Цэс

Холбоо барих

Хууль зүйн байнгын хороо дөрвөн асуудал хэлэлцэв

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2017.02.09/ хуралдаанаараа таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов. 

Цагдаагийн албаны тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хуралдааны эхэнд хийж, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Нямдорж ажлын хэсгийн танилцуулгыг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг танилцуулсан юм. Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд Ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Мөн хуралдаанаар үргэлжлүүлэн 2016 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Нямдорж танилцуулсан бөгөөд зарчмын зөрүүтэй саналын хоёр томьёоллыг бэлтгэсэн байна. 
Ийнхүү санал хураалт явуулж, дотоодын цэрэг нь улсын төсвөөс санхүүжинэ, дотоодын цэргийн санхүүжилт, аж ахуй, материал техникийн хангалтыг цагдаагийн төв байгууллага хариуцах өөрчлөлтийг дэмжив. Мөн хуулийн дагаж мөрдөх хугацааг 2017 оны есдүгээр сарын 01-ний өдөр болгон өөрчилсөн юм. Үүний дараа хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлал болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцууллаа. Хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, хүний халдашгүй байх эрхийг хангах, гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэгтэнд тооцохгүй байх, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, шүүх, шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах, шүүн таслах ажиллагааг талуудын эрх тэгш байдал, мэтгэлцээний үндсэн дээр явуулах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зэрэг зарчмуудыг хэрэгжүүлэх үндэслэл, нөхцөл, журмыг тогтоон энэ хуулийн төслийг боловсруулжээ. 
Хууль санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд ажлын хэсгээс асуулт асуун тодруулга хийж, санал хэлсний дараа төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг гишүүд 78.6 хувийн саналаар дэмжлээ. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатараар ахлуулан байгуулахаар шийдвэрлэсэн юм. 
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлал болон холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Засгийн газраас өргөн мэдүүлсэн тус хуулийн төслийн талаарх илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцууллаа. 
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлал болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан байр сууриа илэрхийлж, саналаа хэлэв. Хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь дэмжив. 

Үргэлжлүүлэн Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 06 дугаар тогтоолоор байгуулагдсан Оросын холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэхээр товлоод байв. Харин байнгын хорооны хуралдаанд оролцох “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-ийн төлөөлөл нэг өдрөөр хойшлуулах хүсэлт хүргүүлсэн талаар танилцуулаад Байнгын хорооны дарга горимын санал гаргав. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүд 69.2 хувийн саналаар дэмжсэн юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл