УИХ-ын Тамгын газрын ажилтнууд төрийн одон, медалиар шагнууллаа

  2018-02-15 12:22  345

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 14 дүгээр зарлигаар Алтан гадас одонгоор шагнагдсан УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Сэрээтэрийн Доржханд, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан Эдийн засгийн байнгын хорооны ажлын албаны референт Гомбо-Очирын Баярмаа нарт УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өнөөдөр (2018.02.15) шагналыг нь гардуулж, баяр хүргэлээ.

Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон шагнал гардуулж, хэлсэн үгэндээ “УИХ-ын Тамгын газарт олон жил үр бүтээлтэй ажиллаж буй ажилтнууддаа Төрийн дээд одон, медалиар шагнагдсан тань баяр хүргэе. Эрүүл энх, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, угтан золгож буй арвандолоодугаар жарны “Тийн унжлагат" хэмээх шороон /шар/ нохой жилдээ элбэг хангалуун, итгэл дүүрэн, цог хийморь бадрангуй байхын өлзийт ерөөлийг дэвшүүлье” гэлээ.

Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Сэрээтэрийн Доржханд нь УИХ-ын Тамгын газарт ажил, хөдөлмөрийн гараагаа 1992 онд Эдийн засгийн байнгын хороонд нарийн бичгийн дарга, референт, зөвлөхөөр эхэлж байсан бол 2009 оноос эдүгээг хүртэл Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөхөөр ажиллаж байна.

Эдийн засгийн байнгын хорооны ажлын албаны референт Гомбо-Очирын Баярмаа нь анх 2005 онд Дэд бүтцийн байнгын хороо гэж байхад зохион байгуулагчаар ажиллаж байсан ба 2009 оноос Эдийн засгийн байнгын хороонд шинжээч, зохион байгуулагч, референт гэсэн албанд тус тус ажиллаж иржээ.


Шагнал гардуулахад УИХ-ын Тамгын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан, Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтсийн дарга Л.Хосбаяр, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал нар байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



  2018-02-15 12:04  345