Цэс

Холбоо барих

"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2016 оны 08 дахь дугаарын тойм

Эмхэтгэлийн шинэ дугаарт, Зөрчлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль түүнд холбогдох бусад хуулиудыг нийтэллээ.

Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд энэ хуулийн зорилго оршиж байна.

Уг хуульд,

·Зөрчил, түүний шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно.

·Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэлийн төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно.

·Үйлдэл, эс үйлдэхүй, үйл ажиллагааг зөрчилд тооцсоныг мэдэлгүй үйлдсэн нь тухайн хүн, хуулийн этгээдийг шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

·Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэсэн хууль ёсны зарчмыг баримтлахаар заажээ.

Уг хуулиар,

·Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэлийн төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна.

·Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна гэсэн шударга ёсны зарчмыг баримтлахаар  байна.

             Мөн Зөрчлийн тухай хууль үйлчлэх нутаг дэвсгэр, хугацаа, хөөн хэлэлцэх хугацаа ямар байх, зөрчил үйлдсэн, шийтгэл оногдуулах үндэслэл ямар байх, албадлагын арга хэмжээ ямар тохиолдолд хэрэглэх зэргийг хуульчилж өгсөн байна.

            Дээрх хуулиар, Хүн амын эрүүл мэнд, орчны аюулгүй байдлыг хамгаалах журмын эсрэг, Байгаль орчныг хамгаалах журмын эсрэг, Нийтийн ёс суртахуун, хэв журмын эсрэг, Нийтийн өмчийн талаар тогтоосон журмын эсрэг, Аж ахуйн үйл ажиллагааны журмын эсрэг, Үнэт цаас, банк, санхүү, гааль, татварын журмын эсрэг, Барилга үйлдвэрлэл, эрчим хүчний журмын эсрэг, Хөдөө аж ахуйн журмын эсрэг, Мэдээлэл, харилцаа холбооны журмын эсрэг, Тээврийн хэрэгслийн ашиглалт, хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг, Төрийн албаны хэвийн үйл ажиллагааны эсрэг, Төрийн байгууллагын эсрэг зөрчилд  тус тус юуг  тооцох, тэдгээрийг зөрчсөн тохиолдолд ямар шийтгэл оногдуулах талаар нарийн тусгасан байна. Энэ хуулийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн  дагаж мөрдөнө.

            Эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг нийтэллээ. Түүгээр, ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн хөрөнгийг хэрхэн бүрдүүлж, удирдах түүний дотор сангийн хөрөнгө, орлого нь ямар эх үүсвэрээс бүрдэх, сангийн хөрөнгө оруулалт, зарцуулалт, тайлагнал ямар байх, Улсын Их Хурал сангийн төсвийг ямар үзүүлэлтээр батлах зэргийг хуульчилсан байна.

            Эмхэтгэлд нийтлэгдсэн Тариалангийн тухай хуулийн зорилго нь тариалан эрхлэх, тариалангийн бүс нутгийг тогтоох, тариалангийн газрыг зүй зохистой ашиглах, хөрсийг хамгаалах, сайжруулах, тариалангийн болон эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийг хослуулан хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байна.

Мөн дугаарт, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тээврийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай зэрэг хуулийг тус тус нийтэллээ.

            Түүнчлэн  Зөрчлийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай, Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай, “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолоос гадна Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай тогтоолыг  нийтэллээ. Энэ тогтоолоор, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших стратегийн ач холбогдол бүхий  Гацууртын ордын төрийн эзэмшлийн хэмжээг 34 хувиар тогтоож,  төрийн эзэмшлийн энэ хувийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч талтай хэлэлцээ хийж шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т зөвшөөрчээ.

            Эмхэтгэлд нийтлэгдсэн Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 батлах тухай тогтоолоор,

·Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт тусган үе шаттайгаар хэрэгжүүлэх;

·Монгол Улсын Их Хурал болон Засгийн газраас баталсан үндэсний хэмжээний болон салбарын, салбар дундын хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдийг энэхүү үзэл баримтлалд нийцсэн эсэхийг 2016 онд багтаан хянаж, шаардлагатай тохиолдолд шинэчлэн боловсруулах;

·Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх байнгын бүтэц, тогтолцоог бий болгох;

·Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хэрэгжилтийн байдалд хоёр жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж Монгол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороонд танилцуулж байх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т үүрэг болгожээ.

Энэ үзэл баримтлалыг хэрэгжүүлснээр Монгол Улс 2030 онд,

·нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 17500 америк долларт хүрч, нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрнэ.

·Эдийн засгийн жилийн дундаж өсөлт 2016-2030 онд 6.6 хувиас доошгүй байна.

·Ядуурлын бүх төрлийг эцэс болгоно.

·Орлогын тэгш бус байдлыг багасгаж, нийт хүн амын 80 хувь нь дундаж болон чинээлэг дундаж давхаргын ангилалд багтсан байна.

·Суурь болон мэргэжлийн боловсролд хамрагдалтын түвшинг 100 хувьд хүргэж, насан туршийн боловсролын тогтолцоог бүрдүүлнэ.

·Монгол хүний эрүүл, урт удаан амьдрах нөхцөлийг хангаж, дундаж наслалтыг 78-д хүргэнэ.

·Хүний хөгжлийн өндөр үзүүлэлт бүхий эхний 70 орны нэг болно гэсэн зэрэг түвшин, үзүүлэлтэд хүрэхээр тусгасан байна.

Энэ бодлогын баримт бичигт, Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтуудыг тодорхойлж, үзэл баримтлалын хэрэгжилтийн явцыг 20 үндсэн үзүүлэлтээр тодорхойлж үнэлэх ажээ.

Эмхэтгэлийн шинэ дугаарт зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай, Монгол Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс эгүүлэн татах тухай Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтэллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл