Цэс

Холбоо барих

Байнгын хорооны дарга М.Оюунчимэг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт ажиллалаа

         УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт өнөөдөр (2022.05.11) ажиллалаа.  

            Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж байгууллагынхаа үйл ажиллагаа, төсөв санхүү, хүний нөөцийн тулгамдсан асуудлынхаа талаар танилцуулав. Тэрбээр, энэ салбарт мэргэжлийн боловсон хүчин нэн шаардлагатай байгааг онцлоод анхан, дунд шатанд ажилладаг нийгмийн ажилтнуудын нийгмийн баталгаа, тогтвортой суурьшилтай, аюулгүй ажиллах орчин нөхцөлөөр хангах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх нь нэн тулгамдсан асуудал болоод байгааг дурдлаа.


            Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зүгээс ч анхан, дунд шатанд ажилладаг нийгмийн ажилтнуудын цалингийн шатлал уялдаа холбоо, нийгмийн баталгаа, ажлын нөхцөл байдлаас шалтгаалаад эрх зүйн орчинг сайжруулах шаардлагатай байгааг ч мэдэгдсэн. Тухайлбал, тус яамны Гэр бүл бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа хэлсэн үгэндээ, улсын хэмжээнд нийт 3188 нийгмийн ажилтан ажиллаж байгаа бөгөөд нэг ч хүүхэд хүчирхийлэлд өртөхгүй байх боломжтой. Гэвч хүчирхийлэлд өртөгч хүүхдүүдийн тоо буурахгүй байгаагийн нэг шалтгаан нь хүний нөөцийн чадавх, тэднийг тогтвор суурьшилтай ажиллуулах боломж нөхцөлийг хангаж чадахгүй байгаатай холбоотой. Цаашдаа энэ салбарт ажилладаг нийгмийн ажилтнуудын ажиллах нөхцөл, цалин хөлс, мэргэшил дээшлүүлэх чадавхыг нэмэгдүүлэх сургалт зэрэг цогц асуудлыг бодлогоор шийдэхгүй бол ажиллах хүчгүй болж байгааг анхааруулсан.


            Нийгмийн бодлого байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн М.Оюунчимэг уулзалтын үеэр Байнгын хорооноос Хүний эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүргийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсныг дурдаад тус салбарт батлагдсан төсөв, хөрөнгө, хүний нөөцийн орон тоо бодит байдалтай танилцаж, хүүхэд хамгааллын асуудалд онцгой анхаарч ажиллахаа мэдэгдэв.  Мөн тэрбээр, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдлагуудад салбарын тулгамдсан асуудлуудыг үе шаттай шийдвэрлэх, шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд шуурхай ажиллах чиглэлийг өгөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл