БОХХААБХ:“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

  2022-06-15 15:37  201


   Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2022.06.15) хуралдаан 12 цаг 35 минутад гишүүдийн 68,4 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. 

    Тогтоолын төслийн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.Болорчулуун хийв.

   Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын даргын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн захирамжаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, шаардлагатай тохиолдолд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуунаар ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар, Ж.Бат-Эрдэнэ, Х.Булгантуяа, С.Ганбаатар, Г.Ганболд, Н.Ганибал, Ц.Даваасүрэн, Л.Мөнхбаатар, М.Оюунчимэг, Д.Өнөрболор, Ц.Туваан нарын бүрэлдэхүүнтэй байгуулсныг дурдаад  уг Ажлын хэсэг гурван удаа, дэд ажлын хэсэг есөн удаа тус тус хуралдсан гэж байлаа. 



    УИХ-ын Үйлдвэржилтийн бодлого, Эдийн засаг,  Төсвийн байнгын хороо тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд ирүүлснийг танилцуулсан. 

   Хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж болон холбогдох албан тушаалтнууд оролцож, гишүүдийн асуултад хариулав.

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Б.Бейсен, Н.Ганибал, Ц.Туваан, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, санал хэлсэн. Гишүүдийн зүгээс тогтоолын төсөлд хүнсний аюулгүй байдалтай холбоотойгоор хяналт, шалгалт хийдэг лабораторийн чадавхыг сайжруулах талаар болон лабораторид ажиллах мэргэжилтэн цаашлаад эл салбарын боловсон хүчний асуудлыг шийдвэрлэх зохицуулалтыг хэрхэн тусгасныг тодруулав. Мөн тогтоолын төсөлд мал сүргийг бүрэн эрүүлжүүлэх хүрээнд вакцины хүртээмж болон  хүлэмжийн аж ахуйг өргөжүүлэх асуудлыг хэрхэн тусгасныг лавлаж байлаа.   



    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хариултдаа, Засгийн газраас Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам зэрэг салбар салбарын харьяанд байгаа лабораториудыг нэгтгэж хөндлөнгийн хараат бус үндэсний лабораторийг байгуулан чадавхжуулан бэхжүүлж, экспорт болон импортоор оруулж ирж байгаа бүх бүтээгдэхүүнээ шалгаж баталгаажуулдаг болох шийдэлд хүрч, энэ чиглэлээр холбогдох судалгааг хийж байгааг тодотгов. Мөн тэрбээр, нэг малын эмчид 35-40 мянган мал ногдож байгаа зэргээс эхлээд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөдөө аж ахуйн салбарт нарийн мэргэжлийн боловсон хүчний асуудал хурцаар тавигдаж байгааг хөндсөн. Иймд тогтоолын төсөлд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээрх төрийн өмчит их, дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх, сургалтын чанарыг сайжруулах, эдгээр салбарт тэргүүлэх чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх бүх асуудлыг тусгаж өгсөн гэв.   



 Түүнчлэн тэрбээр, малын эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой Байнгын хорооноос Засгийн газарт чиглэл өгсөн тогтоол гарсан. Энэ тогтоолын ерөнхий агуулга, үзэл санаа уг хөтөлбөрт бүрэн туссан. Өөрөөр хэлбэл, уг тогтоолын төсөлд малын гоц халдварт өвчний эсрэг вакциныг жилд хоёр удаа хийн дархлаажуулж, таван жилийн хугацаанд мал сүргийг бүрэн эрүүлжүүлэхээр тусгасан хэмээн хариулж байлаа.  Мөн уг тогтоолд хүлэмжийн аж ахуй чиглэлээрх үйл ажиллагааг бүрэн тусгасан бөгөөд өвлийн хүлэмжийг 50 мянган га-д хүргэвэл дотоодын хэрэгцээг хангана гэж тооцоод Сангийн яамтай ярилцаад эх үүсвэрийг нь  зээлийн батлан даалтын сангаар дамжуулан гаргахаар болсон. Улмаар Засгийн газраас хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд зориулж энэ жил 3 хувийн нэмэлт эх үүсвэрийг гаргасан хэмээн хариулж байлаа.

   Ингээд Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалтыг явуулсан. 



    Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


  2022-06-15 15:14  201