Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг тэргүүтэй ажлын хэсэг энэ сарын 08-10-ны өдрүүдэд Говьсүмбэр, Дорноговь, Дундговь аймагт ажиллалаа

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2021 оны 13 дугаар тогтоолоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргалаар ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Б.Бейсен, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан юм.

Ажлын хэсгийн гишүүд Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны үйл ажиллагаатай танилцах, шинээр улсын тусгай хамгаалалтад авах газар нутагтай танилцах, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиг үүргийг хэрэгжүүлж ажиллаж байна.

Энэ хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг говийн бүсэд ажиллаж, улсын тусгай хамгаалалтад авахаар төлөвлөж буй зарим газар нутагтай танилцахын зэрэгцээ орон нутгийн төрийн захиргааны байгууллага болон мэргэжлийн байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийлээ.


Чойрын Богд уулын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 9.8 дахин томсгоно

Чойрын Богд уул нь засаг захиргааны нэгжийн хувьд Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Дорноговь аймгийн Даланжаргалан сумдын нутгийн дамнан оршдог, олон зуун жилийн түүхийг хадгалсан байгалийн цогцолбор газар. Тодруулбал, Сүмбэр сумын нутаг дэвсгэрт 5265.3 га газрыг эзэлдэг бөгөөд Чойрын Богд уулын 80 орчим хувь нь тус сумын нутагт байдаг. Далайн түвшнээс дээш 1686 м өргөгдсөн боржин чулуудаас тогтсон уул юм.

Чойрын Богд уулыг 1997 онд орон нутгийн тусгай хамгаалалтад, УИХ-ын 2011 оны 04 дүгээр тогтоолоор байгаль орчны тэнцвэр, унаган төрхийг хадгалах, хамгаалах болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “байгалийн нөөц газар”-ын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан.

Одоогоор тус ууланд 200 гаруй аргаль хонь нутагшиж байна. Мөн ховор ургамал, аргаль, янгир, цагаан зээр, буга, чоно, үнэг, туулай, цармын бүргэд, идлэг шонхор, тас зэрэг ан амьтан элбэгтэй. Чойрын Богд уулнаа түүх соёлын дурсгалт газрууд, зураг дүрслэлийн өв, шашны соёлыг хадгалсан дурсгалууд бий. Тухайлбал, Дагвасүндэл бурхан, Зүүн Жанжин Чойрын хийдийн туурь, түүний дэргэд Цагаан дарь эх бурхан, Хүслийн хад, Хүүхдийн овоо, Илдний зурагтай хад, эртний хятадын төмөр утасны хорооны туурь, Дугар Мээрэнгийн хөшөө гэх мэт газруудыг дурдаж болно.

“Байгалийн нөөц газар”-ын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авснаас хойш сүүлийн таван жилд байгаль орчны эсрэг гэмт хэрэг бүртгэгдээгүй байна. Замын тэмдэг, тэмдэглэгээ, дурсгалт газрын тайлбар самбаруудыг байршуулж, түр буудаллах газар, хогийн сав, бие засах газрыг шийджээ. Улаан номонд орсон ховор ан амьтан суурьшдаг учраас жил бүрийн цаг үеийн байдлаас хамаарч нутгийн иргэдийн оролцоотойгоор өвс тэжээл тавих зэргээр биотехникийн арга хэмжээ авдгийн үр дүнд аргаль хонины тэжээлийн хомстлоос үүдэлтэй хэвийг бус хорогдлыг 70 орчим хувиар бууруулжээ. Түүнчлэн Хустай байгалийн цогцолбор газар болон Хэнтий аймгаас 50 толгой Монгол тарвагыг зөөвөрлөн нутагшуулсан байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2022 онд нийт 14 газрын тусгай хамгаалалтад авахаар төлөвлөсний нэг нь Чойрын Богд уул. Нутгийн иргэдийн хүсэлтийн дагуу аймгийн ИТХ-ын шийдвэр гарч, 2020 онд улсын тусгай хамгаалалтад авах хүсэлтийг салбарын яаманд хүргүүлжээ. “Байгалийн нөөц газар”-ын ангилалд байгаа газар нутгийн хэмжээг 9.8 дахин томсгож, 60750 га болгохоор тогтоолын төсөлд тусгаад байгааг БОАЖ-ын яамны мэргэжилтэн Т.Болдбаатар хэллээ.

