Цэс

Холбоо барих

ШҮҮХ БАЙГУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛ БОЛОН “ШҮҮГЧИЙН ОРОН ТОО БАТЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БЭЛТГЭСЭН ТАЛААРХ ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ТАНИЛЦУУЛГА

2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр                                                                                    Улаанбаатар  хот


Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн   Р.Гончигдорж

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,    

Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Шүүгчийн орон тоо батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хэлэлцээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ. 

Хууль зүйн байнгын хороо 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дараах танилцуулгыг нэгдсэн хуралдаанд танилцуулж байна. Үүнд:

Нэг. Чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн асуудлыг хуулийн төсөлд бүрэн тусгаж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хувилбарыг боловсрууллаа.  

Тухайлбал, нутаг дэвсгэрийн ойр дөт байдал, хүн амын нягтаршил, хэргийн ачаалал зэргийг харгалзан Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүх нь Хэнтий аймгийн Хэрлэн суманд байрлахаар, Дорноговь аймгийн Иххэт сумыг сум дундын 29 дүгээр шүүхийн харъяалалд, Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан сумдыг сум дундын 6 дугаар шүүхийн харъяалалд тус тус шилжүүлэхээр төсөлд тусгалаа. 

Түүнчлэн хуулийн төсөлд Хөвсгөл аймагт эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шинээр байгуулах, үүнтэй холбогдуулан Хөвсгөл аймагт эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх тус бүр Ерөнхий шүүгч 1, шүүгчид 8 байхаар орон тоог нь тогтоолоо. 

Мөн захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүх /Булган аймаг/ -ийг сум дундын 12 дугаар шүүхтэй /Орхон аймаг/,  сум дундын 15 дугаар шүүх /Сэлэнгэ аймаг/-ийг сум дундын 7 дугаар шүүх /Дархан-Уул аймаг/-тэй тус тус нэгтгэлээ. 

Хоёр. Хуулийн төслийн нэр томъёог 2012 оны 03 дугаар сарын 7-ны өдөр батлагдсан Шүүх байгуулах тухай хуультай нийцүүлж жигдлэн, төслийн зүйл, заалтын зарим дугаар болон захиргааны хэргийн анхан шатны шүүхүүдийн дугаарыг өөрчилж, найруулгын шинжтэй зарим засварыг хийсэн болно.  Тухайлбал, хуулийн төсөлд Иргэний болон Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2 дугаар шүүхийн нутаг дэвсгэрийн харъяалалд Дундговь аймгийн Баянжаргалан, Цагаандэлгэр сумдыг харъяалуулсан тул Иргэний болон Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүхийн нутаг дэвсгэрийн харьяаллыг тодотгох   зорилгоор Дундговь аймгийн Баянжаргалан, Цагаандэлгэр сумдаас бусад засаг захиргааны нэгжийг гэж  тусгалаа.

Гурав. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаас төслийн анхны хэлэлцүүлгээр санал хураан шийдвэрлэсэн зарим зүйл, заалтыг тодорхой болгох, хуулийн зүйл, заалтын дотоод уялдааг хангах, бусад хуулиудтай нийцүүлэх шаардлагын дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасныг үндэслэн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд дараах асуудлыг санал хураан шийдвэрлэж хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн болно. Үүнд: 

1.Хуулийн төслийн Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхийн болон Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхийн нутаг дэвсгэрийн харъяалалд Төв аймгийн Эрдэнэсант сумыг нэмэх.

2.Хуулийн төслийн Сум дундын 6 дугаар шүүхийн нутаг дэвсгэрийн харьяалалд Дундговь аймгийн Цагаандэлгэр, Баянжаргалан сумдыг нэмэх.

3.Тогтоолын төслийн 2 дугаар хавсралтын Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүх /Дархан-Уул аймаг/ болон Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүх /Орхон аймаг/-ийн орон тоог Ерөнхий шүүгч тус бүр нэг, шүүгч тус бүр 4 гэж өөрчлөх. 

4.Шүүх байгуулах тухай хуулийн хүчин төгөлдөр болох хугацааг 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гэж тогтоох.

Мөн  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалтад заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Р.Бурмаа нар хуулийн төслийн Иргэний хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхийн болон Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхийн байрших газрын нэрийг Дорнод аймгийн Хэрлэн сум болгон өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн болно.

Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Шүүгчийн орон тоо батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол болон эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хууль, тогтоолын төслийг Та бүхэнд тараасан болно.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Байнгын хорооноос оруулсан зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцэн шийдвэрлэж, Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Шүүгчийн орон тоо батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталж өгөхийг хүсье.

 

Анхаарал тавьсанд баярлалаа.

 

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА                                                         Ш.ТҮВДЭНДОРЖ
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл