Цэс

Холбоо барих

Төсвийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатарыг сонгохыг дэмжлээ


Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар (2021.01.29) Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй ба тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг өөрөө томилно гэж заасан. Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан Сангийн сайдаар томилогдох гэж байгаа. Иймд Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхланг тус Байнгын хорооны даргаас чөлөөлж, дараагийн Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг яаралтай хэлэлцэх хуультай гэв.


Ийнхүү Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7, 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Байнгын хорооны дарга сонгох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхланг Төсвийн байнгын хорооны даргаас чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатарыг Төсвийн байнгын хорооны даргаар сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 72,7 хувиар дэмжигдэв. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл