Мэдээллийг ачааллаж байна ..
Хамаарах огноо: 2017-10-16 11:10 Уншсан: 104


Эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай, Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолыг нийтэлжээ.

Дээрх тогтоолоор Монгол Улсын Ерөнхий сайдаар Ухнаагийн Хүрэлсүхийг томилж, Жаргалтулгын Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонтой холбогдуулан Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдын үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Эмхэтгэлд Авлигатай тэмцэх газрын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн ажиллах журам батлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэлжээ.

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх олон нийтийн зөвлөл нь Авлигатай тэмцэх газрын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон гүйцэтгэх ажил явуулахаас бусад үйл ажиллагаанд хяналт тавих бөгөөд авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, авлигын нөхцөл байдал, хууль тогтоомжийн хэрэгжилт болон олон нийтийн илэрхийлсэн ач холбогдол бүхий онцлог асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар зэрэг хууль санаачлах, хуулийн хэрэгжилтийг хангах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэл хүргэж, Авлигатай тэмцэх газарт зөвлөмж өгөх юм байна. Түүнчлэн Зөвлөл нь Авлигатай тэмцэх газрын удирдлага, албан тушаалтны авлигын эсрэг хууль тогтоомж зөрчсөн аливаа үйлдэл, үйл ажиллагааны талаар Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд мэдэгдэж, хариуцлага тооцуулах тухай хүсэлт гаргаж болно хэмээн заажээ.

Мөн эмхэтгэлийн шинэ дугаарт Журам батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэлсэн байна. Дээрх тогтоолоор “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг баталсан бөгөөд Агаарын тухай хуулийн 14.1-д заасан нөхцөл, шалгуурын аль нэгийг хангасан болон нийслэлийн гэр хорооллын өрхийн ахуйн хэрэглээ, халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувиар бууруулж хөнгөлөлт үзүүлэхээр заажээ.

Аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрхийн ахуйн хэрэглээ болон халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар бууруулж хөнгөлөлт үзүүлэх аж. Цахилгааны орой, шөнийн тарифыг мөрдөх хугацааг 21.00 цагаас  06.00 цагийн хооронд тооцох юм байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Үүсгэсэн: 2017-10-17 11:10

Хуралдааны тов