Хууль зүйн байнгын хороо гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ

  2017-05-02 19:42  433

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2017.05.02) хуралдаан 17 цаг 25 минутад 68.4 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцлээ.

Хуралдаанаар эхлээд Засгийн газраас өргөн мэдүүлсэн /2017.04.27/ Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын "Ялтан шилжүүлэх тухай" хэлэлцээрийн төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ.


Төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хийв. Тэрээр, манай улс БНХАУ-тай “БНМАУ, БНХАУ-ын хооронд иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ”, “Гэмт этгээдийг шилжүүлэн өгөх тухай Монгол Улс, БНХАУ-ын хоорондын гэрээ”, “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон БНХАУ-ын хоорондын гэрээ” байгууласан байдаг. Гэхдээ эдгээр гэрээ нь засаг захиргааны онцгой бүс болох Хонгконг болон Макаод үйлчилдэггүй. Тиймээс монгол иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж, гэмт хэрэгт ихээр холбогдох болсон Хонгконг, Макаод зэрэг засаг захиргааны онцгой бүсүүдтэй тусгайлсан хэлэлцээрүүдийг байгуулахаар ажиллаж байна. Одоо байгуулах гэж байгаа “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр” нь 12 зүйлтэй бөгөөд харилцах төв байгууллагууд, ялтан шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх үе шат, үүнд хүсэлт гаргах, уламжлах, хүсэлтийг ял шийтгэсэн улсын төв байгууллага хянах, хүсэлтийг шилжүүлэн авах тал хянах, хүсэлтийг шийдвэрлэх болон татгалзах үндэслэл, ялтанг эх оронд шилжүүлэх үйл явц, зардал зэрэг үндсэн асуудлууд багтсан болно гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авлаа. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Монгол Улс, БНХАУ-тай эрүүгийн болон иргэний эрх зүйн чиглэлээр хамтран ажиллах гэрээ, хэлцэлтэй байгаа. Мөн ялтан шилжүүлэх гэрээ байгуулж байсан, гэтэл эдгээр гэрээ нь яагаад засаг Захиргааны онцгой бүс болох Хонгконг болон Макаод үйлчилдэггүй талаар тодруулав. Гишүүний асуултад Ажлын хэсгээс хийсэн тайлбартаа, Хонгконг болон Макао бол БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс гэж заасан байдаг учир эрх зүйн тогтолцооны хувьд ялгавартай тал байдаг. Иймд БНХАУ-тай өмнө байгуулсан гурван багц гэрээ бол энэ хоёр онцгой бүсийн хувьд үйлчилдэггүй юм гэлээ.

Гишүүд ийнхүү Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын "Ялтан шилжүүлэх тухай" хэлэлцээрийн төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэж, Байнгын хорооны санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

 

Үүний дараа Засгийн газраас өргөн мэдүүлсэн /2017.04.27/ Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын "Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай" хэлэлцээрийн төслийг зөвшилцөх тухай асуудал хэлэлцэж, уг асуудал УИХ-ын гишүүдийн 76,9 хувийн саналаар дэмжигдлээ. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтож, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар танилцуулахаар тогтов.

Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн /2017.04.11/ "Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийн биелэлтийг хэлэлцэв. Төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хийв.

Хэлэлцэж буй асуудал, танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, О.Батнасан нар асуулт асууж тодруулсан юм. Гишүүдийн асуултад УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хариулт өгсөн юм.

Ингээд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцсэн талаархи Байнгын хорооны санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


  2017-05-02 19:42  433