Говьсүмбэр аймаг нь тээвэр ложистикийн онцгой бүсэд тооцогддог. Тус аймгийн нутгаар төмөр зам, авто замын гол урсгал дайран өнгөрдөг. Дэд бүтцийн энэ хөгжил нэг талаар давуу байдал үүсгэдэг ч нөгөө талаар зэрлэг ан амьтны шилжих, нүүдэллэх газар нутгийг хязгаарлах сөрөг талыг дагуулдаг. Мөн байгалийн өвөрмөц тогтоц бүхий тусгай хамгаалалттай бүсийн орчимд орон нутгийн захиргааны байгууллагын оролцоогүйгээр уул уурхайн лиценз олгож байгаа нь байгалийн унаган төрхийг эвдэх эрсдэл бий болгож, говийн усны нөөцөд нөлөөлөх болсныг Сүмбэр сумын Засаг дарга Т.Бат-Эрдэнэ учирлав.

Тус аймгийн БОАЖ-ын газрын дарга Д.Мөнх-Эрдэнийн хэлснээр сүүлийн хоёр жилд дунджаар 20-30 мянган жуулчин Чойрын Богд ууланд иржээ. Энэ тоо жилээс жилд нэмэгдэх хандлагатай. Уур амьсгалын өөрчлөлт болон орчны бүсэд байгаа бэлчээрийн дарамт мөн л зэрлэг амьтдын амьдрах орчинд сөрөг нөлөөгөө тусгасаар байна. Тиймээс эрх зүйн шинэчлэлийг цогцоор нь авч үзэж Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг шинэчлэхдээ Бэлчээр ашиглалтын тухай хуулийг хамтад нь оруулах хүсэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэгт уламжилсан юм.

Түүнчлэн Чойрын Богд уулын тусгай хамгаалалттай газар нутгийн өргөтгөлийн асуудлыг хэлэлцэхдээ төсөв, санхүү, бүтцийн асуудлыг нарийвчлан тусгах, тусгай хамгаалалттай газар нутгийн техник хэрэгсэл, хангамжийн нэгдсэн системтэй болгохыг хүсэж байлаа.

Говьсүмбэр аймгийн тухайд нийт 18 байршлын 206899.35 га газар улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад байдаг. Үүний 0.68 хувь буюу 3814 га газар нь улсын тусгай хамгаалалтад, 203 орчим мянган га газар аймгийн тусгай хамгаалалтад байдаг байна. Чойрын Богд уул нь хоёр аймгийн нутаг дамжин байрладаг учраас хамгаалалтын хилийн хэрхэн тогтоох, тусгай хамгаалалттай газар нутгийн захиргааг хаана байгуулах асуудлыг шийдэх, хамгаалалтын бүс орчимд байгаа малчин өрхүүдэд чиглэсэн арга хэмжээний талаар орон нутгийн удирдлагууд саналаа ажлын хэсгийнхэнтэй хуваалцсан юм.


Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг орон нутгийн удирдлагуудын саналыг ажлын хэсгийн санал, дүгнэлтэд тусгаж, холбогдох хууль эрх зүйн шинэчлэлийг хийхээ илэрхийлсэн юм. Мөн тэрбээр, улсын тусгай хамгаалалтад авах газар нутгийн хэмжээг өргөтгөснөөр гарах үр дагавар, нөлөөллийн талаар хэлж, санал солилцов.


Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг 1994 онд баталсан байдаг. Хуульд зааснаар улсын тусгай хамгаалалттай газар нутгийг дархан цаазат газар, байгалийн цогцолборт газар, байгалийн нөөц газар, дурсгалт газар гэж дөрөв ангилна. Эхний хоёр ангилал нь улсын тусгай хамгаалалт гэж үздэг бол байгалийн нөөц, дурсгалт газар нь орон нутгийн тусгай хамгаалалтад байна. Салбарын яамнаас Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, яамдаас санал авч эхэлжээ. Уг төсөлд тав дахь ангиллыг нэмж, байгаль хамгааллын менежментийг төр, хувийн хэвшлийн түншлэл дээр тулгуурлан хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зохицуулалтыг тусгасан байна. Хуулийн төслийг Газрын ерөнхий хуулийн төсөлтэй хамтатган хэлэлцүүлэхээр төлөвлөж, энэ ондоо багтаан УИХ-д өргөн мэдүүлэх юм байна.


Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэгийн дагалдан УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Хяналт шалгалтын хэлтсийн зөвлөх С.Эрдэнэчимэг, референт Х.Хэрлэн, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Д.Батмөнх, тус яамны мэргэжилтэн Т.Болдбаатар нар ажиллалаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 

 

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл