Цэс

Холбоо барих

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтэд хяналт тавих Түр хороо хуралдлаа

    Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо өнөөдөр (2021.06.15) цахим хэлбэрээр хуралдаж, хоёр асуудал хэлэлцэв.


    Хуралдааны эхэнд тус Түр хорооны дарга Б.Баттөмөр коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын нөхцөл байдал амаргүй болж, дотоодын халдвар нэмэгдэн нийслэл төдийгүй хөдөө орон нутагт халдварын голомтууд олноор бүртгэгдэх болсныг хэллээ. Өвчлөлийн тоо нэмэгдэхийн хэрээр хүнд болон маш хүнд өвчтөний тоо нэмэгдэж, нас баралт ч мөн адил буурахгүй байгааг тэмдэглээд урин дулаан цаг ирсэнтэй холбоотойгоор гудамж талбайд иргэдийн хөдөлгөөн ихсэж нэг дор олноор бөөгнөрөх, айл хооронд зочлох, найз нөхдөөрөө цуглах байдал түгээмэл болж өвчлөлийн тархалтыг нэмэгдүүлсээр байгааг анхааруулсан. Иргэдийн дийлэнх нь вакцин хийлгэсэн хэмээн тайвширч, халдвар хамгааллын дэглэм зөрчсөнөөс гэр бүлийн гишүүдээ тэр тусмаа бага насны хүүхдүүдээ эрсдэлд оруулж байгааг сануулж, эрүүл мэндийн байгууллагууд өвчтэй иргэдэд хүрч ажиллаж чадахгүй нөхцөл байдал үүсээд байгааг хэлсэн.

    Ингээд Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболдын цар тахлын нөхцөл байдалд Эрүүл мэндийн байгууллагуудаас хэрэгжүүлж буй арга хэмжээ, халдварын дэгдэлтийг бууруулах арга зам, вакцинжуулалтын үр нөлөө, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж болон бусад улс орнуудын сайн туршлагын талаарх танилцуулгыг сонсов.

    Дэлхий дахинаа нэг сая хүнд тохиолдож байгаа халдварын тохиолдлын тоогоор манай улс хамгийн өндөр хувьтай байгааг Эрүүл мэндийн сайд мэдээллээ. Сүүлийн 14 хоногийн турш халдварын тоо өсөлттэй байгаа, сүүлийн 24 цагийн байдлаар 2.386 тохолдол илэрчээ. Улаанбаатарт 1675, орон нутагт 711 тохиолдол илэрсэн байна. Орхон, Говь-Алтай, Дархан-Уул, Төв аймгуудад халдварын тохиолдол өндөр байгааг тэрбээр танилцууллаа.


    Халдвар авч буй хүүхдийн тоо нэмэгдэж байгааг С.Энхболд сайд дурдаад “Нийт халдварын 24 хувь нь хүүхдүүд байгаа. 18-60 насныхан нийт тохиолдлын 68 хувийг, 60-аас дээш насныхан 8.1 хувийг эзэлж байгаа” гэлээ. Үргэлжлүүлэн тэрбээр жирэмсэн эхчүүдэд тохиолдож буй халдварын тохиолдлын талаарх тоон мэдээг танилцуулав. 2021 онд 43.127 жирэмсэн эх бүртгэгдсэн бөгөөд 1152 нь халдвар авчээ. Өнөөдрийн байдлаар халдвар авсан 383 жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчүүлж байгаа гэлээ. Манай улс 2021 оны зургадугаар сарын 14-ний өдрөөс эхлэн жирэмсэн эхчүүд болон 16-аас дээш насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр “Фрайзер” вакциныг хийж эхлээд байгаа бөгөөд “Модерна” болон “Файзер” вакцинуудын аюулгүй байдлын судалгааны дүнг танилцуулсан юм.


