таван гишүүнийг бүрдүүлж, боломжтой гэж үзвэл томилгооны зөвшилцөл хийх комиссыг байгуулан, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд орохоос өмнө томилгооны сонсгол хийснээр нийт гишүүний гуравны хоёрын саналаар томилох тухай санал давамгайлж байв. Мөн Шүүхийн захиргааны байгууллагыг цаашид ямар загвараар явуулах, Шүүхийн сахилгын хороог буюу шүүгчид хариуцлага тооцдог механизмыг улс төрөөс хамаарал багатай хэрхэн байгуулах вэ гэдэг талаар оролцогчид саналаа хэлж, асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм.

Хэлэлцүүлгээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон УИХ-аас 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр баталсан “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолын дагуу цаашид шинээр гаргах шүүхийн тухай хуулиудад тусгах саналыг зөвлөмж хэлбэрээр гаргаж, нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.


Салбар хуралдаан “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт - 2019: Нутгийн удирдлага” сэдвээр үргэлжилж, энэ талаарх үндсэн илтгэлийг Улсын Бага Хурлын гишүүн, Улсын Их Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн танилцуулж, нутгийн өөрөө удирдах ёсны эрх зүйн үндсийн талаар тайлбар мэдээлэл өгсөн юм. Хэлэлцүүлгийн төгсгөлд  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон УИХ-аас 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр баталсан “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолын дагуу цаашид Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай болон Хот тосгоны эрх зүйн байдлын тухай, Нийслэл Улаанбаатар хотын тухай хуулиудыг шинэчлэн найруулах, Орон нутгийн өмчийн удирдлага болон хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд татварын хувь хэмжээг тогтоохтой холбогдон гарах бусад хууль, тогтоомжийг боловсруулах, хэлэлцэх, батлах үйл ажиллагаанд өгөх зөвлөмжийн төслийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 2020.01.13.  http://www.parliament.mn/n/9mko


“Монгол Улсын Үндсэн хууль ба эрх зүйн шинэтгэл” эрдэм шинжилгээний хурлын 3 дугаар салбар хуралдааныг Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав даргалж, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Хууль, эрх зүйн газрын захирал Б.Сүндэръяа “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт -2019: Баялгийн сан” сэдвээр илтгэл тавилаа. Өнөөдөр дэлхийд 120 баялгийн сан 11 их наяд ам.долларын хөрөнгийг таван төрлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгааг тэрбээр онцлоод баялгийн сангуудын  үйл ажиллагааны зарчим, эрх зүйн зохицуулалт, баялгийн сангийн эрэмбийн талаар танилцуулсны зэрэгцээ Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөлд баялгийн сан байгуулахад зайлшгүй тусгах зохицуулалтын талаарх саналаа дурдав. Энэ сэдвийн хүрээнд УИХ-ын гишүүн Л.Болд, судлаач О.Батнайрамдал, А.Мөнхболд нар баялгийн сангийн талаар санал хэлж, хуралдаанд оролцсон Ардын Их Хурлын депутатууд асуулт асууж, хариулт авсан юм. 

Хуралдаан даргалагч Н.Лувсанжав хуралдааны төгсгөлд хэлсэн үгэндээ, Баялгийн сангийн талаар ганц цаг яриад өнгөрөх бус цаашдаа өргөн хүрээнд олон удаа хэлэлцүүлэг хийх шаардлагатай сэдэв гэдэг нь харагдаж байна. Тиймээс эрдэм шинжилгээний хурлаас гарах зөвлөмжид баялгийн сангийн чиглэл, хөрөнгийн эх үүсвэр, орлого, эрх зүйн орчныг бүрдүүлэх, сангийн хөрөнгийн удирдлагыг бие даан ажиллах зарчмыг тодорхой болгох, улс төрөөс хараат бус байлгах, сангийн тухай хуулийг Үндсэн хууль болон бусад хуульд нийцүүлэх, уг хуулиа Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогуудтай уялдуулах, сангийн хөрөнгийг удирдах үйл ажиллагаанд олон нийтийг хяналтыг зохистой хэлбэрээр хэрэгжүүлэх зэрэг асуудлыг тодорхой тусгах шаардлагатай  байна гэдгийг тэмдэглэв.


Хуралдаан Улс төрийн намын салбар хуралдаанаар үргэлжилж, хуралдааныг Trends.mn сайтын үүсгэн байгуулагч Б.Болор-Эрдэнэ даргалсан. Энэ хүрээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн нийтийн эрх зүйн профессор, хууль зүйн ухааны доктор Д.Гангабаатар “Улс төрийн намын бодлого, үйл ажиллагааг Үндсэн хуулиар зохицуулсан нь” сэдвээр илтгэл тавив. Тэрбээр илтгэлдээ, улс төрийн намын үйл ажиллагааг Үндсэн хуулиар зохицуулдаг, зохицдаггүй улс гэж хувааж үздэг. Ардчилал удаан тогтсон хөгжингүй орнууд иргэний хуулиар улс төрийн намын үйл ажиллагаа зохицуулсан байдаг бол ардчилал хөгжиж буй, дайн, хувьсгал, нийгмийн шилжилт, тогтолцоогоо  өөрчилсөн орнуудад Үндсэн хуулиараа улс төрийн намын үйл ажиллагааг зохицуулж, хязгаарласан байдгийг дурдав. Мөн тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд улс төрийн намын талаар тусгасан шинэ зохицуулалт, ач холбогдлын талаар танилцуулсан юм.  


Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн найруулах төсөлд УИХ-ын гишүүн Н.Энхболд, судлаач Ц.Мөнхцэцэг, Д.Энхцэцэг,  Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Д.Ламжав нар санал хэлж, хуралдаанд оролцсон Ардын Их Хурлын депутатууд асуулт асууж, хариулт авав.  Хуралдаанд оролцогчид уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд улс төрийн нам нь улсын хэмжээний бодлого дэвшүүлэн ажиллах асуудлыг хуульчлах, сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны дэмжлэг авсны үндсэн дээр улс төрийн нам байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх, иргэдийн нэг хувиас доошгүй дэмжлэг гэдэг нь намын гишүүнчлэлээс ялгаатай болох ойлголт гэдгийг нарийвчлан зохицуулах, намын санхүүжилтийн эх үүсвэр, зарцуулалт ил тод байх зэрэг асуудлыг тусгайлан нарийвчлан зохицуулах, шаардлагатайг хэлж байв. 


