БОХХААБХ-ны гишүүд Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзаж, санал солилцов

  2022-05-18 08:02  160

Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн Г.Тэмүүлэн, Т.Аубакир, Д.Өнөрболор нар өнөөдөр /2022.05.18/ Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзаж, байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд Дэлхийн банкны Хөдөө аж ахуй, хүнсний салбар хариуцсан менежер Дина Умали-Дайнингер “Ногоон, өрсөлдөх чадвартай хөдөө аж ахуй төслийн талаар танилцууллаа. Тэрбээр, уг төслийг Олон улсын хөгжлийн нийгэмлэгийн хөнгөлөлттэй зээлээр зургаан жилийн хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлэх боломжтой. Эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн голлох бүс нутаг болох Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Орхон, Булган, Өвөрхангай аймаг болон Улаанбаатар хотод хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэв.


Түүнчлэн, “Бидний танилцуулж буй төсөл хөдөө аж ахуйн болон мал аж ахуйн салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх замаар экспортын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, цаг уурын өөрчлөлтөөс хамаарсан болзошгүй байгалийн гамшигт тэсвэртэй ХАА болон МАА-н салбарыг хөгжүүлэх, мөн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зэрэг үр ашигтай. Энэ төсөл нь өргөн хүрээг хамарсан том төлөвлөгөө гэж хэлж болно” гэлээ.

Улсын Их Хурлын гишүүд уг төсөл нь манай орны хөдөө аж ахуйн салбарт ажлын байр нэмэгдүүлэх, мал аж ахуйн болон газар тариалангийн зохистой байдлыг хангах зэрэг нь Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар болон мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх урт хугацааны бодлогын зорилттой нийцэж байгааг тэмдэглэж байв. Иймд Байнгын хороон дээр танилцуулж, дэмжиж ажиллахаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  2022-05-18 20:26  160