    Эрүүл мэндийн сайд үргэлжлүүлэн коронавируст халдвар (КОВИД-19)-аас үүдсэн нас баралтын талаарх мэдээллийг өгөв. Өнөөдрийн байдлаар 372 нас баралт, үүнээс сүүлийн 24 цагт 11 хүн нас баржээ. Архаг суурь өвчтэй, 65-аас дээш насныхан өндөр эрсдэлтэй байгааг мэдээллээ.

    С.Энхболд сайд үргэлжлүүлэн эрүүл мэндийн салбарын авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар мэдээлэл танилцуулсан. Ерөнхий сайдын дэмжлэгтэйгээр 119 тусгай дугаарыг өргөтгөж  40 операторыг нэмж ажиллуулж байгаа ба гэртээ тусгаарлагдсан иргэдэд эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх 40 автобус бүхий явуулын амбулаторийг ажиллуулж байгаа гэлээ. ХӨСҮТ-ийн гурван эмчийг ЯпонУулсад SARS-CoV2 вирусын мутацийн судалгааны чиглэлээр мэргэшүүлж, 2021 оны зургадугаар сарын сарын сүүлээр лабораторийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд ДЭМБ дэмжлэгээр эрчимт эмчилгээний 10 эмч, 6 дүүрэгт тандалт судалгааны багийг ажиллуулж эхэлжээ.

    Вакцинжуулалтын нөхцөл байдлын талаар мөн танилцууллаа. Иргэдийн 95 хувь нь вакцины бүрэн тунд хамрагдахад хүн амын дунд дархлаа тогтох түвшинд хүрсэн гэж үздэг байна. Монгол Улсын хэмжээнд хүн амынхаа 60 хувь буюу 2.067.292 хүний вакцинд хамруулахаас тавдугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийт 1,643,030 хүн вакцины эхний тунд хамрагдсан ба 628,079 хүн бүрэн тунд хамрагджээ. Улаанбаатар хотод 2021 оны тавдугаар сарын 1-ний байдлаар хоёр тун вакцин хийлгээд 14 хоносон хүн бараг байхгүй байсан бол  2021 зургадугаар сарын 10-ны өдрийн байдлаар энэ тоо ойролцоогоор 750 мянгад хүрсэн байна. Энэ хүмүүс дээр тооцоо хийхэд вакцины үр дүн 75 хувь байгаа аж. Өөрөөр хэлбэл, хоёр тун вакцин хийлгээд 14 хоносон дөрвөн хүний гурав нь халдвараас хамгаалагдаж байгаа гэлээ.


    Манай улсын хувьд 0-17 насны хүүхдийг вакцинжуулах судалгаа хийж, төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа гэв. 16-аас дээш насны хүүхдийг сайн дурын үндсэн дээр “Фрайзер” вакцинжуулж эхлээд байгаа юм. Зарим улс оронд 12-оос дээш насны хүүхдүүдийг “Фрайзер” вакцинаар вакцинжуулж эхлээд байгаа гэдгийг Эрүүл мэндийн сайд мэдээлсэн. Үүнээс гадны дээрх төрлийн вакцины гурав дахь тунгийн асуудалд улс орнууд анхаарал хандуулж байгаа аж. Манайхтай адил Синофарм вакцин хэрэглэсэн Арабын Нэгдсэн Эмират Улс, Бахрайн Улс гурав дахь тунгийн талаар судалгаа хийж байгаа аж. Тус вакцины бүрэн тунд хамрагдсан 50-иас дээш насны иргэдээ зургаан сарын дараа гуравдагч тунг "Фрайзер" вакцинаар хийхээр шийдвэрлээд байгаа гэлээ. Манай улс ч үүний адил вакцины дараах тогтоцын судалгааг хийж байгаа юм байна.