Салбар хуралдаанууд ийн өндөрлөсөн тул УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан “Монгол Улсын Үндсэн хууль ба эрх зүйн шинэтгэл” эрдэм шинжилгээний нэгдсэн хуралдааныг хааж, үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, бидний дараагийн шатны зорилтууд нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагалдах органик хуулиудад оруулах нэмэлт, өөрчлөлт, эрх зүйн зөв механизмыг бүрдүүлэх явдал гэдгийг тодотгохын зэрэгцээ УИХ-аас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл санаанд нийцүүлэх эрх зүйн шинэтгэх хийх хүрээнд 40 гаруй хууль тогтоомжийг шинээр болон шинэчлэн батлахаар төлөвлөж байгааг онцоллоо. Түүнчлэн эрдэм шинжилгээний хуралд үе үеийн хууль тогтоогчид, эрдэмтэн судлаачид төдийгүй тухайн асуудал хариуцсан салбарын яам, агентлагуудын төлөөлөл оролцсонд талархал илэрхийлээд тэдний санал эрх зүйн шинэтгэлийн үйл ажиллагаанд үнэтэй зөвлөмж болж ашиглагдана гэдгийг дурдав. 

Таван салбар хуралдаанаас Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл баримтлалын талаар нэг мөр ойлголттой болж, дагалдан гарах хууль эрх зүйн механизмыг бүрдүүлэх асуудалд тодорхой саналууд гаргасныг “Монгол Улсын Үндсэн хууль ба эрх зүйн шинэтгэл” эрдэм шинжилгээний хурлаас гарах зөвлөмжийн төсөлд тусгажээ. 2020.01.13. http://www.parliament.mn/n/69ko


Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль болон 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, ач холбогдлыг уран сайхны нийтлэл, нэвтрүүлгээр дамжуулан олон нийтэд таниулах, сурталчлах, Үндсэн хуулиа сахин биелүүлэх, дагаж мөрдөх, дээдлэн хүндэтгэх үзэл санааг нийт нийгэм, иргэдэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор УИХ-ын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан сэтгүүлч, нийтлэлч, иргэдийн дунд зарласан шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг дүгнэж, шалгарсан бүтээлийн эздэд шагнал гардуулав.  Уралдаанд телевиз, сонин, цахим сайтын сэтгүүлчид, эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллагын төлөөлөл, иргэд зэрэг нийт 46 оролцогч 12 нэвтрүүлэг, 36 нийтлэл, нийт 48 бүтээл ирүүлжээ. 

Телевизийн шилдэг нэвтрүүлгийн төрөлд МҮОНТ-ийн сэтгүүлч Ж.Алтангэрэлийн бүтээл шалгарч, Өргөмжлөл, 3.000.000 төгрөгийн шагнал гардан авсан бол “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагын бүтээл 2 дугаар байрт шалгарч Өргөмжлөл, 2.000.000 төгрөгийн шагнал, 3 дугаар байрт МҮОНТ-ийн сэтгүүлч Б.Үүлэнсолонгын бүтээл шалгарч, Өргөмжлөл 1.000.000 төгрөгөөр шагнууллаа. Тусгай байрт ТВ-5 телевизийн сэтгүүлч Ш.Бат-Эрдэнэ, tug.mn сайтын сэтгүүлч Б.Ариунтуул нарын бүтээл тус тус шалгарч, Өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулсан. 

Шилдэг нийтлэлийн төрлийн тусгай байрт сэтгүүлч Б.Цэцэгдэлгэр, судлаач П.Баттулга нарын бүтээл шалгарч, Өргөмжлөл, тус бүр 250 мянган төгрөгийн мөнгөн шагнал хүртсэн. Сонин, сайтын шилдэг бүтээлийн төрлийн 3 дугаар байрт “Монголын үнэн” сонины сэтгүүлч М.Өнөржаргалын “Д.Лүндээжанцан: Үндсэн хуулийн өөрчлөлт Монголын нийгмийг эрүүлжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ” ярилцлага шалгарч Өргөмжлөл, 500 мянган төгрөг, “Ардчилал таймс” сонины сэтгүүлч П.Батзаяагийн “Үндсэн хууль бид хоёрын “давхар дээл” нийтлэл 2 дугаар байрт шалгарч Өргөмжлөл, 1 сая  төгрөгийн шагнал гардсан бол энэ төрлийн шилдэг бүтээлээр 24tsag.mn сайтын сэтгүүлч С.Гандөлийн “Алганд багтсан” Монгол Улсын шинэ дүрэм” нийтлэл шалгарч, Өргөмжлөл, 2.000.000 төгрөгийн шагнал хүртлээ.

Шагналыг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал, Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэгт, Дотоод аудитын албаны дарга Я.Баттогтох нар гардуулж баяр хүргэв. 2020.01.13. http://www.parliament.mn/n/6zko


Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойн түүхэн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийг батлалцсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд, УИХ-ын Тамгын газрын ажилтнууд их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. 2020.01.13. http://www.parliament.mn/n/98ko


УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн эхийн хувийг Үндсэн хуулийн цэцэд заллаа. Ёслолын үйл ажиллагаанд Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Үндсэн хуулийн цэцийн гишүүд, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон албаны бусад хүмүүс байлцав.

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ үеэр хэлсэн үгэндээ, “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал санаачилга сүүлийн 10 гаруй жил идэвхтэй өрнөсөн. Энэ удаагийн УИХ энэ үйл хэргийг 3 жилийн турш өрнүүлж, 5 сарын турш буюу 158 хоног тасралтгүй хэлэлцэж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан.

Монголын ард түмэн, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид гээд нийт нийгмийн өргөн төлөөллийг хамарсан уулзалт, ярилцлага, танилцуулга, хэлэлцүүлгийг орон даяар зохион байгуулж, санал нэг бүрийг нухацтай авч үзлээ. Түүнчлэн үндэсний зөвшилцлийн тунхаг гэж хэлж болох дээд баримт бичиг учраас хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-аас шаардлагатай бүхий л арга хэмжээг авч, ойлголцлыг эрхэмлэж ажилласан.


Иргэд олон нийт болон Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн санал, парламентад суудалтай Ардчилсан нам болон бусад улс төрийн хүчнээс ирүүлсэн санал УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан төсөлтэй агуулга, томъёоллын хувьд давхацсан, нэг утга санаатай заалтууд олон байлаа.  Энэхүү онцлог нь нийт нийгэм, ард олны нийтлэг хүсэл эрмэлзэл энэхүү нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн туссан хэрэг гэж ойлгож байна.

Эдгээр өөрчлөлтөөр засаглалын хяналт-тэнцлийг хангаж, гүйцэтгэх засаглалын тогтвортой байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлэх, нутгийн захиргааны бие даасан байдлыг бэхжүүлэх суурь зарчмын хүрээнд Үндсэн хуульд 2000 онд оруулсан долоон өөрчлөлтийг засаж сайжруулах, байгалийн баялаг ард түмний мэдэлд байж, ашиглалт, зарцуулалт нь тэдний нийтлэг ашиг сонирхлыг ханган, тэгш, шударга хуваарилагдах, Монгол Улсын нийгэм-эдийн засгийг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, бодлогын уялдаа холбоо, залгамж чанар, нэгдмэл байдлыг хангах, хууль санаачлах эрхийн болон Ард нийтийн санал асуулга явуулах хүрээ хязгаарыг тодорхой болгох, улс төрийн намууд улсын хэмжээнд бодлого дэвшүүлж ажиллах, үйл ажиллагааны үндсэн зарчим, санхүүгийн эх үүсвэр, зарцуулалт нь ил тод байх, шүүхийг тойргийн зарчмаар байгуулах, бие даасан байдлыг хангах замаар иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зэрэг зохицуулалтуудыг тусгасан болно.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагалдан Сонгуулийн тухай, Улс төрийн намуудын тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Үндэсний баялгийн сангийн тухай, Шүүхийн тухай хууль зэрэг 40 орчим хуульд нэмэлт, өөрчлөлт орно. Эдгээр өөрчлөлт нь Монгол Улсад хууль, эрх зүйн хувьсгал хийх эхлэл болж, нийгэмд шударга ёс, хариуцлагын тогтолцоо бэхжих үндэс суурь болох юм. 


Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан энэ удаагийн нэмэлт, өөрчлөлт нь өнгөрсөн 28 жилийн ололт амжилтаа дүгнэн, алдаа сургамжаа цэгнэсэн, Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь зарчимд бүрэн нийцсэн өөрчлөлт болсон гэж үзэж байна хэмээн цохон тэмдэглээд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн эхийн хувийг Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбатад гардуулав.  

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн эхийн хувийг хүндэтгэлтэйгээр тусгай тавцан дээр  байршуулан залах ёслол үйлдсэний дараа Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат хэлсэн үгэндээ, Монгол Улсын шинэ Үндсэн хууль монголчууд Та бидний сонгон авсан төрийн ардчилсан, эрх зүйт тогтолцооны үндэс суурь болон батлагдсан бөгөөд энэхүү үнэт зүйл, түүний үндсэн зарчим, мөн чанарыг сахин хамгаалах шаардлагаар Үндсэн хуулийн цэц 1992 онд анх удаа байгуулагдсан билээ.

Энэ хугацаанд Үндсэн хуулийн цэц Үндсэн хуульт ёсыг дээдлэн ухамсарлуулах, Үндсэн хуулиар тогтоосон хэм хэмжээг чандлан сахиулж хамгаалах нэн хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үйл хэргийг амжилттай хэрэгжүүлж ирсэн бөгөөд Үндсэн хуульт ёсыг чандлан сахиулж, хамгаалах, Үндсэн хуулиа дээдлэн хүндэлж, сахин мөрдөх ухамсрыг төрийн алба болон ард иргэддээ төлөвшүүлэх чиглэлээр олон чухал шийдвэр гаргаж, өөрөө ч төлөвшин хөгжиж ирснийг онцлов. 2020.01.13.  http://www.parliament.mn/n/9zko


Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг тогтоолын төслийг холбогдох шатны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны 2019 оны 10 дугаар тогтоолоор УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ. Г.Тэмүүлэн, Д.Мурат, Д.Тэрбишдагва. Б.Саранчимэг нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулжээ. Ингээд тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх явцад ажлын хэсэг болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүэхээр тогтов. Тухайлбал, Ажлын хэсгээс төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу 9 дүгээр зүйлийн 9\2 дахь хэсгийн “усны асуудал эрхэлсэн” гэснийг “байгаль орчны асуудал эрхэлсэн” гэж өөрчлөх, төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт буюу 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсгийн “усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь” гэсний дараа “сав газрын захиргаа,” гэж нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 

Дараа нь “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очироор, Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэгээр ахлуулан байгуулж ажиллуулахаар тогтов. 2020.01.14.  http://www.parliament.mn/n/yxmy


Австрали Улсын нийслэл Канберра хотод болж байгаа Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат нар оролцож байгаа юм.

Чуулган тус бүс нутгийн “Парламент хоорондын 2020 он болон цаашдын түншлэл” ерөнхий сэдвийн дор болж байгаа бөгөөд гишүүн бөгөөд ажиглагч 29 орноос албан ёсны 150 шахам төлөөлөгч, албаны 180 гаруй хүн оролцож байна.

Монгол Улсын Их Хурлын дарга болон гишүүд Улс төр, аюулгүй байдлын асуудал, Эдийн засаг, худалдааны асуудал, Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагаа гэсэн 3 үндсэн хэлэлцүүлэгт оролцож, байр сууриа илэрхийлэв.

Эдгээр үндсэн хэлэлцүүлгээр “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг дэмжих зорилтод парламентын үүргийг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх болон боловсрол, инноваци, технологийн салбарт хүйсийн тэгш байдлыг хангах, худалдаа, эдийн засгийн хөгжлийн байгууллагуудыг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг парламентуудын хамтын ажиллагааг сайжруулах, бүс нутгийн соёлын олон янз байдал, аялал жуулчлалыг өргөжүүлэн хөгжүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлууд хэлэлцэж байна. 2020.01.14. http://www.parliament.mn/n/bmmy


Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар эхлээд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын 24 гишүүний өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулав. Ажлын хэсэг төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, нэр томьёоны талаарх найруулгын засвар болон нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн саналуудыг төсөлд тусгажээ. Түүнчлэн нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр хуралдаан даргалагчаас өгсөн чиглэл, дэгийн тухай хуулийн заалтын дагуу холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.

Дараа нь Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийн талаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 18, найруулгын шинжтэй 3, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх 2 саналаар санал хурааж явуулж шийдвэрлэлээ.

Байнгын хорооны хуралдааны төгсгөлд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь танилцуулсан юм.


Ажлын хэсгээс Хүний эрхийн Үндэсний Комисс нь улсын төсвөөс санхүүжигдэх бөгөөд комиссын дарга төсвийн төслийг УИХ-ын даргад хүргүүлж, Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцээд, улсын төсөвт нэгтгүүлэхээр төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хуульд заасны дагуу хүргүүлэх зохицуулалтыг төсөлд тусгах нь зүйтэй гэж үзжээ. Мөн комисс нь таван гишүүнтэй байх, жендэрийн тэнцвэрийг харгалзах, мөн эрүү шүүлт хариуцсан гишүүнтэй байх, комиссын гишүүнийг сонгон шалгаруулахдаа Хууль зүйн байнгын хороо ажлын хэсэг байгуулан, 15 хоногийн дотор сонгон шалгаруулалтыг явуулах бөгөөд хамгийн өндөр оноо авч тэнцсэн иргэдээс сул орон тоогоор нэр дэвшүүлэх, ийнхүү нэр дэвшсэн иргэнийг Хууль зүйн байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэхээр тусгажээ.

Мөн комиссын ажлын албыг Тамгын газар болгох зэрэг асуудлыг төсөлд тусгахаар зарчмын зөрүүтэй 23, найруулгын шинжтэй 2 санал бэлтгэж томьёолсныг санал хурааж шийдвэрлэн энэ талаарх санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 2020.01.15.  http://www.parliament.mn/n/bumy


Өргөдлийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны зарим гишүүд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын хийж буй ажилтай танилцаж, үр дүнг нь хянах зорилгоор ажиллав. 

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн ахлагч М.Оюунчимэг болон УИХ-ын гишүүн А.Сүхбат, Д.Мурат нар холбогдох албан тушаалтнуудын хамт эхлээд Чингэлтэй дүүрэгт байрлах “Таван толгой түлш” ХХК-ийн “Дөлгөөн нуур-3” дундын баазад очлоо. Үйлдвэрээс ачиж ирсэн сайжруулсан түлшийг 25 кг-ын шуудайд савлан, түгээлтийн цэгүүд рүү хүргүүлэх үйл ажиллагаа энд явагддаг аж. 

“Хоёр цаг тутам дүүргүүдэд байрласан ийм дундын баазуудаас түгээлтийн цэгүүд рүү ачилт  хийдэг бөгөөд иргэд сайжруулсан түлш дууссан цэгт очоод түлш байхгүй үе таарвал тасарчихаж гэж ойлгодог. Хоёр цаг тутам ачилт хийж байгаа учир хэсэг хугацааны дараа тухайн цэгт түлш хүргэгдсэн байх болно” хэмээн холбогдох албан тушаалтнууд тайлбарлав.  Мөн Улаанбаатар хотын агаар дахь агаар бохирдуулах бодисын агууламжийг өмнөх оны жилийн дундаж агууламжтай харьцуулахад утаа болон PM 2.5 тоосонцрын үзүүлэлт эрс буурсан талаар тодорхой тоо баримттайгаар танилцуулав. “Таван толгой түлш” ХХК-ийн ажилтан “Сайжруулсан түлшнээс өдөрт хоёр удаа дээж авч, шинжилж байна, Хүний эрүүл мэндэд хортой бодис илрэхгүй байгаа” гэсэн мэдээлэл өгөв. 


Гишүүд дараа нь хийн халаалтыг иргэдэд танилцуулах сургалт явагдаж байгаа  Чингэлтэй дүүргийн мэдээлэл, инновацийн төвд очиж, Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хувийн хэвшлээс хийж байгаа ажлуудын нэг болох “Хийн шийдэл”  төсөлтэй танилцсаны зэрэгцээ гэр хорооллын айл өрхүүдэд угаарын хий мэдрэгч суурилуулах ажлын явц, үр дүнг хянах зорилгоор дараа нь Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны айл өрхүүдээр орсон юм. Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг энэ долоо хоногоос айл өрхүүдэд суурилуулж эхэлсэн бөгөөд энэ сардаа багтаж дуусна. Хэрэглээний стандарт манай улсад нэвтрээгүйн улмаас өнгөрсөн хугацаанд стандартаа батлуулаад, одоо суурилуулж эхэлж байна гэж Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр тайлбарлав. 

Дараа нь нам даралтын уурын зууханд тавьсан шүүлтүүр утааг бууруулахад тодорхой хэмжээний нөлөө үзүүлж байгаа эсэхийг хянахаар Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Түвшин Ундраа” ХХК-д очлоо. Улаанбаатар хотын дэд бүтэцд холбогдоогүй хэсэгт байрладаг 290 нам даралтын уурын зууханд шүүлтүүр тавьжээ. Ирэх өвлөөс дээрх нам даралтын уурын зуухтай аж ахуйн нэгжүүдэд түүхий нүүрс түлэх зөвшөөрөл олгохгүй байх шийдвэрийг Хотын дарга саяхан гаргасан. Хийн болон цахилгаан халаалтад шилжих, эсвэл сайжруулсан шахмал түлшээ хэрэглэх болно гэдгийг холбогдох албан тушаалтнууд энэ үеэр танилцуулав. 


Төгсгөлд нь Хан-Уул дүүрэгт байрлах Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн их багтаамжийн дизель хөдөлгүүртэй автобуснуудад суурилуулсан дизель хөдөлгүүрийн тортогжилт шүүх төхөөрөмжийн ажиллагаатай танилцсан юм. Энэ үеэр  тус нэгтгэлийнхэн зорчигч тээврийн арван цахилгаан автобусыг хотын нийтийн төвийн чиглэлүүдэд үйлчилгээнд гаргахад бэлэн болгосон талаар танилцуулав. Уг цахилгаан автобусыг 15 минутын хугацаанд зориулалтын цэгээс бүрэн цэнэглэснээр хүйтний улиралд 85 км, дулааны улиралд 200 км явах чадалтай. Туршилт үр дүнтэй болсноор нэмж цахилгаан автобуснууд оруулж ирнэ гэж байв. 

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн ахлагч М.Оюунчимэг эцэст нь утаа, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төр засгаас судалж, хэрэгжүүлэн хийж байгаа ажил бүхэн зохих хэмжээгээр үр дүнгээ өгч байгааг дурдаад, цаашид сайн технологиудыг олж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллана гэлээ. 2020.01.15.   http://www.parliament.mn/n/bxmy


УИХ-ын дарга Г.Занданшатар Австралийн Канберра хотноо болж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганы "Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг парламентын хамтын үүргийг сайжруулах нь" нэгдсэн хуралдаанд үг хэллээ.

УИХ-ын даргын нэгдсэн хуралдаанд хэлсэн үгэндээ, Уур амьсгалын өөрчлөлт нь өнөөгийн дэлхийд тулгараад буй хамгийн том сорилтуудын нэг. Цаг уурын өөрчлөлтийн нөлөөлөлд бүс нутаг, улс орон бүр тодорхой хэмжээнд автаж байгаа ба зарим нь үүнд бусдаасаа илүү нэрвэгдэж байна.

 Монгол Улс ч өөрийн оршиж буй газар зүйн тодорхой байршил, эх газрын эрс тэс уур амьсгал, мөн уул уурхай, хөдөө аж ахуйгаас ихээхэн хамаардаг өрөөсгөл эдийн засагтайгаас шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд мөн өртөмтгий. Цөлжилт, бэлчээрийн талхлагдал, ган, зуд, усны болон ойн нөөцийн хомсдол, агаарын бохирдол зэрэг нь Монгол орны байгаль орчны тулгамдсан асуудлууд юм. Сүүлийн жилүүдэд Монгол Улс шаардлагатай хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, НҮБ, түүний төрөлжсөн болон бусад олон улсын байгууллагууд, хандивлагч орнуудын дэмжлэг, хамтын ажиллагааны хүрээнд үндэсний хэмжээний төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар дээрх тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр хүчин чармайлт гаргаж байна. Монгол Улсын Их Хурал Ногоон хөгжлийн бодлогыг Монгол Улсыг тогтвортой хөгжлөөр хангах гол тулгуур бодлогын нэг хэмээн 2014 онд баталж, хэрэгжүүлж эхэлсэн.


Парисын хэлэлцээрт нэгдсэний хувьд Монгол Улс салбарын хэмжээнд илүү санаачилгатай хийгээд эдийн засгийн өргөн цар хүрээтэй зорилтыг тодорхойлох замаар “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр” (ҮТХН)-ийн баримт бичгийг боловсруулсан. Тус баримт бичгийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас “Дасан зохицох төлөвлөгөө”, “Ойн салбар дахь хүлэмжийн хийн хэмжээг бууруулах Үндэсний төлөвлөгөө”, нийслэл хотын түвшинд ҮТХН-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөө зэрэг чухал бодлогыг боловсруулж байна. Үүний зэрэгцээ Монгол Улс нийгэм, эдийн засгийн бүх гол салбаруудыг хамарсан 2050 он хүртэлх урт хугацааны үндэсний хөгжлийн стратегийг боловсруулсан. Энэ зууны дунд үе гэхэд Монгол Улс нүүрстөрөгчийг саармагжуулсан байдалд хүрч чадах, урт хугацааны энэхүү стратегитай ҮТХН-ийн зорилт нь бүрэн нийцэж байна гэдгийг онцлов.

Мөн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцийн үндсэн зорилтуудыг хэрэгжүүлж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулахын тулд ялангуяа цаг уурын өөрчлөлтөд хамгийн их өртөмтгий хөгжиж буй орнуудад ихээхэн хэмжээний санхүүжилт шаардлагатай байдаг тул энэ боломжийг ашиглан Ази, Номхон далайн гишүүн орнуудыг нийтлэг зорилгодоо хүрэхэд шаардагдах төсвийг хамтран бүрдүүлэхийг уриалав. Түүнчлэн дэлхий ертөнцийг хойч үедээ өвлүүлэн, амьд ертөнцийн аюулгүй байдлыг хангах илүү дорвитой зорилт бүхий уур амьсгалын чиглэлээрх тодорхой арга хэмжээ авахыг Ази, Номхон далайн бүх парламентчдаас хүсээд энэ он олон улсын хурцадмал байдал, хүмүүнлэгийн болон экологийн гамшгаар эхэлж байгаа хэдий ч парламентын гишүүд бидний хүчин чармайлтаар хөгжил дэвшилд хүрсэн 2020 он байхын төлөө зорьж ажиллахыг уриаллаа.


Мөн тэрбээр чуулганы төгсгөлийн баримт бичиг болох Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав. Гарын үсэг зурахад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Чулуунхүү нар байлцав. 2020.01.15. http://www.parliament.mn/n/bzmy


УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар эхлээд  Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг танилцуулав.

Манай орны ихэнх голууд гадагшаа урсан гардаг бөгөөд үүнтэй холбоотой асуудлыг Хилийн усны гэрээ хэлэлцээрээр зохицуулж байдаг аж. Сэлэнгэ мөрнөөр нэг секундэд 339 шоометр, Хэрлэн голоор 19 шоометр ус урсан гарч байдаг бөгөөд олон улсын гэрээ хэлэлцээрийн хүрээнд нийт урсацын 10-15 хувийг нөөцлөн авч ашиглах боломжтой юм байна.

Харин 1970-1980-аад онд хуучнаар ЗХУ-ын эрдэмтэн судлаачид Улаанбаатар хотын ундны усны нөөцийг тогтоож байжээ. Уг судалгааг үргэлжлүүлэн Туул гол дагуу Алтан тэвшийн хөндий дэх Улаанбаатар хотын усны долоон эх үүсвэрийн нөөцийг 2005, 2015 онд хянан баталгаажуулсан бөгөөд долоон эх үүсвэрээс жилд нийтдээ 220 мянган шоометр усыг ашиглах боломжтой. Мөн ДЦС-ууд, бусад үйлдвэр, аж ахуйн газрууд жилдээ 330 мянган шоометр усыг ашиглах боломжтой гэсэн хариултыг ажлын хэсгээс өгөв.

Судалгаагаар Улаанбаатар хотын хүн ам, үйлдвэр, аж ахуйн газрууд одоогийнхтой адил хурдаар өсөн нэмэгдвэл 2028-2030 онд батлагдсан нөөцийн хэмжээ эрэлт, хэрэгцээ хоёр тэнцэхээр байна гэсэн тооцоо гарчээ. Цаашдаа гэр хорооллыг барилгажуулах ажил хийгдсэнээр усны эрэлт хэрэгцээ нэмэгдэх учир Мянганы сорилын сангийн хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотын баруун эх үүсвэр буюу Шувуун фабрик, Биокомбинат орчимд жилдээ 50 сая шоометр ус ашиглах хоёр усны эх үүсвэрийг нээж, өнгөрсөн оны 12 дугаар сард усны нөөцийг баталгаажуулжээ.

Ингээд ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуулиудыг эцэслэн баталлаа. 2020.01.16. http://www.parliament.mn/n/ndmy


Австралийн Холбооны Улсад болж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцож буй Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тус улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга, ноён Тони Смиттэй уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Австралийн Күинслэнд, Шинэ Өмнөд Уэльс мужуудад гарсан түймэрт хүний амь нас эрсдэж, эд материалын ихээхэн хохирол учирсанд харамсаж байгаагаа илэрхийллээ. Гамшигт өртсөн Австралийн ард түмэнд Монгол Улсын Засгийн газар, Австрали Улсад амьдарч буй монгол иргэд хүмүүнлэгийн тусламж, Монголын ард түмэн сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байгааг мөн дурдав. Түүнчлэн хэдийгээр байгалийн гамшигт өртөөд байгаа ч Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганыг эх орондоо өндөр хэмжээнд, амжилттай зохион байгуулж буйд нь ноён Т.Смит болон Австралийн Холбооны Улсын парламентад баяр хүргэлээ. 

Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Смит нар хоёр орны харилцаа амжилттай хөгжиж буйг тэмдэглэж, цаашид байгаа боломжийг сайтар ашиглаж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа илүү өргөн хүрээнд өргөжүүлэн хөгжүүлэхийн чухлыг санал нэгтэй онцлов.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улс ФАТФ-ын зөвлөмжийг биелүүлж, “саарал жагсаалт”-аас богино хугацаанд гарах чиглэлээр ихээхэн хүчин чармайлт тавьж, олон арга хэмжээг хэрэгжүүлж байгааг дурдаад, манай гуравдагч хөрш, найрсаг харилцаат Австрали Улс биднийг дэмжинэ гэдэгт итгэж байна гэв. Мөн Рио Тинто группийн хэрэгжүүлж буй Оюутолгой төсөлд Монголын талын эрх ашгийг хангах талаар УИХ-аас тогтоол гаргасныг дурдаад, “Энэхүү төслийн гэрээг сайжруулах ёстой гэж бид үздэг. Зэс, алтны арвин нөөцтэй, дэлхийн хэмжээний том ордод хамтарсан төсөл хэрэгжүүлж буй Монголын талын үр өгөөж муу байгаа учраас ийм шийдвэр гаргасан. Шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хөрөнгө оруулагч тал дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байна” гэлээ.


