Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

  2018-11-16 18:37  313
Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

    УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.11.16) нэгдсэн хуралдаан 10 цаг 05 минутад гишүүдийн 50.7 хувийн ирцтэйгээр эхэлж, Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг  Пүрэв (2018.11.15) чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдааны төгсгөлд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Г.Занданшатар, төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. 

    Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд санал хураалт явуулахад Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

    Иймд төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэхээр шийдвэрлэлээ. Дараа нь УИХ-ын дарга М.Энхболд “Пүрэв гарагт “Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай” УИХ-ын тогтоолын төслийг  өргөн мэдүүлсэн. Түүнчлэн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиуд, УИХ-ын тогтоолуудад Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсантай холбогдуулан зарим Байнгын хороо хуралдах шаардлагатай болсон. Иймд нэгдсэн хуралдааныг түр завсарлуулж, Байнгын хороодыг хуралдсны дараа үргэлжлүүлнэ” хэмээн танилцуулснаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


  2018-11-16 18:00  313