    Вирусийн эсрэг эм, антибиотик, оношлуур, хувийн хамгаалах хэрэгсэл гэх зэрэг эм, эмнэлгийн хэрэгсийн нөөцийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Улсын хэмжээнд коронавирусийн халдварын үед шаардлагатай 37 нэр төрлийн нийт 5,2 тэрбум төгрөгийн эмийн нөөцтэй байгаа нь өмнөх оны мөн үеэс 47,9 сая төгрөгөөр буурсан. Улсын хэмжээнд 8 нэр төрлийн 3,1 тэрбум төгрөгийн вирусийн эсрэг (ЭМБ-1,4 тэрбум төгрөг, ЭМЯ-д 1,8 тэрбум төгрөг), 9 нэр төрлийн 987,7 сая төгрөгийн антибиотик, 5 нэр төрлийн 556,1 сая төгрөгийн амилуулах тусламж, үйлчилгээний эм, 8 нэр төрлийн 465,9 сая төгрөгийн дуслын шингэн, 6 нэр төрлийн 94,5 сая төгрөгийн шинж тэмдгийн эсрэг эмчилгээний эмийн нөөцтэй байна.


    Хувийн хамгаалах хэрэгсэл: Улсын хэмжээнд 16 нэр төрлийн нийт 35,32 тэрбум төгрөгийн хувийн хамгаалах хэрэгслийн нөөцтэй байгаагаас ЭМБ-уудад 26,74 тэрбум төгрөгийн хувийн хамгаалах  хэрэгслийн нөөц, ЭМЯ-д 8,58 тэрбум төгрөгийн хувийн хамгаалах хэрэгслийн нөөц тус тус байна. Тухайлбал: нарийн шүүлтүүртэй амны хаалт (№95)-508,1 мянга, малгайтай комбинзон 227,9 мянга, мэс заслын бээлий 3,2 сая, үзлэгийн талькгүй бээлий 4,8 сая, эмнэлгийн 1 удаагийн амны хаалт 11,5 сая. Өмнөх өдрөөс 98,5 сая төгрөгөөр буурсан. 13 нэр төрлийн нийт 1,1 тэрбум төгрөгийн эмнэлгийн хэрэгслийн нөөцтэй байгаагаас ЭМБ-390,7 сая төгрөгийн эмнэлгийн хэрэгслийн нөөц, ЭМЯ-д 674,2 сая төгрөгийн эмнэлгийн хэрэгслийн нөөц тус тус байна. Өмнөх өдрөөс 881,1 мянган төгрөгөөр буурсан гэв. Оношлуурын хувьд зургадугаар сарын 13-ны байдлаар улсын хэмжээнд ПГУ-ын тодорхойлох оношлуур 72409, ПГУ-ын ялгах оношлуур 109159, шүлсний ПГУ-ын оношлуур 4104, хамар залгиурын түргэвчилсэн оношлуур 84832, шүлсний түргэвчилсэн оношлуур 88034, Gene Expert оношлуур 782 ширхэг нөөцтэй байгаа аж. 


    Салбарын яамнаас эрсдэлт бүлэг буюу 65-аас дээш насны вакцин хийлгэснээс үл хамааран, жирэмсэн эмэгтэйчүүд вакцины бүрэн тун хийлгэж 14 хонох хүртлээ, 12-17 насны хүүхдүүд вакцины бүрэн тун хийлгэж 14 хонох хүртлээ, 0-12 насны хүүхдүүд гадуур гарахгүй байх, гэр бүлд нь өвчлөл гарсан тохиолдолд тусгаарлах, улмаар гэрээсээр гарахгүй байх, амны хаалт тогтмол зүүх зөвлөмжийг гарган ажиллаж байгаагаа танилцуулсан. Нийт иргэдэд ковид-19-ын талаар бодит зөв мэдээлэл олгох, эрсдлийг зөв үнэлэх мэдээлэл түгээх, хариуцлагажуулах, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх шаардлага, зөвлөмжийг хүргүүлэн ажиллаж байгаа гэв.


    Эрүүл мэндийн сайдын дээрх мэдээллийн дараа Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийн бууруулах тухай хуулийн биелэлт, цар тахлын үед Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комиссоос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэл болон Түр хорооны 7 дугаар хуралдаанаас өгсөн үүргийн биелэлт”-ийн талаарх мэдээллийг танилцууллаа.