Ноён Т.Смит Монголын ард түмэн, Засгийн газар байгалийн гамшигт өртсөн бидэнд сайн санааны тусламж үзүүлж байгаад талархал илэрхийлье гээд, бүс нутагтаа ардчиллын үлгэр жишээ болсон Монгол Улсын “саарал жагсаалт”-аас гарах талаар хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хүчин чармайлтыг бид ойлголоо. Холбогдох байгууллагуудад мэдээлэл хүргэж, дэмжин туслах болно гэв. 

Уулзалтад оролцсон сенатч Дин Смит Австралийн парламентад Австрали-Монголын бүлэг байгуулах асуудлыг идэвхтэй хөөцөлдөж, Австралийн Холбооны Улсад суугаа Монгол Улсын Элчин сайд Б.Чулуунхүүтэй хамтран ажиллаж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр парламент хооронд болон Тамгын газруудын хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд хөгжүүлэх ёстой гэдгийг дурдаад, энэ зорилгод найрамдлын бүлэг чухал ач холбогдолтойг тэмдэглээд “Баруун Австралиас парламентад сонгогдсон сенатч бөгөөд тус муж нь уул уурхайн бүс нутаг тул өөрсдийн туршлага, мэдлэгээ монгол нөхөдтэйгээ хуваалцахад бэлэн байх болно. Зөвхөн байгалийн баялгийг олборлох биш, хайгуул, судалгаа шинжилгээ, инновац гээд олон чиглэлээр хамтран ажиллах боломжтой” гэв.


УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын парламент иргэд, улс төрийн намууд, иргэний нийгмийнхэнтэй зөвшилцөж, санал бодлыг нь сонсож, Зөвлөлдөх ардчиллын зарчмаар Үндсэн хуульдаа зохих нэмэлт, өөрчлөлт оруулсан талаар тодорхой мэдээлэл өгөв.     

Ноён Т.Смит УИХ-ын дарга Г.Занданшатар болон уулзалтад оролцсон төслийн эхийг баригч Д.Лүндээжанцан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, төслийг санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нарт баяр хүргэв.

Хоёр орны хамтын ажиллагаанд ямар нэгэн бэрхшээлтэй асуудал байхгүй тул хамтын ажиллагааг идэвхжүүлэх, тухайлбал уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг салбарт бодит ажил хэрэг өрнүүлэх нь чухал болохыг уулзалтын төгсгөлд хоёр тал санал нэгтэй тэмдэглэв. 2020.01.16. http://www.parliament.mn/n/nzmy


УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаараар Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг дэмжиж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв. Хууль зүйн байнгын хороо 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, оюуны өмчийн байгууллагын тогтолцоо, чиг үүргийг тодорхойлж, хүн амын төвлөрөл, оюуны өмч бүтээгч, эзэмшигчдийн шаардлага, нөхцөл байдлыгхаргалзан орон нутагт хэлтэс, тасаг байгуулах хууль, эрх зүйн боломжийг нээх нь зүйтэй, мөн оюуны өмчийн эрхийг хамгаалах талаар иргэн, хуулийн этгээд, хамтын удирдлагын байгууллага болон оюуны өмчийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох асуудлыг төсөлд тусгах нь зүйтэй гэж үзсэн байна.


Нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Хууль зүйн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй  25 саналын томьёолол тус бүр санал хураалт явуулж шийдвэрлэв. Тухайлбал, төслийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг “Комисс улсын төсвөөс санхүүжинэ. Комиссын дарга төсвийн төслийг Улсын Их Хурлын даргад хүргүүлж, Хууль зүйн байнгын хороогоор төслийг хянуулахаар оруулна. Хууль зүйн байнгын хороогоор зөвшөөрөгдсөн төсвийн төслийг улсын төсөвт нэгтгүүлэхээр төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хуульд заасны дагуу хүргүүлнэ” хэмээн өөрчлөн найруулахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 56.4 хувь нь дэмжив. Түүнчлэн Комиссын гишүүдийн сонгон шалгаруулалтын талаар болон Комиссын гишүүдийн жендэрийн харьцааг тэнцвэртэй байлгах үүднээс нийт гишүүдийн 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байх агуулга бүхий зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх 2 саналын томьёоллоор санал хураалт явуулж төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.

Хуралдааны төгсгөлд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв. 2020.01.16. http://www.parliament.mn/n/numy


Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар  Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

Санхүүгийн зохицуулах хороо нь 144 ажилтантай бөгөөд банкнаас бусад санхүүгийн салбарын чиглэлийн 3100 этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавьж  ажилладаг аж. Хэлэлцэж буй төслөөр Санхүүгийн зохицуулах хороо үл хөдлөх хөрөнгийн зуучлал, алт, үнэт эдлэл арилжаалагчдын үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг хүлээж байгаа бөгөөд Улсын бүртгэлийн байгууллагын мэдээллээр 6000 орчим үл хөдлөх хөрөнгийн зуучлал, алт, үнэт эдлэл арилжаалагчдын үйл ажиллагаанд хяналт тавих юм байна. Энэ оны улсын төсөвт Санхүүгийн зохицуулах хороонд дээрх чиглэлээр 10 орон тоо нэмэхээр тусгажээ. Тиймээс одоо 144 хүний орон тоотойгоор 3100 орчим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг тцс хороо хууль батдагдсанаар 9000 гаруй нэгжийн үйл ажиллагаанд 154 хүний орон тоотойгоор хяналт тавихаар болж байгаа тул орон тооны асуудлыг Байнгын хороо болон холбогдох бүх түвшиндээ анхаарч, хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах үүднээс үйл ажиллагааны зохицуулалтад анхаарах шаардлагатайг гишүүд хэлж байв. 

Ингээд эдгээр хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. 2020.01.17. http://www.parliament.mn/n/d8my


УИХ-ын дарга Г.Занданшатар Австралийн Холбооны Улсад болж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцох үеэрээ бүс нутгийн улс орнуудын парламентын төлөөлөгчидтэй хэд хэдэн уулзалт хийв.

УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн (парламент) Ерөнхийлөгч, хатагтай Пани Яатхотоутай уулзах үеэрээ хоёр орны уламжлалт найрсаг харилцааг худалдаа, эдийн засгийн шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх нь чухал болохыг тэмдэглэлээ. Тэрбээр уламжлалт хөдөө аж ахуйн салбараа өргөжүүлж, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломж байгааг онцлов. Тухайлбал, Монголын ноос, ноолуур, мах, махан бүтээгдэхүүнийг Лаост гаргаж, Монголд Лаосын тариаланчид цагаан будаа, газар тариалан хамтран эрхлэх боломжтой гэв.

Хатагтай Пани Яатхотоу Монголоос амьд хонь авч нутагшуулан, амжилттай үржүүлж байгааг дурдаад УИХ-ын даргын саналыг дэмжиж байгаагаа илэрхийлж, Засгийн газартаа энэ асуудлыг танилцуулна гэлээ.


УИХ-ын дарга Г.Занданшатар тус чуулганд оролцсон Япон Улсын парламентын төлөөлөгчдийн тэргүүн, нэрт улстөрч Хирофүми Накасонэ-тэй уулзаж ярилцав. Тэрбээр Япон Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ясухиро Накасонэгийн хүү бөгөөд Японы Боловсрол, шинжлэх ухаан, соёлын сайд, Гадаад харилцааны сайдаар ажиллаж байжээ. Эцэг Ясухиро Накасонэ 101 насандаа өнгөрсөн жил таалал төгссөн бөгөөд хүү Накасонэ өдгөө 75 настай, Японы Либерал Ардчилсан Намыг төлөөлсөн парламентын гишүүн юм.

УИХ-ны дарга Г.Занданшатар уулзалтын үеэр “Таны аав Ясухиро Накасонэ Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулган хэмээх олон улсын энэ том байгууллагыг санаачлагч билээ. Өдгөө 30 жилийн түүхтэй энэ байгууллага бүс нутгийн парламентуудыг дэлхий нийтийн тулгамдсан асуудалд анхаарлаа хандуулж, бодлого тодорхойлох, хууль тогтоох аргаар шийдвэрлэх, нэгдмэл эрмэлзэл, хамтын хүчин чармайлтыг нэгтгэн зангидахад чухал үүрэг гүйцэтгэж байгаад талархалтай байна” гэлээ. Ноён Хирофүми Накасонэ УИХ-ын дарга Г.Занданшатарт талархал илэрхийлээд, хоёр орны хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаанд өөрийн хувь нэмрээ оруулахдаа баяртай байх болно гэлээ.


УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын Холбооны Зөвлөлийн олон улсын асуудал хариуцсан Байнгын хорооны дарга Константин Косачевтай уулзах үеэрээ сайн хөршийн найрсаг харилцаагаа худалдаа, эдийн засгийн өргөн агуулгаар баяжуулах, хамтарсан томоохон төсөл хэрэгжүүлэх нь чухал байгааг онцоллоо.

Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний өнгөрсөн онд Монгол Улсад хийсэн айлчлал хоёр орны хамтын ажиллагаанд чухал түлхэц болсныг тэмдэглэв. Түүнчлэн өнгөрсөн онд 80 жилийн ойг нь тэмдэглэсэн Халхын голын ялалт бол хоёр орны ард түмнүүдийн хамтын ялалт, найрамдал нөхөрлөлийн бат илэрхийлэл болохыг онцлон дурдлаа. 

УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр орны хооронд хийж буй худалдааны эргэлтэд тэнцвэрийг хангах нь чухал гэж үзэж байгаагаа хэллээ. Өөрөөр хэлбэл Монголоос Орост экспортолж буй бараа, бүтээгдэхүүний хэмжээ Оросоос Монголд оруулж буй бүтээгдэхүүний нийт хэмжээнээс хэдэн арав дахин бага байгааг өөрчлөх ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн юм. Мөн манай экспортын бараа бүтээгдэхүүний татварыг багасгах буюу нэн хөнгөлөлттэй нөхцөлд хамруулах, хийн хоолой, төмөр зам зэрэг томоохон төслүүдийг хойшлуулалгүй ажил хэрэг болгоход Холбооны Зөвлөл онцгойлон анхаарна гэдэгт итгэж байгаагаа тэмдэглэв.

Ноён К.Косачев “Евразийн эдийн засгийн холбоо, Эдийн засгийн коридор зэрэг үр ашиг нь тодорхой, өгөөж нь их төслүүдэд Монгол Улс идэвхтэй оролцох нь чухал юм. Бидний хувьд ярьснаа хоосон орхихгүй гэдэгт итгэж болно. Дэвшүүлсэн, тохиролцсон асуудлуудаа заавал ажил хэрэг болгоно” гэлээ. 2020.01.17. http://www.parliament.mn/n/n5my


УИХ-ын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн  хуралдаанаар эхлээд Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав. Дараа нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийлсэн бөгөөд гишүүд сүүдрийн эдийн засгаа ил гаргах талаар Сангийн яамнаас авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодруулахын зэрэгцээ ФАТФ-ийн дөрвөн асуудал сүүдрийн эдийн засагт хэдэн хувь эзлээд байгаа талаар тодруулж байв.  Сангийн дэд сайд Х.Булгантуяа гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Монгол Улс 2010 оноос далд эдийн засгийг тооцож эхэлсэн. Энэ үзүүлэлт 9,2-15,7-ын хооронд хэлбэлзэж байсан. Далд эдийн засгийг багасгахад НӨАТ-ын шинэ хууль үр дүн өгсөн гэдгийг онцлов. Мөн тэрбээр, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн татварын тайланг хялбаршуулж, 135 улсын оффшор бүстэй мэдээлэл солилцох боломж бүрдэж байгааг тодотголоо. 


Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Хууль зүйн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хурааж шийдвэрлэн хуулийн төслүүдийн эцэслэн баталлаа. Харин Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан байцаах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаав. 2020.01.17. http://www.parliament.mn/n/dxmy


Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулав.  Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн даргалан явуулсан бөгөөд УИХ-ын зарим гишүүд болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Шинжлэх ухааны академи, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Оюуны өмчийн газар, АШУҮИС, МУИС, ШУТИС, ХААИС болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцов.

Генетик нөөц нь орчин цагт улс орны эдийн засагт баялаг бүтээж буй баялаг нөөц юм. Генетик нөөц ашигладаг салбаруудын дэлхийн чиг хандлагаас үзвэл ирээдүйд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 50 хувь, эм үйлдвэрлэл 15 хувь, байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн 7 хувь, биотехнологийн үйлдвэрлэл 15 хувиар өснө гэсэн судалгаа гаргажээ.

Манай улсад ч өөрсдийн дотоод нөөц бололцоог бүрэн ашиглаж, үндэсний эрх зүйн орчныг бүрдүүлж чадвал эдийн засгийг төрөлжүүлж, хөгжүүлэх боломжтой бөгөөд генетик нөөц ашиглалтаас 2,5 их наяд төгрөгийн мөнгөн үр ашгийг хүртэх, бий болгох бололцоотой. Энэ нь 2017 оны ДНБ-ий 9,9 хувьтай тэнцэх дүн болохыг судлаачид тооцжээ.


Монгол Улсын байгалийн амьд нөөц нь нэг талаас хүний хөдөлмөр шингээгүй, нөгөө талаар үйлдвэрлэлд ихэвчлэн түүхий эд байдлаар орц болж ашиглагддаг. Боловсруулалт хийгдээгүй биологийн түүхий нөөц нь генетикийн нөөцийг өөртөө агуулдаг. Уг нөөцийг дотоодын хэрэглээнд хүнс, амьжиргааны эх үүсвэр байдлаар ашигладаг. Мөн эрдэм шинжилгээ, судалгаа, үйлдвэрлэлийн зориулалтаар харьцангуй бага ашиглагддаг. Харин ихэнх хэсэг нь гадагшаа хараа хяналтгүй урссаар байна. Зөвхөн 2012-2017 оны байдлаар Монгол Улсын хилээр амьтан, ургамал, бичил биетний гаралтай зүйлийг давхардсан код, нэрээр нийт 1450 удаа хилээр гаргах зөвшөөрөл олгожээ.

Манай орны ургамал, амьтны ховордлын гол шалтгаан нь хууль бус ашиглалт, хүний болон байгалийн хүчин зүйлийн нөлөөтэй амьдрах орчны хомсдол доройтлоос үүдэлтэй байна. Иймд байгалиа хамгаалж ирсэн уламжлалт мэдлэгээ ахуйн соёлдоо шингээж өвлүүлж ирсэн ард түмний хувьд энэ байдлаа баталгаажуулах, генетик нөөцийн хамгаалалт, зохистой ашиглалтыг хуулиар зохицуулах нь чухал ач холбогдолтой гэдгийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хэлсэн үгэндээ онцлоод салбар бүрийн хөгжлийг дэмжсэн эдийн засгийг хөшүүрэг болохуйц хууль батлахын тулд ажиллаж байгааг танилцуулсан юм.

Засгийн газраас Генетик нөөцийн тухай хуулийн төслийг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн. Генетик нөөцийн тухай хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс гаралтай амьтан, ургамал, бичил биетний үнэ цэнэ бүхий генетик нөөц болон тэдгээртэй холбоотой уламжлалт мэдлэгийг судлах, бүртгэх, хадгалж хамгаалах, ашиглах, тэдгээрийг ашигласнаас үүдэх үр шимийг хүртэхтэй холбоотой харилцааг зохицуулах юм байна.

Хуулийн төсөл батлагдсанаар генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийн хамгаалалт сайжирч, үнэ цэнэ нь өсөн нэмэгдэж, ашиглалтаас бий болох үр шимийг Монгол Улс, эзэмшигчид хүртэх нөхцөл бүрэлдэхийн зэрэгцээ биотехнологийн ололт амжилтад тулгуурласан судалгаа, үйлдвэрлэл хөгжих, технологи дамжуулалт, хөрөнгө оруулалт нэмэгдэх, олон улсын зах зээл дээр гарах боломж бүрэлдсэнээр эдийн засгийн бодит эерэг үр дүн гарах талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ногоон хөгжлийн бодлого,төлөвлөлтийн газрын дарга Т.Булган танилцуулгадаа дурдав.


Улсын Их Хурал НҮБ-ын Биологийн олон янз байдлын тухай суурь конвенцыг 1993 онд, уг конвенцын Генетик нөөцийн тухай Нагоягийн протоколыг 2013 онд тус тус соёрхон баталсан. Нагоягийн протокол нь биологийн олон янз байдлыг хамгаалах, зохистой ашиглах хөшүүргийг бий болгож, тогтвортой хөгжил ба хүний сайн сайхан байдалд биологийн олон янз байдлын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх болон генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг, тэдгээрээс үүдэлтэй шинэ санаа, нээлтүүд, генетик нөөцийн ашиглалтаас хөгжиж байгаа хангагч орны иргэд үр өгөөж хүртэх боломжийг бүрдүүлэхэд чиглэдэг байна. Иймд Монгол орны генетик нөөц түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийг эдийн засгийн эрэлтэд оруулах, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх бүртгэл хяналтын тогтолцоог бүрдүүлэх шаардлага зайлшгүй байгааг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Нагоягийн протоколыг хэрэгжүүлэх хүний нөөц, эрх зүйн орчин, байгууллагын чадавхыг бэхжүүлэх” төслийн Тэргүүлэх зөвлөх Л.Цэрэнням илтгэлдээ онцлов.

Хэлэлцүүлэгт оролцогч эрдэмтэн судлаачид хуулийн төслийн нэр томьёог ойлгомжтой болгох, бусад салбарын эрх зүйн баримт бичгүүдтэй уялдуулах, үйлдвэрлэл эрхлэгчид болон салбар бүрийн судлаачид, мэргэжлийн байгууллагуудын дунд дахин хэлэлцүүлэг зохион байгуулах тал дээр анхаарч ажиллах шаардлагатайг хэлж байв. Мөн төсөлд байгаа зарим зохицуулалтыг илүү тодорхой болгох, тухайлбал, “уламжлалт мэдлэг эзэмшигч” гэж хэнийг ойлгох, генетик нөөц ашигласны төлбөр хураамжийг захиран зарцуулах эрх мэдлийг тухайн орон нутагт нь өгч болох эсэх, хяналт, шалгалтыг зохион байгуулалтыг тодорхой болгох зэрэг асуудлыг тусгах талаар байр сууриа илэрхийлж байлаа.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн хэлэлцүүлэгт оролцогчдоос бичгээр саналаа ирүүлэхийг хүсээд хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар батлуулах зорилттой ажиллаж байгаа, хэлэлцүүлэгт оролцогчдод дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллах боломж нээлттэй гэлээ. 2020.01.17.   http://www.parliament.mn/n/r8my


УИХ-ын дарга Г.Занданшатар Австралийн Холбооны Улсад болж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцох үеэрээ Малайзын парламентын дэд дарга Дато Мохд Рашид Хаснонтой уулзав. Уулзалтаар Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг Малайзад хөнөөсөн хэргийг шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг Малайзын парламентын дэд даргаас хүслээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ, “Манай иргэний амь насыг хөнөөсөн жигшүүрт хэрэг гараад цөөнгүй жил болж байна. Хэргийг хугацаа алдалгүй эцэслэн шийдвэрлэх ёстой гэж бид үзэж байна. Үүнд түлхэц үзүүлэх зорилгоор хоёр орны парламентууд хамтарсан Ажлын хэсэг байгуулж ажиллах саналыг тавьж байна” гэв.


Ноён Дато Мохд Рашид Хаснон “Шинэ Засгийн газар байгуулагдаж, уг хэргийг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна. Улс төрийн талаас нөхцөл байдал өөр болсон нь энэ хэргийг шийдвэрлэхэд дөхөм үзүүлнэ гэдэгт итгэж болно. Гэхдээ тодорхой цаг хугацаа хэрэгтэй гэдгийг ойлгоорой. Таны тавьсан саналын талаар Монгол Улсын Их Хурлаас албан ёсны шийдвэр гаргаж, ирүүлбэл сайн байна” гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар ойрын үед Монгол Улсын Их Хурлаас тогтоол гаргаж хүргүүлнэ гэдгээ мэдэгдлээ. 2020.01.17. http://www.parliament.mn/n/d9my


Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


  2020-01-18 18:38  715