УИХ-ын Тамгын газар ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

  2019-01-31 15:33  450

XVII жарны “Урвуулагч” хэмээх шаргачин гахай жилийн сар шинийн баярыг угтан УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан болон УИХ-ын Тамгын газрын удирдлагууд өнөөдөр (2019.01.31) Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан болон Тамгын газарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.


УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан:

-Энэ парламент 2017 онд “Ахмад настны тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг баталснаас хойш ахмадуудын хөгжил, нийгмийн халамж, хамгааллын чиглэлд нэлээдгүй ахиц дэвшил гарч байна. Тухайлбал, уг хуулийн хүрээнд УИХ-ын Тамгын газрын дэргэд “Ахмадын сан” байгуулсан. Энэхүү сан манай ахмадуудын амьдрал ахуйг дэмжих, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд түлхэц болох учиртай юм гэж онцоллоо. Тэрбээр Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Төрийн албаны шинэчлэл гээд онцгой анхаарал татсан, нэн чухал хууль тогтоомжийн төсөл, шийдвэрлэвэл зохих асуудлуудад төрд олон жил ажилласан ахмадууд та бүхний мэдлэг туршлага, үнэ цэнэтэй санал зөвлөмж чухал гэдгийг дурдлаа.



“Ахмад настны тухай” Монгол Улсын хуулийг хамгийн сайн хэрэгжүүлж, үлгэр жишээ болж байгаа байгууллага бол УИХ-ын Тамгын газар юм. Бид цаашид мэдлэг туршлага, санал бодлоо та бүхэнтэй хуваалцаж, хамтран ажиллахдаа баяртай байх болно гэдгээ ахмад буурлууд илэрхийллээ.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан болон Тамгын газрын удирдлагууд ахмадуудад урт нас, удаан жаргалыг хүсэж, монгол түмний уламжлалт баяр Сар шинэдээ сайхан шинэлэхийг ерөөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  2019-01-31 15:26  450