    Монгол Улсад коронавируст халдвар (КОВИД-19)-ын нийт 79,959 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 57822 нь эдгэрчээ. Эмнэлэг, тусгаарлах байранд улсын хэмжээнд 9640 иргэн тусгаарлагдаж, эмчилгээнд хамрагдаад байгаа аж.


    Түр хорооноос өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын дарга танилцууллаа. Улсын Онцгой комиссын ээлжит хуралдаануудаар шийдвэрүүдийг гарган хэрэгжүүлж ажиллаж байгаа гээд зургадугаар сарын 14-ний өдөр хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцууллаа. Халдварын тархалт, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймаг, орон нутгийн Засаг дарга нар харьяа нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хэсэгчлэн болон бүхэлд нь хязгаарлалт, хорио цээрийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх бол өөрсдийн үйл ажиллагааны эрсдлийн үнэлгээг хийж, Улсын онцгой комисстой зөвшилцсөний үндсэн дээр шийдвэр гаргах аж. Халдварын батлагдсан тохиолдлыг эрэмбэлэн ангилах, хяналт тавих, хариу арга хэмжээний эрэмбэлэн ангилах үйл ажиллагааг эрчимжүүлэх, оновчтой болгох, ялангуяа эмнэл зүй, эрүүл мэндийн мэргэжлийн эмчилгээ, оношлогооны багийн үйл ажиллагааг иргэдэд шуурхай хүргэх, эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээг өргөжүүлэх, түүнтэй холбоотой эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх ажлыг тогтмол гүйцэтгэж байгаа гэлээ.

    Өнөөдрийн байдлаар нөхцөл байдал нэн хүнд байгааг С.Амарсайхан сайд онцлон тэмдэглэсэн. Хатуу хөл хорионы дараа дэглэм сулруулж, аж ахуйн нэгж, бизнесүүдийн үйл ажиллагааг дэмжих, эдийн засгийг сэргээх зорилгоор дүрэм, журам мөрдүүлэн ажиллуулж эхэлсэн. Үүний зэрэгцээ иргэдийн хөл хөдөлгөөн эрчимжиж, халдварын тархалт эрс нэмэгдэж байгааг анхаарууллаа.


    Цар тахалтай холбоотой судалгаа, тандалт, шинжилгээ, тооцоо, төлөвлөгөөг зохион байгуулж байгааг тэрбээр хэлсэн. Энэ дундаас манай оронд тархсан вирус мутацлагдсан байх магадлал өндөр байгаа гэв. Түүнчлэн бусад орнуудын мутацид орсон вирусын хувилбаруудын манай улсад тархсан байх магадлал бий гэдэг мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг мөн дурдав. Иймээс аль болох нэн хүнд болон хүндэвтэр өвчлөлийн тоог багасгах, нас баралтыг бууруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлд анхаарч ажиллаж байгаа гэв. Түүнчлэн худалдаа үйлчилгээний байгууллагуудад хяналт тавьж, шаардлага хүргүүлэх, зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа гэлээ. Тодруулбал, хоол үйлдвэрлэлийн салбарыг танхимаар үйлчлэхийг хориглох, амралтын газруудын үйл ажиллагааг хязгаарласан байна.

    Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжих хугацааг он дуустал сунгах нь зүйтэй хэмээн үзэж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөсөн гэлээ. Аль болох хатуу хөл хорио тогтоохгүйгээр зохицуулалт хийх шаардлагатай гэдэг байр суурьтай байгааг мөн онцолж байв.

    Шадар сайд, Эрүүл мэндийн сайд нарын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авав. Н.Алтанхуяг гишүүн "Спутник" вакцины хоёр дахь тунгийн талаар, хүүхдийн вакцинжуулалтын талаар болон халдвар аваад гэрийн нөхцөлд тусгаарлагдан өөрсдөө эмчилгээгээ хийж байгаа иргэдэд өгөх мэргэжлийн байгууллагын зөвлөмж, зөвлөгөөний талаар тодруулж хариулт авсан. Засгийн газраас коронавируст халдвар (КОВИД-19)-ыг эмчлэхэд хэрэглэж буй эмийн үнийг тогтворжуулах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулж, эмийн сангуудын үйл ажиллагаанд тавих хяналтаа нэмэгдүүлэх шаардлагатай гэдэг саналыг Д.Өнөрболор гишүүн хэлж байв. Анхан шатны эмнэлгийн эмч нарт хандсан цар тахлын нөхцлийн эмчилгээ, үйлчилгээний талаарх ямар менежмент хэрэгжүүлж, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин, урамшууллын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тодруулсан. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Ц.Туваан, Т.Доржханд, Н.Учрал нар асуулт асууж, Засгийн газрын гишүүд болон холбогдох албан тушаалтнуудаас хариулт, мэдээлэл авав.

    Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлсэн. Гадаад улс орнуудад ажиллаж, суралцаж байгаа эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд, судлаачидтай хамтран ажиллах, коронавируст халдвар (КОВИД-19)-ын оношлуурыг үнэ төлбөргүй байлгах, вакцины гурав дахь тунг “Модерна”, “Фрайзр”-аар хийх ажлыг яаралтай эхлүүлэх шийдвэр гаргаж, эхлүүлэх саналыг хэлж байлаа. Өнөөдрийг хүртэлх нөхцөл байдалдаа дүн шинжилгээ хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээндээ олон улсын мэргэжилтнүүдээ зөвлөгөө, туслалцаа авч боловсруулах, коронавируст халдвар (КОВИД-19)-ыг эмчлэх эмийн үнийг тогтворжуулах, ЭМД-ын сангаас хөнгөлөх чиглэлд арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг санал болгож байлаа.


    Ийнхүү өнөөдрийн хуралдаанаар коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийн бууруулах тухай хуулийн биелэлт, цар тахлын үед Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комиссоос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэл, Түр хорооны долдугаар хуралдаанаас өгсөн үүргийн биелэлт, цар тахлын нөхцөл байдалд эрүүл мэндийн байгууллагуудаас хэрэгжүүлж буй арга хэмжээ, халдварын дэгдэлтийг бууруулах арга зам, вакцинжуулалтын үр нөлөө, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж болон бусад улс орнуудын сайн туршлагын талаарх мэдээллийг сонслоо.

    Түр хорооны дарга Б.Баттөмөр “Цар тахлын аюулыг гэтлэн давах нь зөвхөн эрүүл мэндийн салбарын болон төрийн байгууллагуудын ажил биш бөгөөд энэ нь манай улсын нийт иргэдийн бүх нийтээр тулгамдсан асуудал болоод байна. Тиймээс иргэн бүр дор бүрнээ ухамсартай байж, халдвар хамгааллын дэглэмээ ягштал баримтлан гэр бүлийн гишүүн бүрээ хамгаалах нь туйлын чухал байна” гээд эрүүл мэндийн байгууллагын заавар зөвлөмжийг сайтар биелүүлэн зөвхөн албан ёсны баталгаа нотолгоотой мэдээллийг эх сурвалж болгон ашиглаж, цахим орчинд түгээсэн худал хуурмаг мэдээлэлд автан дархлаагаа сулруулахгүй, бусдыг эрсдэлд оруулахгүй байхыг ард иргэддээ уриаллаа.

    Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо нь энэ хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэх, бусад байнгын хороогоор энэ хуулийн биелэлтийг хэлэлцүүлэх санал гаргах үндсэн хоёр чиг үүрэгтэй юм. Түр хорооны дарга Б.Баттөмөр Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсэгт заасан чиг үүргийнх нь дагуу Нийгмийн бодлогын байнгын хороогоор цар тахлын эмчилгээ, эмнэл зүй, тархвар судлалын асуудлаар эрүүл мэндийн бодлогын хүрээнд нь хэлэлцүүлэх саналыг танилцуулснаар өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл