Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо баталгаажуулан Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 97 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
Улс тунхагласны энэ өдөр хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдаж байна. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар бөхийн барилдааныг нээж хэлсэн үгэндээ “Өдгөөгөөс 97 жилийн тэртээх энэ өдөр Монгол Улс түүхэндээ Анх удаа Үндсэн хуультай болсон. Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг Үндсэн хуулиараа баталгаажуулсан учраас Анхдугаар Үндсэн хууль тусгаар тогтнолын үнэ цэнэтэй юм. Тиймээс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан энэ өдөр бол монголчууд бидний тусгаар тогтнолоороо, улс үндэстнээрээ бахархах бас нэгэн Монгол бахархлын өдөр гэж хэлж болно. Бүрэн эрхт, тусгаар тогтносон, ардчилсан Монгол Улсынхаа Үндсэн хуулийг хүн бүр танин мэдэж, сахин мөрдөж, Монгол эх орноо сэргээн мандуулахын төлөө хамтран зүтгэхийг Монголынхоо нийт ард түмэнд хандан уриалъя” хэмээн онцлов.